Үйлдвэрлэгч

ГҮЗЭЭЛЗГЭНИЙ ХҮЛЭМЖ: Химийн бодисгүй орчин тул давхар ЗӨГИЙ ҮРЖҮҮЛДЭГ

Монголд дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг байгуулан ажиллуулж яваа “Асралт” компанийг “Үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.  Тус компанийн захирал, “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын  тэргүүн Х.Алтанцацралттай ярилцлаа.

-АЖИЛЧДАА ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ ТЭЖЭЭХ ЭХ ҮҮСВЭРГҮЙ УДААН ЯВСАН-


-Танай компанийн  болон ТББ-ын нэрийг мэдэхгүй хүн бараг байхгүй байхаа. Хэдэн жил болчихов?

-Сүүлийн арав гаруй жилийг яг энэ салбарт зориулж бүтээх гэж мөрөөдөж, хичээж, зүтгэж явна. “Мөнх ногоон амьдрал” ТББ байгуулаад иргэдэд экологийн боловсрол олгох, орчиндоо мод бут зүлэг тарьж амьдрах  зорилго чиглэлээр мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж эхэлсэн.  2006 оноос мод үржүүлгийн ажилдаа ханцуй шамлан орж хавар, намартаа хотын цэцэрлэгжүүлэлт ойжуулалт мод бут бэлтгэж зүлэгжүүлж олон жил явсан. Энэ үеэрээ жаахан хэдэн төгрөг олно. Тэгээд газар хөлдөхөөр хэдэн модныхоо үрсэлгээг усалчихаад суугаад авна. Ажилчдаа  жилийн дөрвөн улирал тэжээх эх үүсвэргүй удаан явсан даа.  


-Та өмнө нь ярьсан байсан. Би барилга руу, уул уурхай руу ч орох боломж байсан гэж. Гэвч...?

-Тийм ээ. Хэдэн хүүхэд цуглуулаад барилгын ажил руу орох эсвэл алт, чулуу гээд явж болно л доо. Гэвч би өөрөө биологич, байгалийн мэргэжилтэй учраас ухдаг уурхайн үр дагавар, бэлчээр нутгийг цөлжилт, энд тэндгүй сэндийлж хордуулсан газар нутагаа харахад өр өвдөж байсан. Ингээд зайлшгүй шаардлагаар жилийн дөрвөн улиралд ажилтай орлоготой байхын тулд өвлийн хүлэмж гэдэг юмыг судалсан. Бүх хүйтэн газраар явж өөрийн орын нөхцөл байдалтай харьцуулж судлаад өөрийн гэсэн онцлогтой хүлэмжийн аж ахуйг бий болгосон юм.

-Манай улсад өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг цөөн хэдхэн тариаланч байна. Бараг ихэнх нь нарлаг хүлэмж гэж онцлох юм. Таных?

-Шалгарсан арга л даа. 365 хоног нар гардаг нарлаг оронд нарныхаа дулааныг түшиглэх хамгийн зүйтэй. Би ТББ-аа түшиглэн явуулдаг хүлэмжийн фермер сургалт, эко аяллын хүрээнд Хятадын бараг бүх мужаар явсан. Их ч юм сурсан, олон ч хүнийг хамруулсан. Үүний үр дүнд одоо жилийн дөрвөн улиралд орлоготой,16 хүнийг ажлын байраар хангаад явж байна.