Үйлдвэрлэгч

СУРВАЛЖИЛГА: Монголдоо анхдагч “Coffee car-van” буюу ДУУДЛАГЫН КОФЕ ШОП

Явуулын кофены машин өглөө эртлэн гарч кофенд дурлагсдын цаг завыг хэмнэх ажлыг эхлүүлжээ. Энэ бол Нарны гүүрний баруун талд, Хараагүйчүүдийн үндэсний холбооны баруун талд зам дагуу зогсох “Coffee car-van юм. Уг явуулын кофе шоп нь өнгөрсөн долоо хоногт үүд хаалгаа нээсэн бөгөөд өглөөний долоон цагт ажлаа хэдийн эхэлсэн байв. Ингээд явуулын кофены машиныг ажиллуулж буй иргэн Б.Шинэбаяртай ярилцлаа.


-Сайн байна уу? Юуны өмнө ийм хөөрхөн санаа гаргаж ажиллаж байгаад нь баяр хүргэе. Өөрөө уг машиныг ажиллуулах санаа сэдлийг хэрхэн олов?  

-Кофе бол миний сонирхол, хобби. Сүүлийн үед манай монголчуудын кофены хэрэглээ маш өндөр болчихсон байна. Үүнтэй холбоотойгоор олон арван кофе шопууд нээгдэх болсон. Гэвч тэдгээр кофе шопуудын кофе харьцангуй үнэтэй, хүлээлттэй, хурдан авч гарах боломжгүй учир энэ нөхцөл байдлыг бодолцож уг санаагаа хэрэгжүүлсэн.

-Аливаа зүйлийг хийхэд бэлтгэл ажил гэж том зүйл байдаг. Харин таны хувьд энэ ажлыг хэрхэн эхлүүлж хийсэн бэ?

-Өвлөөс эхэлж хийсэн бэлтгэл ажилдаа орж машин тэргээ зохицуулж бүхий л ажлын хийсээр сая өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт (05/07)  сайн өдөр гэхээр нь нээлтээ хийлээ. Миний хувьд өөрөө кофенд дуртай хүн болохоор өөрийнхөө сонирхлын дагуу энэ ажлыг эхлүүлсэн. Машин худалдаалдаг болохоор энэ ажил минь давуу тал болж явуулын машин тэрэг, бензинээр ажилладаг цахилгаан үүсгэвэр зэргийг олж авсан.

-Хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

-Ямар ч нөхцөлд кофе шопууд хэрэглэгчид танигдаж хөлөө олтлоо эхний хоёр жилдээ ашигтай ажиллаж чаддаггүй гэдэг юм байна лээ. Миний хувьд төсөөлж байснаас арай бага хүн үйлчлүүлж байна. Гэхдээ хүмүүс энэ юу юм, ямар хөөрхөн санаа вэ гэх мэтээр эергээр хүлээж авч сониучирхаж байна лээ.


-ХУРДАН ШУУРХАЙ БОЛОМЖИТ ҮНИЙГ Л БИЙ БОЛГОХ ГЭЖ ХИЧЭЭСЭН-


-Кофены үнэ харьцангуй хямд санагдлаа. Бас бусад төрлүүд гарах боломжтой юу?

-Ер нь бол хурдан шуурхай боломжит үнийг л бий болгох гэж хичээсэн. Тэр ч утгаараа кофеныхоо өртгийг тооцоод ийм дүнгээр гаргах болсон доо. Гадуур кофе шопууд 5000 төгрөгөөс дээш үнэтэй байдаг. Харин манайх 3000₮ үнээ барихаар төлөвлөсөн байгаа нь энэ юм. Харин кофены төрлийн хувьд бол зургаан төрлийн кофегоо хийе гэж бодсон ч  хурдан шуурхай цаг хугацаанд гаргахын бодоод гурван төрөл болгосон. Гэхдээ хэрвээ үйлчлүүлэгч хүсээд хүлээж болно гэвэл бид зургаан төрлөөс хүссэн кофег гаргаж болно. Мөн шөнөжин таксинд явсан жолооч нар ч юм уу дөнгөж сэрээд гарч байгаа хүмүүс нэг удаагийн кофе их асуудаг юм байна лээ. Тийм учраас хэрэглэгчдийн хүсэлтээр жижиг аягатай кофе бас найруулж өгч байгаа.


-Одоо зогсож байгаа газрын хувьд энд удаан зогсож худалдаа хийлээ яв гэх мэтээр хөөх хүн байна уу? Ер нь яагаад энэ байрлалыг сонгож зогсох болов?

-Эхлээд удаагүй болохоор тийм хөөсөн барьсан юм байхгүй байна. Харин яагаад энд сонгосон гэвэл хотын төв рүү орж байгаа машинууд энэ туслах замаар нарны гүүр лүү гардаг. Мөн манай машин зогсож байгаа газрын ойр орчимд манайхаас кофе авахыг хүссэн хүмүүс машинаа түр 3-5 минут зогсоож байгаад кофегоо аваад шууд явчих боломжтой учраас энд зогсох болсон. Энд хамгийн ойр кофе шоп нарны хорооллын “Тom and toms”. Хүмүүс тийшээ  ороод кофе авмаар байдаг ч зогсоол асуудалтай, кофегоо захиалаад авна хүлээнэ буцаад машинаа гаргаад аваад явна гээд хэсэг хугацааг өнгөрүүлээд цаг алдаж байгаа. Харин энд ийм явуулын coffee car-van” нээснээр тухайн хүмүүсийн цагийг л хэмнээд байгаа юм. Машинаасаа буулгүй хэдхэн минут хүлээгээд дуртай кофегоо аваад явчих нь. 


-Мэдээж машин замын хажууд тээврийн хэрэгсэлд үйлчилгээ эрхэлж байна. Тог, ус, ариун цэврийн хувьд ямар түвшинд ажиллаж байна вэ?

-Цэвэрлэгээний тал дээр байнга тоос шороо бохирдлоо арчиж цэвэрлэнэ. Өдөр болон орой буухдаа машин тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь угааж цэвэрлэдэг.  Харин машиныг жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтойгоор бодож тохижуулсан. Өвөлдөө бол цонхоо онгойлгоод захиалгаа авч үйлчлүүлнэ гэж төлөвлөсөн. Одоо бол дулааны улирал учир машиныхаа хаалгыг нээчихсэн байгаа. Машиндаа ус хадгалах асуудлыг маш сайн бодож шийдэж өгсөн. Машины бүхээгийн хойд хэсэгт ус хадгалах цагаан сав байрлуулсан бөгөөд энэ төхөөрөмж сав нь усанд урвал үзүүлэхгүй сайн хадгалах зориулалттай сав байгаа. Мэргэжлийн хяналтын бичиг, шаардлагатай бүх баримтууд бий. Харин тог цахилгааны хувьд маш дуу багатай бензинээр ажилладаг цахилгаан үүсгэвэр ашиглаж байгаа. Хүмүүст садаа болохгүй байх үүднээс гадаадаас захиж авчруулсан бусад үүсгэврүүдээс ялгарах онцлог нь бензинээр ажилладаг бас маш дуу багатай юм. Мөн аль болох хурдан шуурхай, цэвэрхэн байхын тулд хоёр төхөөрөмж, нэг ус буцалгагчтайгаар зөвхөн кофены машин гэх онцлогоо барьж ажиллана даа.


-ЯВУУЛЫН БОЛОН ДУУДЛАГЫН КОФЕ ШОПЫН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЖ БАЙГАА-

-Одоогийн байдлаар нэг л машинаар ажлаа эхлүүлэв үү? Уг явуулын машинд хэдэн ажилтан байх вэ?

-Одоогийн байдлаар нэг машин байна. Цаашдаа зургаан байршилд зургаан машинтай болно гэсэн төлөвлөгөө байна. Ажилчдын хувьд зөвхөн кофены зориулалттай үйл ажиллагаа явуулах учир машинаа бариад нөгөө хүндээ тусалчих хоёр хүн байхад хангалттай гэж бодож байна.