Нийгэм

110 автобусны багтаамж бүхий авто парк ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд баригдах “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын “Нийтийн тээврийн автобус парк” төслийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа болон бусад холбогдох албаны хүмүүс, нийтийн тээврийн үйлчилгээний газрын ажилчид оролцов.

Шав тавих ёслолыг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх  “Сүүлийн 20 гаруй жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр ийм бүтээн байгуулалт хийгдээгүй. Өнөөдөр энэ ажил эхэлж байгаад баяртай байна. Одоогоор нийслэлийн тээврийн салбарт 1000 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Бид бүхэн эхний ээлжинд 110 автобусны багтаамжтай паркийн шавыг өнөөдөр тавьж байна. Энэ бүтээн байгуулалт 2020 он гэхэд ашиглалтад бүрэн орохоор төлөвлөгдсөн. Мөн цаашдаа нийтийн тээврийн үйлчилгээний салбар бүх автобусаа хяналтын камертай болгож, дүрсийг нь удирдлагын төвөөсөө онлайнаар хянадаг байх, байгальд ээлтэй эко автобуснуудаар парк шинэчлэлтээ хийх зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллана” хэмээсэн юм.

“Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ чиглэл бий болгоно”, мөн “Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эко автобус, троллейбусыг нэмэгдүүлнэ” гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр нийслэл хотын түүхт 380 жилийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр тусган ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 4.7 га газарт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламжийг шинээр барих ажил эхэллээ” хэмээн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хэлэв.

“Нийтийн тээврийн автобус парк” төслийн ажлын хүрээнд нийт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламж, барилгыг барихаар төлөвлөснөөс 2018 онд таван тендер зарлан гүйцэтгэгч компаниуд гэрээгээ байгуулан ажил эхлэхэд бэлэн болжээ. Эхний ээлжинд уурын зуухны барилга, агуулах, шатахуун түгээх станц барих аж. Цаашид оношилгооны төв, иргэдэд үйлчлэх төв, харуулын байр, угаах цех, кузов засвар, засвар үйлчилгээний төв, автобусны дулаан гараашийн барилга, байгууламжуудыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

  1. Лалруудаа хотын төвдөө ганц байгаа паркаа шилжүүлээд тэгээд газрыг нь авч идэхнүү. Эд бүүр цагаандаа гарлаалдаа. Уг нь хотын төвдөө автобус парктай байгаад тэндээсээ нийтийн тээврийнхээ зохицуулалт энэ тэрийг хийгээд жинхэнэ сайхан зохион байгуулалтыг хиймээр санагдах юм. Жишээ. Орой түгжрээд хотын төвөөс хүмүүс автобус хүлээгээд хөлдөж үхэх гээд байдаг. Тэр үед нь төвд байгаа баазаасаа тээврийн хэрэгсэл гаргаад ядарсан хэдэн Монголчуудынхаа хөлийг дүүжилж байвал зүгээрсэн. Хаа байсан Тахилт шүү. Наад автобуснууд чинь эцсийн буудал руугаа явах гэж бөөн шатахуун зарцуулна даа. Чиглэлүүд нь бүүр Дарь эх ордог шүү. Ёстой хэлэх үг алга даа.

USD

Close
Close