Дэлхий

Суданчууд хүссэн зүйлээ авахаас нааш зогсохгүй

Суданчууд гучин жил суусан ерөнхийлөгчөө олон сарын цуцашгүй тэмцлийн дүнд унагаж чадсан. Гэвч иргэд болон цэрэг хүчнийхний хооронд үүссэн хагаралдаан, зэвсэгт мөргөлдөөн хурцадмал хэвээр үргэлжилж, хүний амь хохирсоор байна. Даваа гарагт буюу тавдугаар сарын 13-нд тус улсын нийслэл Хартум хотноо хүчний нэг ажилтан болон зургаан босогч нар амь эрсэджээ. Үйл явдал цэргийн удирдах газрын гадаа болсон бөгөөд энд тэмцэгчид бүрэн иргэний эрхт төртэй болохыг хүсэн жагсаал хийсээр байгаа юм.



Босогчдын зүгээс цэргийнхэн гал нээж мөнөөх зургаан хүний амийг хөнөөсөн төдийгүй олон хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг хэлсэн аж. Харин нөгөө талаас үүнийг үгүйсгэж, “санамсаргүй явдал” байсан хэмээн тайлбарласан тухай BBC мэдээлжээ. Жагсагчид дөрөвдүгээр сарын 6-наас хойш цэргийн удирдах газрын өмнөх талбайг эзлэн суулт хийж буй. Суулт эхэлснээс таван хоногийн дараа ерөнхийлөгч Омар Ал-Башир албан ажлаа өгсөн бөгөөд үүнээс хойш одоог хүртэл Суданчууд цэргийн түр удирдах зөвлөлөөр удирдуулж байна. Анх цэргийн удирдлагынхан болон жагсаал зохион байгуулагчид хоорондын хэлэлцээр эерэг үр дүнд хүрч магадгүй тухай яриа орон нутаг даяар тархаж эхлээд байв. Харин даваа гарагийн амь эрсэдсэн үйл явдал болохоос дөнгөж өмнөхөн хоёр тал хоёул Суданы шинэ засаглалын бүтэц дээр тохироо хийснээ зарласан юм.

BBC-ийн судлаач Аластаир Лэтейд барилга дотор болж байсан хэлэлцээрийг нураах зорилготой гадаа талбайд гал нээж, олны анхаарлыг тогтворгүй байдалтай болгосон хэмээн үзэж буй тухайгаа бичжээ. Жагсагчид үүгээр тэмцлээ зогсоохгүй гэдгийг тэр мөн онцлоод, хэдийгээр суултын үеэр хүний амь эрсэдсэн үйл явдал болсон нь харамсалтай ч тэд хүссэн зүйлээ авахаас нааш юуг ч зогсоохгүй гэдгээ илэрхийлсэн гэв.


-ҮЙЛ ЯВДЛЫГ ЭРГЭН СӨХВӨЛ-

Өнгөрөгч оны арван хоёрдугаар сард талхны үнийг гурав дахин нэмэх болсон засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж ард иргэд жагсаал эхлүүлсэн юм. Ингээд судлаачдын үзэж буйгаар уг эсэргүүцэл 30 жилийн турш дарласан харгис ерөнхийлөгчийн эсрэг нүсэр хэмжээний тэмцэл болон хувирчээ. Тэмцэл таван долоо хоног үргэлжилсний дараа, нэгдүгээр сарын 17-нд цэрэг хүчнийнхэн иргэдийн эсрэг гал нээж эхлэн, хэд хэдэн хүний амь хөнөөсөн тухай гэрчийн мэдүүлгүүд байдаг.
Цагдаа цэргийнхэн сүүлдээ хууль, дүрмийг ор тас мартаж, удирдагч Омар Ал-Баширыг хамгаалж л байвал иргэдийн эсрэг юу ч хийж мэдэх нөхцөл байдлыг бий болгосон. Шархадсан тэмцэгчдийг сайн дураар эмчилж байсан нэгэн эмч цэргийнхний үйлдсэн дэлбэрэлтэд өртөж нас барсан. Амь үрэгдсэн эмчийг дэлбэрэлт болох үеэр агаарт шидэгдэн өндөрт хөөрч байгааг харсан гэрч бий, харин хүчнийхний зүгээс түүнийг хий суманд өртөж нас барсан гэх тайлбарыг өгч байсан билээ. Энэ бол цэргийнхний хүний амийг шударга бусаар хөнөөсөн маш олон тохиолдлуудын дөнгөж нэг жишээ.

Тэмцэгч тал болон түр удирдах цэргийн зөвлөлийнхөн цаашдын нөхцөл байдал, шинэ удирдлагын тогтолцооны тал дээр тохиролцоонд хүрсэн тухайгаа дээр дурьдсаны дагуу даваа гарагт зарласан билээ. “Өнөөдрийн уулзалтаар бид удирдах тогтолцооны бүтэц, эрх мэдэлтнүүдийн хүч чадлын хязгаарын тухай ярилцаж, шийдэлд хүрч чадсан” гэж иргэдийн тэмцлийг удирдаж буй хүмүүсийн нэг Таха Осман AFP агенлагт ярилцлага өгсөн байна. Долоон хүн амь эрсэдсэн дуулиан шуугианы дараа тэд үнэн хэрэгтээ ямар үр дүнд хүрсэн нь олон нийтийн нүдэнд ил болох нь.
М.ТЭНГИС


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close