Боловсрол

93 ДУГААР СУРГУУЛЬ: Эцэг эхчүүдээс мөнгө нэхсэн ҮЙЛДЭЛ ГАРГААГҮЙ


Манай редакцид иргэнээс “Баянгол дүүргийн 93 дугаар  сургууль харьяаллын бус хүүхдийг хэрхэн бүртгэх вэ хэмээн сураглаж очиход таван сая төгрөг нэхлээ. Гайхаад лавлахад "Ийм л ханштай шүү дээ" гэж хэлсэн” гэх мэдээлэл ирсэн юм. Уг мэдээллийг манай сэтгүүлч мэдээлэхдээ иргэний мэдээллийг дурдаж, Нийслэлийн боловсролын газраас тодруулга авч нийтэлсэн байна.

Ингэхдээ гол хариуцагч болох Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн захиргаа, удирдлагын багаас тодруулга авч, мэдээллийг тэнцвэржүүлээгүй нийтэлж, сэтгүүлзүйн ёс зүй, мэдээллийг хоёр талт байдлаар нийтлэх зарчмыг алдагдуулсан байна. Тиймээс редакцийн зүгээс уг алдаагаа засах үүднээс Баянгол дүүргийн 93 дугаар  сургуулийн холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, уг мэдээллийг “нотломжгүй” гэж үзэв.

Тухайн иргэн өгсөн мэдээллийнхээ талаар “Би баримтжуулж бол аваагүй. Намайг хүний утас авах уу гэхээр нь “За алдаг юм байна” гэж хэлээд гарсан” гэж бидэнд эргэн мэдэгдсэн тул уг мэдээлэл НОТЛОГДСОНГҮЙ.

П.ХУВЬЗАЯА: ХАРЬЯАЛЛЫН БУС ИРГЭД ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЖ ЧАДААГҮЙН УЛМААС ГАДУУР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЗОРИУД ТАРААДАГ

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар  сургуулийн захирал П.Хувьзаяа

-Манай редакцид иргэнээс Нийслэлийн 93 дугаар сургуульд харьяаллын бус хүүхэд бүртгүүлэх боломжтой эсэхийг лавлахаар ортол “Таван сая төгрөгийн ханштай байдаг гэж хэллээ” гэсэн мэдээлэл ирсэн юм. Ийм асуудал жил бүр яригддаг. Яг бодит байдал дээр сургууль үнэхээр мөнгө төгрөг авах санал тавиад сууж байдаг нь үнэн үү. Хэр бодьтой мэдээлэл бэ?

-Энэ мэдээлэл ямар ч баримтгүй, иргэдийн дундах ташаа ойлголтоос үүдсэн яриа байна. Сургууль  энэ мэдээллийг маш их эмзэглэж хүлээж авлаа. Бүртгэлийг энэ жил захирлын тушаалаар сургалтын менежер гардан зохион байгуулж байгаа. Мэдээлэл гарсны дараа захирлын  дэргэдэх зөвлөл хуралдаж, сургуулийн дотоод хяналтыг хийлээ. Одоогоор ямар нэгэн зөрчилгүй, бас санал гомдол  гараагүй, бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.  Ийм асуудал манай сургууль дээр гарч байгаагүй шүү.

 -Ер нь ийм төрлийн яриа, иргэдийн гомдол гардаг гол шалтгаан нь юу бэ?

-Манай сургууль улсад болон Нийслэлдээ нэр хүндтэй, тэргүүлэгч байгууллагуудын нэг. Сургалтын орчин, арга барил сайтай учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ сургах өндөр хүсэлтэй байдаг. Манай сургууль Баянгол дүүргийн 7, 8-р хорооны тодорхой байруудыг хамарч, сурагчдаа элсүүлдэг. Харьяаллын бус эцэг эхчүүд  хүүхдээ сургая гэж маш их ханддаг юм. Холбогдох журмын дагуу бид харьяаллын бус хүүхдүүдийг бүртгэдэггүй. Ийм төрлийн шалтгаанаар хүүхдээ манай сургуульд элсүүлж чадаагүй эцэг эхчүүд гадуур гүтгэлгийн шинж чанартай яриаг маш ихээр тараадаг.

 -Эцэг эхчүүдээс мөнгө авч, элсүүлсэн зөрчил сургууль дээр илэрч байсан уу?

-Огт үгүй. Ийм төрлийн зөрчил илэрвэл холбогдох журам, тушаалын дагуу бид багшид хариуцлага тооцож ажлаас нь шууд чөлөөлөх зохицуулалттай. Мөн бид ийм төрлийн зөрчил гарвал бид шууд хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах ёстой юм.

-Энэ жил уг асуудлаар эцэг эхчүүдээс гомдол санал ирсэн үү?

 -Манай сургуулийн захиргаа, элсэлтийн комисст ирээгүй. Мөн  дүүрэг, нийслэлийн боловсролын газруудаас тодруулахад ямар ч гомдол санал ирээгүй гэж мэдэгдсэн.

-Харьяаллын бус хүүхдүүд тухайн хамран сургах тойрогт багтахын тулд зохиомол шилжих хөдөлгөөн үүсгэдэг гэсэн. Үүний эсрэг сургуулийн зүгээс яг ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Энэ бол сүүлийн үед маш түгээмэл гарч буй зөрчил. Иргэд ч энэ асуудалд ухамсартай хандах ёстой. Сургуулийн зүгээс ч энэ асуудалтай хатуу тэмцэх болно гэдгээ хэлмээр байна.


Ж.ДЭЛГЭР-ОТГОН: ГАДУУР “93 ДУГААР  СУРГУУЛЬ ТЭДЭН ТӨГРӨГ АВЧ БҮРТГЭЖ БАЙНА” ГЭСЭН ЯРИА ГАРДАГ Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ

 Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар  сургуулийн сургалтын менежер

-Танай сургуулийн зүгээс нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн боловсролын газрын даргын удирдамжийг  2019.05.10-ны өдөр авсан. Удирдамжийн дагуу  сургуулийн захирлын тушаалаар нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэх комисс байгуулсан. Энэ жил манай сургуулийн хамран сургах тойрогт 33 дугаар байр нэмэгдэж ирсэн. Элсэлтийг эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж байгаа.  Бүртгэл хэвийн явагдаж байна.

 -Одоогийн байдлаар бүртгэл хэд орчим хувьтай байгаа вэ?

-Бүртгэл 40 орчим хувьтай байна.  Манай хамран сургах  тойргийн  хүүхдүүдийн эцэг эхчүүд мэдээллээ нэлээд эртнээс авчихсан байдаг. Тиймээс бүртгэлд идэвхтэй оролцоод явдаг.

-Бүртгэх явцад харьяаллын бус иргэд хүүхдээ өгөхийг хүсч, мөнгө төгрөг амладаг тохиолдол гарсан уу?

-Зарим нэг эцэг эхчүүд хандив өгье гэж хэлж байдаг. Мэдээж, холбогдох хууль дүрэм журмыг тайлбарлаж ойлгуулаад явуулдаг.  “93-р сургууль тэдэн төгрөг авч бүртгэж байна” гэсэн худал  яриа  жил бүр гардаг.   Магадгүй, орж чадаагүй иргэд ч ярьдаг байж болох юм. Ийм зөрчил манай сургууль дээр гарч байгаагүй.

Бүртгэлийн үеэр  харьяаллын бус иргэд зохиомол байдлаар шилжих хөдөлгөөн үүсгэдэг. Иргэд хоорондоо зохицдог, нэг айлд 3 өөр айлын хүүхэд бүртгүүлэх гэж улайрдаг,  тэр бүү хэл  нэг айлын ордер 3 жилд 3 удаа солигдсон баримтууд ч байна. Энэ жилээс НБГ-ын даргын элсэлтийн журамд хариуцлага тооцох тухай эрхзүйн зохицуулалт орж ирсэн тул цаашид ийм хүндрэлүүд багасах байх гэж бодож байна.

-Тэгэхээр үндсэн хаяган дээр байдаг хүүхдээ ялгах боломжтой гэсэн үг үү?

-Элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө бид айлуудаар яваад, зургаан настай хүүхдүүдийнхээ  мэдээллийг  урьдчилаад авчихдаг. Энэ мэдээлэл, судалгаандаа үндэслэж, яг үндсэн хаяган дээр бүртгэлтэй хүүхдээ бүртгээд, зөрчилтэй хүүхдийг явуулдаг.  Явцын дунд дотоод хяналтыг ч гэрээр явж хийдэг.  Зохиомол ачааллыг бууруулах гээд л ажиллаад байгаа.

-Манай редакцид иргэн танай сургуулийг харьяаллын бус хүүхдээс 5 сая төгрөг нэхсэн гэсэн мэдээлэл өгсөн юм. Үүнийг бид тэнцвэржүүлэн мэдээлэх үүргийнхээ хүрээнд танаас тодруулга авч байна?

-Огт ийм зүйл болоогүй.  Би өөрөө бүртгэлийг гардан  хийж байгаа ажилтныхаа хувиар хариуг баттайгаар хэлнэ.Танай  сайтад тавигдсан мэдээллийг аваад дүүрэг, нийслэлийнхээ холбогдох ажилтнуудаас ч тодруулж лавласан. Манай сургуультай холбоотой санал гомдол ирээгүй гэсэн.

Г.ИТГЭЛ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (4)

USD

Close
Close