Сурвалжлага, нийтлэл

ХАРДЛАГА: Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт зориулан, Ш.Раднаасэд ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаанд өөрчлөлт оруулжээ

-ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН АВЛИГА АВСАН БАЙЦААГЧ 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛААД ӨНГӨРӨВ-

Хоёр жил гаруйн өмнө АТГ-аас тусгай ажиллагаа явуулж, МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын орон гэр, албан тасалгаанаас 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр хураан авч байв.

Үүнтэй холбогдуулан Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 25 албан тушаалтанг хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл өгөхдөө хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг.

Уг асуудал хоёр жил гаруй хугацаанд хуулийн байгууллагууд дээр шалгагдаж, прокуророос тэднийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Гэтэл 2019.05.06-ны өдөр шүүхээс уг хэргийг ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

Олон нийтийн зүгээс мэргэжлийн хяналтын байцаагчдын орон гэр, албан тасалгаанаас тэрбум шахуу төгрөг  олдчихоод байхад шүүх ийм шийдвэр гаргасанд ихээхэн дургүйцсэн билээ. Дээрээс нь авлига өгсөн ААН-үүд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, шалгагсад хүртэл зарим мөрдөн байцаалтын үед хахууль авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн гэх яриа байдаг.


МӨР:Ш.РАДНААСЭД ГИШҮҮН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ЗАСАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖЭЭ

Үзүүт, харуут зүйл дээр шүүхийн байгууллага яагаад хэргийг хэрэгсэхгүй болгов гэдэг асуултын мөрөөр явахад анхаарал татахуйц асуудлууд хэд хэд гардаг билээ. Энэ хэрэг дээр шүүхийн байгууллагыг шударга бус ажиллалаа гэсэн шүүмжлэл ч их явсан. Гэвч яг үнэн хэрэгтээ ШҮҮГЧДЭДЭЭ БУС ХУУЛИНДАА байгаа билээ.

Тодруулбал, шинэ Эрүүгийн хуулиар тухайн хэрэг шүүхээр ортол хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй байхаар зүйчилсэн. Засгийн газраас гэмт хэрэг илэртэл хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй байхаар хуулийн төслөө боловсруулсан байдаг. Гэтэл хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дээр Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тэргүүтэй гишүүдийн саналаар өөрчилжээ. Ингэхдээ дэгийн хууль зөрчим, амаар санал гаргаад л баталчихсан байна.

Тухайн үеийн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Хууль ингээд батлагдчихсан учраас шүүхээс Н.Баярсайханыг 40 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах хугацаанд нь хориг тавьж, Э.Аззаяа хийгүй мултарсан. Шүүгчид эрүүгийн хуулийн мөнгө угаах зүйл ангийн хамгийн хөнгөн шийтгэлийг Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт ногдуулсан болоод өнгөрөв.

Дахин өгүүлэхэд, нэг тэрбум орчим төгрөгийн хахууль авсан гэгддэг байцаагчид 40 сая сая төгрөгөөр торгуулаад өнгөрөв.


ХАРДЛАГА:Э.АЗЗАЯАГ “Ш.РАДНААСЭДИЙН НЭРИЙГ ХЭЛБЭЛ АМЬДРАЛТАЙ ЧИНЬ ЯРИНА ШҮҮ” ГЭЖ ДАРАМТАЛДАГ БАЙСАН УУ

Энэ хэргийг шалгаж эхэлснээс хөшигний ард Ш.Раднаасэд гишүүнийг ихээхэн айдастай байгаа талаар яригддаг байв. Учир нь, Ш.Раднаасэд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МХЕГ-ын даргаар хэсэг ажилласан. Тэрээр Э.Аззаяатай гол ажлуудаа ярьж, мөнгө босгодог байсан гэх яриа бий. Улмаар Н.Баярсайхан нь Ш.Раднаасэдийн ангийн хүүхэд билээ.

Нэгэн үес “HIFI recoders”-ийн эзэн байсан Н.Баярсайхан “Хувийн хэвшил ашиг муутай байна. Төрд орж мөнгө хийнэ” гэж ярьдаг байсан гэх. АТГ-ын явуулсан ажиллагааны Н.Баярсайханы гэр, албан тасалгаанаас их хэмжээний мөнгө олдсон байдаг. Тэрбээр эхнэртээ төрсөн өдрөөр нь үнэтэй машин бэлэглэсэн зэрэг үлгэр домог шиг зүйлүүд хөшигний ард яригддаг.

Харин Э.Аззаяагийн хувьд эх сурвалжууд “Саатуулагдан шалгагдаж байхад нь тусгай хүмүүс “Чи Ш.Раднаасэдийн нэрийг  хэлбэл амьдралтай чинь ярина шүү. Хоёр хүүхдэд тань муу” гэхчлэн дарамталдаг байсан гэх мэдээллийг өгдөг. Улмаар “Тэр мөнгийг би бүгдийг нь авдаггүй байсан. Ш.Раднаасэд авдаг байсан” гэж ярьсан гэх мэдээлэл ч бий.

Ш.Раднаасэд гишүүн энэ бүх мэдээллийг тэрээр үгүйсгэж, “Би тэднийг шалгагдаж эхэлсэн цагаас нь хойш уулзаагүй” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.

Ш.Раднаасэд гишүүний энэ мэт байдлаас үүдэж, хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах талаар Ц.Нямдорж дэд сайд асан Б.Энхбаярыг  өрөөндөө дуудаж загнасан гэдгийг сэтгүүлчид сөхөж буй юм. Энэ мэтээр “Ш.Раднаасэд гишүүнд хуулийн хамгаалалт үүсгэх асуудал Ц.Нямдорж сайд идэвхийлэн оролцсон. Тиймээс үгнээс нь гардаггүй” гэж намынхан нь ярьдаг.

Ж.МЯДАГБАДАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түлхүүр үгс

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (18)

  1. Уг нь их хэмжээний хохирол учруулсан, онц их хэмжээний хохирол учруулсан гэж хүндрүүлж шийтгэдэг байсныг өөрчлөөд өөрсөддөө ашигтай болгосон ш дээ.

USD

Close
Close