Нийгэм

Өнөөдөр 18 цаг хүртэл автозамын хөдөлгөөн хязгаарлана

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Автомашингүй өдөр” 2019 оны 05 дугаар сарын 18-ны Бямба гарагт болох бөгөөд энэ өдөр дараах автозамуудын хөдөлгөөнийг 07.00 цагаас 18.00 цагийн хооронд хязгаарлах юм.

Тодруулбал: Баруун 4 замаас Зүүн 4 зам буюу Энхтайвны өргөн чөлөө, Өгөөжийн уулзвараас Драмын театр буюу Сөүлийн гудамж, Хуримын ордны урд зам буюу Гэндэнгийн гудамж, Континенталын уулзвараас ЯТТ 103-ын уулзвар хүртэл буюу Элчингийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгон иргэдийг унадаг дугуй, скүүтэр, ролик болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлж ажиллана.