Ярилцлага

ХӨХНИЙ ТӨВ: Хожуу төрөлт, хүүхдээ хөхөөр хооллохгүй байх, сүлжээний эм хэрэглэх зэрэг нь хөх өвчлөх нөхцөлийг бүрдүүлдэг

Үүд хаалгаа нээгээд нэг жил болж буй Хөхний эрүүл мэндийн төвийг зорьж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хамгийн чухал асуудлын нэг болох хөхний эрүүл мэндийн талаар тус эмнэлгийн эмчтэй ярилцсан юм.

Биднийг эмнэлэгт очиход хэд хэдэн хүн ээлжээ хүлээн сууж байлаа. Тэдний  хоёр нь төрснөөс хойш хөхөнд нь буглаа үүсч энд эмчлүүлэхээр иржээ. Түүнчлэн эрэгтэй хүн үүдний хүлээн авах хэсэгт бүртгүүлж зогсох нь анхаарал татсан юм. Бидэнтэй ярилцсан эмч манай эмэгтэйчүүд хөхний эрүүл мэндийн талаар мэдлэг их хомс байгаа нь дэндүү харамсалтай хэмээн тодотгосон юм.

-ХӨХНИЙ ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-


-Хөхний эрүүл мэнд гэдэг бол маш чухал асуудал шүү дээ. Гэвч энэ асуудлыг хувь хүн талаас ч, эрүүл мэндийн салбараас ч анхаардаггүй гэж ойлголоо?

-Тийм ээ, манай улсаас бусад хөгжингүй орнуудад Breast care center, breast care hospital буюу хөхний эрүүл мэндийн төв, хөхний эрүүл мэндийн эмнэлэг гэх нэрээр төрөлжсөн ажилладаг. Гэвч манай улсад хөхний чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг огт байдаггүй байлаа. Бүр энэ чиглэлээр ажиллах боловсон хүчин маш цөөн байдаг нь харамсалтай. Эмэгтэйчүүд маань өөрсдөө ч эмнэлэгт голцуу сав, умайн хүзүүгээ үзүүлчихээд хөхний эрүүл мэндийн асуудлаа тоохгүй, орхигдуулаад байдаг. Гэтэл сүүлийн үед манай улсад хөхний өвчлөл, хавдар зэрэг нь улам нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр цаашид нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Дэлхий нийтэд энэ өвчлөл нь нилээд өндөр байдаг л даа. Европын орнуудын хөхний өвчлөл эмэгтэйчүүдийн хувьд нэгдүгээрт явж байна шүү дээ. Ялангуяа Австри, Герман зэрэг орнуудад нэг номерт явж байна.

-ХОЖУУ ТӨРӨЛТ БОЛОН ХҮҮХДЭЭ ХӨХӨӨР ХООЛЛОХГҮЙГЭЭС ХӨХНИЙ ӨВЧЛӨЛ ҮҮСДЭГ-


-Хөхний асуудлаар өвчлөхөд нөлөөлөх гол хүчин зүйл, өвчин үүсэх шалтгаан нь юу байна вэ?

-Хожуу төрөлт, дааврын асуудал зэрэг олон хүчин зүйл байдаг ч нийгмийн хүчин зүйл илүү ихээр нөлөөлөөд байна л даа. Эмэгтэй хүмүүс нийгэмд эзлэх байр сууриа илүү давамгай болгохын тулд гэр бүл зохиохгүй байж, хожуу төрөх, буруу хооллож, гормоны эм бэлдмэл, сүлжээний бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болж. Түүнчлэн энэ цаг үед залуу ээж нар хүүхдээ хөхөөрөө хооллохоо больчхоод байна шүү дээ. Энэ нь хөх өвчлөх нөхцөлийг бүрдүүлдэг.

-Монгол эмэгтэйчүүдийн хөхний өвчлөл сэдвээр хийсэн судалгааны мэдээлэл танд байна уу?

-Эмэгтэйчүүдийн хөх горьдохоос эхлүүлээд хортой, хоргүй хавдар хүртэл олон төрлийн өвчнөөр өвчлөх болсон. Улсын хэмжээнд зөвхөн хөхний хорт хавдрын оношоор хэчнээн хүн бүртгэгдсэн, хэддүгээр үе шатан дээрээ байгаа вэ, тухайн онош дундаас хэд нь нэг жилийн хугацаанд нас барсан байна вэ зэрэг тоон үзүүлэлт л гардаг. Түүнээс нарийвчилсан байдлаар хөхний бүхий өвчлөлийг тодорхойлдоггүй. Зөвхөн хөхний хавдрыг л тодорхой байдлаар статистикаар мэдээлдэг болохоос бусад өвчлөлийн талаар хийсэн судалгаа байдаггүй.

-Хөхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэх ёстой вэ?

-Хөхний хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болоод эрсдэл дагуулдаг зүйлсийн талаар мэдээлэлтэй байх нь чухал. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх шаардлагатай.

-40 НАСНААС ЭХЛЭХ ХӨХНИЙ ҮЗЛЭГТ ОРОХ ШААРДЛАГАТАЙ-


-Хэдэн наснаас эхлэн, хэдий хугацааны давтамжтайгаар дээрх үзлэгт орох шаардлагатай вэ?

-Олон улсын жишгээр эмэгтэй хүн 40 наснаас эхлэн хоёр жилд нэг удаа, 45-аас дээш насныхан жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх ёстой байдаг. Эмэгтэйчүүд энэ үзлэгээс их төвөгшөөгөөд байх шиг анзаарагддаг. Гэхдээ энэ нь их хялбар шүү дээ. Хөхний эхо-д орно, маммографикийн зураг авахуулна, мөн эмчийн бодит үзлэг хийгдээд л болно. Хэрвээ ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илэрвэл цаашаа лавлах эмчилгээ хийгдэнэ, мөн шаардлагатай гэвэл хөхнөөс эдийн шинжилгээ авна.

Эхний ээлжинд хийгдэх урьдчилан сэргийлэх шинжилгээ цөөхөн тул эмэгтэйчүүд маань төвөгшөөлгүй заавал өгөх ёстой юм шүү. Энэ нь асар их ач холбогдолтой шүү дээ. Хүн ямар нэгэн өвчин тусахаасаа өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор мөнгө төлдөг ч өвдсөний дараа тэр мөнгөө 11 дахин нугалж, илүү их зардал гаргадаг гэсэн тооцоо бий. Өвдөхөөсөө өмнө шинжилгээнд хамрагдаад явна гэдэг маань өвдсөнийхөө дараа эмчилгээ хийлгэснээс харьцангуй бага мөнгө зарцуулна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хүмүүс машинаа жил болгон оношилгоонд оруулдаг шүү дээ, яг түүн шигээ өөрөө өөртөө анхаарал тавьж эрүүл мэнддээ анхаардаг болоосой.

-Эмэгтэйчүүд маань хөхний эрүүл мэндтэй холбоотой ямар нэг шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд хэрхэх ёстой вэ? Цахим орчимд хөхөн дотор минь чулуу шиг хатуу юм байгаад байна, маш их хүндүүртэй байна, хаана хандах ёстой вэ зэрэг асуултыг сэтгэгдэл байдлаар их ирүүлсэн байсан.

-Янз бүрийн буглаа, бэрсүү үүсэх нь их элбэг тохиолддог. Зарим нь хүндүүртэй зарим нь үгүй. Эмэгтэйчүүд маань миний хөхөнд нэг хатуу юм байдаг юм, Хэмжээ нь хэвэндээ л байж байдаг юм зэргээр тоодоггүй тохиолдол цөөнгүй. Харин цахим ертөнцөөр асуулт ирүүлсэн эмэгтэйчүүдэд тэр болгон гаднаас нь онош өгөх хэцүү шүү дээ. Хэрвээ ямар нэг зовиур өгөөд байгаа л бол шууд л мэргэжлийн эмнэлэгт хандаад маш зөв шинжилгээ өгөх шаардлагатай. Шууд хатгаад л эдийн шинжилгээ өгөх нь тохиромжгүй. Эхлээд эход харна, дараа нь маммографикийн шинжилгээ авна ингэсний дараагаар эдийн шинжилгээг авдаг. Энэ эдийн шинжилгээг хатгаж авдаг учир бага зэргийн зовиуртай. Тиймээс юу юугүй толгой мэдэн хатгаад эдийн шинжилгээ хийж болохгүй, сэжигтэй тохиолдолд л хийх шаардлагатай.

-Зарим эмэгтэйчүүд маань хөхөнд нь ямар нэг өөрчлөлт орлоо гэхэд бариа хийлгэх, домнох зэрэг уламжлалт аргаар эмчлэх гээд байдаг?

-Тийм ээ, уламжлалт аргаар эмчлэх гэсэн эмэгтэйчүүд цөөнгүй. Үүнийг үгүйсгэж болохгүй ээ. Гэхдээ одоо цагт хүний эрүүл мэндийг эрхэмлэж нэгт тавих бус ашгийн сонирхолтой газрууд олон байх болсон байна билээ. Хөхөнд маань нэг зүйл байгаад байна гээд очиxод хэд хоног илэхээр алга болчихно гэх зэргээр хуурч мэхлэн янз бүрийн аргаар эмчилгээ хийж байна гэх нэрийн дор тухайн хүний цагийг маш ихээр бардаг.

-ЭРЧҮҮД Ч ХӨХНИЙ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ-


-Хөхний өвчлөл удамшдаг уу?

-Шууд удамшихгүй ч удамшимтгай гэж хэлж болно. Хөхний хавдартай байж байгаад хүүхэд төрүүлэх юм бол хүүхдийн генийн амин хүчлийн дараалалдаа өвчлөлийн мэдээллийг агуулаад төрдөг. Тэгэхээр шууд удмын өвчин биш гэсэн үг. Удмын өвчин нь генээр үеэс үед дамждаг шүү дээ. Удамшимтгай гэдэг нь магадлалтай л гэсэн үг.

-Хөхний төвд хандагсдаас хавдрын өвчлөлийн тохиолдол олон уу?

-Манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 3800 гаруй үйлчлүүлэгчдэд оношилгоо, зөвлөгөө эмчилгээ үзүүлсэн. Үүнээс гуч орчмоос нь эдийн шинжилгээ авахад хорт хавдар болох нь тогтоогдож, ХСҮТ-рүү шилжүүлсэн. Ингэснээр ямар нэг байдлаар эмчилгээ хийгдсэн байгаа.  Энэ нь маш өндөр тоо шүү дээ.

-Эрчүүд хөхний асуудлаар өвчилдөг үү?

-Цөөн тохиолдолд эрчүүд ч энэ асуудлаар өвчилдөг. юманд цохих, хэт ширүүн хувцас өмссөнөөс хөхний толгой нь үрэгдэж, хавдах зэрэг гадны нөлөө бүхий олон шалтгааны улмаас эрчүүд хөхний асуудлаар өвчлөх нь бий. Манай төв нээгдсэнээс хойш 3,4 эрэгтэй хөх нь хавдчихсан гээд үйлчлүүлж байсан.

-Уншигчдад зөвлөгөө өгвөл?

-Урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх нь хамгийн чухал юм шүү. Түүнчлэн маргааш буюу тавдугаар сарын таванд Ягаан алхалт гэх өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ нь хөхний хавдартай тэмцэх зорилготой юм л даа. Өдөрлөгт хөхний хавдраас хэрхэн сэргийлэх талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөө болон гэрийн аргаар хөхөө өөрөө шалгах арга зэргийг заана. Үйл ажиллагаа Улсын Драмын эрдмийн Театрын урд талбайд 10 цаг 30 минутаас 14 цаг хүртэл үргэлжлэнэ.       

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.