Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Технологийн сайжруулалт ЗӨВХӨН үйлдвэрлэлийн түвшинд явагддаг

-МАНАЙ САВХИН ҮҮРГЭВЧ ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН- 


Энэ удаагийнхаа зочноор арьс, савхин эдлэл үйлдвэрлэгчдийн анхдагчдын нэг дизайнер Т.Одончимэгийн “Орчид” компанийг урилаа. Сайн чанарын гадаад болон дотоодын үхэр, хонь, ямааны савхиар савхин цүнх, эдлэлийг өөрийн хэв маяг, загвар дизайны шийдлүүдийг дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн үйлдвэрлэж худалдан авагчдын талархлыг хүлээсээр тэд 20 жилийг ардаа орхижээ.  ХБНГУ-ын улсын Durkopf Adler, Pfaff, Японы Seiko, БНХАУ-ын сайн чанарын брэндийн оёдлын машин техник болон тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр итали, герман технологийг баримтлан ажилладаг “Орчид”-ынхон бол арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн, ур чадвартай, арвин туршлагатай хамт олон юм. Тэд цүнх, эдлэлдээ сайн чанартай, гарал үүсэл нь тодорхой, хүний эрүүл мэндэд хоргүй БНСУ, Хятад, Чех, Итали улсуудад үйлдвэрлэсэн материал түүхий эд, төмөр тоноглол, цахилгаан, наалт, цавуу, будаг болон туслах материалыг ашиглан үйлдвэрлэж байна. Хатагтай Т.Одончимэгийн яриаг хүлээн авна уу.  


-Шинэ үйлдвэрийн байртай болсонд баяр хүргэе. Үйлдвэр энэ хэрээр өргөжин тэлж байна уу? 

-Бид үйл ажиллагаа эхлээд 20 орчим  жил болсон байна. 2014 оноос ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд арьс ширний салбарын үйлдвэрлэгчдэд бондын эх үүсвэрээс  банкуудаар дамжуулан зээл олгосон. Энэ төслийн хүрээнд үйлдвэрийн шинэ барилга байгууламжийг  барих, үйлдвэрлэлээ сайжруулах, экспортын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэн ажиллах    зорилт тавин ажиллаж байна. 10 гаруй үндсэн ажилтантай. Одоогоор бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл болон Япон улс руу экспортод гаргаж байна. Экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны экспортыг дэмжих  төслийн хүрээнд Япон улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох  төлөвлөгөөт ажлууд хийгдээд явж байна. Үйлдвэрийн маань өнөөдрийн үйл ажиллагаа ийм  байна. 


-Бараа бүтээгдэхүүний онцлогийн тухайд?

- Эрэгтэй ажил хэргийн болон өдөр тутмын цүнх, аяллын төрөл бүрийн цүнх, үүргэвч голлон үйлдвэрлэдэг. Манай улсад дэлхийн олон брэндийн эмэгтэй цүнх боломжийн үнээр худалдаалагддаг учраас эмэгтэй цүнх нэг их хийдэггүй.  Мэдээж хэрэг маш сайн чанарын савхи болон нэртэй фирмүүдийн товч, дэлхийн №1  цахилгаан ҮКК, төмөр тоноглол хэрэглэнэ.  Шинэ загвар гэхээсээ илүүтэй байнга гаргадаг бүтээгдэхүүндээ  тухайн цаг үе хэрэгцээтэй нь уялдуулж байнгын  сайжруулалт хийж нэр төрлийг нь олшруулж  ирлээ.  Онцолбол манай үүргэвч  дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн байгаа. Сая Вашингтон хотноо Дэлхийн банкнаас зохион байгуулагдсан  монголчуудын өдрөөр бараагаа оролцуулахад олон жил үйлдвэрлэж буй үүргэвч, цүнхнүүд маань ихээхэн  эрэлттэй байдаг нь харагдсан.  


-Түүхий эдээ хаанаас авч байна?

-Ихэвчлэн гадаадаас авна.  Байгууллагын, захиалгын,  дотоодын зорилтот зах зээл дээр гаргах  бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг гадаадаас захиална.  БНХАУ-д Италитай хамтарсан арьсны үйлдвэр олон байдаг учраас захиалга хийхэд арай ойр дөхөм байдаг. Дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн арьс шир гүн боловсруулах явц мөн сайжруулалтын шатандаа явж байгаа болохоор одоохондоо шаардлагад сайн нийцэхгүй байна.

-Харамсалтай л санагддаг. 80 сая малтай МАА-н орон арьс ширээ төгс боловсруулж чадахгүй байна гэдэг?

-Аль ч салбарын бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой оршдог. Уламжлалт бэлчээрийн мал бэлчээрлэж явахдаа шивээ ургамалд хатгуулах, гуур  шавж  зэргээс үүдэж арьсандаа амьдын гэмтэл авна. Нядалгааны үед  механик гэмтлээр зүсэгдэнэ, цоорно. Нөгөө талаас малыг эрүүлжүүлэх ажил цогцоороо хийгдэх нь хомс учраас арьс маань ихээхэн гэмтэлтэй байдаг.  Тийм учраас монгол арьснаас зоо хэсгийг л ашигладаг. Арьс ширний асуудалд  малын бэлчээр, малын эрүүл мэнд, асаргаа, вакцинжуулалт дээрээс нь үйлдвэрүүдийн чадавх чадамж гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ер нь аливаа зүйлийг төгс хийхийн тулд сайн технологи, сайн хүний нөөц,  сайн материал, техник тоног төхөөрөмж байх ёстой. Малын арьс шир түүхий эд маань нөхөгдөх баялаг шүү дээ. Тэгэхээр энэ баялгаа баялаг болгож чадах юм бол олон хүн ажилтай орлоготой болно, олон хүний хэрэгцээг сайн бараагаар хангана. Тийм боломжийг бодлогоор зохицуулж бий болгох ёстой. 


-Япон бол өндөр өртөг бүхий зах зээл. Мэдээжийн хэрэг маш сайн сонголтыг санал болгож байж ажил хэрэг амжилттай болох байх?

- Тийм ээ. Японы зах зээл дээр өрсөлдөнө гэдэг  амар ажил биш. Гэхдээ яах вэ, төслийн хүрээнд Япон улсыг зорилтот зах зээл болгож, Японы зэх зээлийн шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бараа бүтээгдэхүүнийхээ сайжруулалтыг  хийж  байна. Эхний ажлуудаа үйлдвэрлэлийн явцад үнэлгээ хийлгэж одоо дараагийн төлөвлөгөөт ажлууд руугаа орж байна.  


-Дотооддоо бол таны хэрэглэгч хэн бэ?

-Бидний зорилтот зах зээл бол арьс, савхин эдлэлийг үнэлж чадах, үнэ өртөг шингэсэн энэ бүтээгдэхүүнийг тогтоосон үнээр нь хүлээн авч үнэлж чадах хэрэглэгчид. Тодорхой хэмжээнд орлоготой, чанарыг эрхэмлэж хэрэглээгээ бий болгодог хүмүүс савхин  цүнхийг  худалдаж авдаг.



-ТӨР ӨӨРӨӨ ИРГЭДЭЭ ГАДААДАД АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛААД БАЙХААР АЖИЛ ХИЙХ ХҮМҮҮС ХОВОРДООД БАЙНА-