Үйлдвэрлэгч

Ш.Сувд: Монгол үндэсний цайны ёслолоо ЮНЕСКО-д бүртгүүлэх нь миний мөрөөдөл

-МОНГОЛЧУУДЫН ЦАЙНЫ ХЭРЭГЛЭЭГ СОЛИХ ГЭЖ ХОРЬ ГАРУЙ ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ-


Энэ удаад үндэсний ууган үйлдвэрлэгчдийн нэг “Их тайга” ХХК-ийг зорилоо. Ш.Сувд гуай бол Монголчуудыг үндэсний цайтай болгох ажилд өөрийнхөө ажил амьдралыг зориулж яваа хөдөлмөрч эмэгтэй билээ.  

-“Их тайга” компани Монгол оронд ургадаг эмийн ургамлыг хүн ардын өдөр тутмын хэрэглээ болох цай болгон үйлдвэрлэсэн анхны компани. Түүгээр зогсохгүй та монгол үндэсний цайг бий болгохоор хөдөлмөрлөсөн. Яг өнөөдрийн өндөрлөгөөс та юу хэлэх вэ?

- Улс орон зах зээлийн нийгэмд шилжээд хүн болгон өөрийнхөө мэргэжлээс өөр, эсвэл хүссэн зүйлээ хийчих гээд байсан үе л дээ. Миний хувьд бурхны өгөгдөл байсан болов уу гэж боддог юм. 1995 оноос монгол хүний цайны хэрэглээг солих зорилго тээж ажилдаа орсон. Монголчууд олон мянган жилийн түүхтэй аугаа ард түмэн ч өөрийн үндэсний цайгүй, урд хойд хөршид үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг манай цай гэж хэлэх  л хэцүү байсан. Монголчууд цайсаг ард түмэн болохоор урд хөршийн цайн дээр тулгуурласан бизнесийн орон зай бий болоод эхэлсэн. Энэ нь бидний хэлж заншсанаар дугуй булантай цай. Нөгөө талаас эрүүл гэдэг утгаараа дугуй булантай цайнд орчны бохирдол, түүхий эдийн талаасаа ч асуудал үүсч эхэлсэн.  Тэгэхээр яалт ч үгүй үндэсний цай бий болох шаардлага нөхцөл үүссэн юм. Гэхдээ энэ бол миний сэтгээд зохиочихсон зүйл биш. Нүүдэлчин монголчууд эрт дээр үеэсээ тухайн газар нутгийнхаа жимс ургамлаар цай хийж ууж ирсэн түүхтэй.


-Нэг сонин дээр үндэсний цайтай болох санааг 1910 оны үед Тоо ван хэрэгжүүлэхээр зэхэж байсан. Харин үүний дараа “Их тайга”-ын Ш.Сувд суурийг нь тавилаа гэж бичсэн байсан?

-Тийм ээ, доктор Бямбаа гуай “Өдрийн сонин” дээр тэгж бичсэн байсан. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд бид их л юмыг тууллаа. Зах зээлийн шинэ нийгэмд бүх юмыг шинээр эхлэх амар байсангүй. Хийсэн бүтээсэн бүх л хүн энэ замыг туулсан байх. Харин өнөөдөр бол би үндэсний цайтай болсон гэж ам бардам хэлмээр байна. Учир нь бид өвөг дээдсээсээ таашаан хэрэглэж ирсэн гайхамшигт ургамлуудад судалгаа шинжилгээ хийж шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтарч олон жил ажилласны эцэст улсын цайны стандарт буюу УСТ-ыг батлуулсан. Өнгөрсөн он жилүүдэд бизнесээр ярих юм бол ашиг байсангүй. Ихэнх нь цаг хугацаа судалгаа шинжилгээнд зориулагдаж ирлээ. Олон жил хэрэглэж дадсан өдөр тутмын өргөн хэрэглээг солиход цаг хугацаа их орсон. Гэхдээ монголын ард түмэнд хүлээж авах хүсэл, сэтгэл байсан учраас үндэсний цайтай болсон. Үндэсний цайны маань онцлог бол хүний биед чухал хэрэгтэй ургамлын хандыг шууд хүртээж энэ нь эрүүл мэндэд маш зөөлөн алгуурхан явцтай ач холбогдол үзүүлдэг нь олон жилийн үйл ажиллагаа туршлагаар нотлогдсон. Энэ цай антиоксидант чанараараа хавдраас урьдчилан сэргийлэх маш үр дүнтэй бүтээгдэхүүн. Ер нь цай, улаан буудай хоёр тухайн улс үндэстний стратеги бодлого байх ёстой гэж ярьдаг. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч үндэсний цайтай  байх нь маш чухал. Монголчууд үндэсний  дархлаагаа авч үлдэхийн тулд өөрсдийнхөө цайг хэрэглэх ёстой. Цайг бол би бурханы заяасан хүнсэнд гарцаагүй орно гэж боддог.  

-Таны олон жилийн хөдөлмөр зүтгэл үр дүнгээ өгсөн. Өнөөдөр “Их тайга”-ын цайг ууж үзээгүй монгол хүн бараг үгүй байх. Харин одоо та цайны соёлын тухай ажилдаа орж байна уу?


-Монголчууд бид цөөхүүлээ гэж ярьдаг ч эзэн Чингисийнхээ удмыг залгаж яваа аугаа үндэстний үр сад. Бид нэн түрүүнд өөрсдөө эрүүл саруул, газар нутаг бүрэн бүтэн, өв соёл уламжлагдаж явах ёстой. Энэ утгаараа би цайны соёлыг  хойч үедээ өвлүүлэх чин хүсэлтэй.  Цайны соёлд олон зүйл хамаарна. Уур нүдүүр, цайны уут, цайны аягаас өгсүүлээд “манайд ирж цай уугаарай” гэдэг үгийн далд агуулга гээд цогц асуудал бий. Бид одоо идэвхжүүлж өвлүүлэн үлдээхгүй бол даяаршлын эрин үед үндэсний энэ соёл устаж үгүй болох магадлалтай. Бид нар цайны ёслолыг анхлан 2007-2009 онуудад Гандантэгчилэн хийд дээр хамбынхаа удирдлага дор хийсэн. Ингээд үргэлжлээд цаашаа явья гэхээр асуудал бий. Учир нь манай улсын төр засгийн удирдлага ойр ойрхон солигддог болохоор ярьсан төлөвлөсөн ажил зогсох, удаашрах тал байх юм. Миний хүслээр болдог бол  үндэсний цайгаа ЮНЕСКО-д бүртгүүлээд цайны ёслолоо төрт ёсны арга хэмжээний нэг болгочих бодолтой.

-Сайхан сонсогдож байна. Гэхдээ үүнийг эхлүүлсэн хүн нь та өөрөө. Тийм учраас хийх л хэрэгтэй болов уу?


-Үйлдвэрлэгчид хувийн бизнесээ улсаас харсангүй үзсэнгүй гээд л ярьдаг. Үнэндээ хувийн гэж харагдаж байгаа ч үүн дотор үндэсний хэмжээний асуудлыг шийдсэн ажлууд олон бий. Үндэсний цайны асуудлыг бол төр маань хараасай гэж боддог. Нэг сайд нь овоо дэмжих гэж байтал солигдоод дараагийнх нь гараад ирнэ. Тэгээд нөгөө шинэ хүнтэй харьцах гэхээр өмнөх засгийн газар тэр сайд дэмжиж байсан гэхээр АН-ын хүн үү, МАН-ын хүн гэдэг өнцөг гарч ирдэг. Ийм асуудалд хүртэл орохоосоо хүртэл эмээгээд л явж байна. Ингэсээр сүүлдээ хүч сулрах шинжтэй шүү. Гэхдээ би энэ мөрөөдлөө хэзээ ч орхихгүй. Энэ жил Хүнсчдийн өдрөөр ХХААХҮЯ-ны сайд, Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч хоёрт яг л  үнэн байдлаа хэлсэн. Төр засаг маань өнөөдөр юун цай манатай л байх шиг байна. /инээв/ Үнэндээ энэ бол  жижиг бизнес эрхэлж байгаа хүн ярьж байгаа ч бодлого, агуулгын хувь том зүйл болохоор хэн нэгэн нь олж харж дэмжинэ гэдэгт итгэдэг.

-Бидэнд нэг тийм уламжилсан нийтлэг хэрэглээ байдаг. Бөөр өвдвөл тэхийн шээг, зүрх өвдвөл долоогоно, ханиаданд аньсны навч буцалгаад уучих гээд л. Гэтэл энэ бүх ургамал Их тайга цайнд маань байж байдаг шүү дээ?


-Тийм ээ, яг энэ унаган хэрэглээ цай хийхийн үндэс болсон. Бидний хэрэглээний дадал бас их сонин. Нэг ургамал буцалгаад тавьдаг, алдаг оног уугаад нэг мэдэхэд нөгөөх нь муудчихна. Тэгэхээр миний давхар бодсон зүйл бол энэ бүхнийг цай хэлбэрт оруулаад өгчихвөл эрүүл мэндэд илүү үр дүнтэй байсан. Гэхдээ энэ ургамлыг сонгоход бас учир бий. Манай цайнд удаан хугацаагаар хэрэглэхэд биед сөрөг нөлөөгүй эрдэс аминдэм нь давамгайлсан нохойн хошуу, хусны навч, нарийн навчит, хөвөн оройт гээд үндсэн хэдхэн ургамал бий. Үүн дээрээ жаахан бадаана, цээнэ нэмдэг ч юмуу. Олон жилийн судалгаандаа суурилан хүний биед яв цав тохирох тун хэмжээг тогтоож цайгаа хийсэн. Манайх хуучин ардын эмнэлгийн хүрээлэн буюу уламжлалт анагаах ухааны хүрээлэнтэй хамтарч судалгаа шинжилгээ хийдэг. Одоо бол нөөц багатай ховорт тооцогдох цээнэ, бадаана зэрэг ургамлаа тарималжуулж байна. Бусад элбэг тархацтай ургамлын навчийг Хөвсгөл, Алтай, Хангайн уулархаг нутгаас авч хэрэглэдэг.

-ИХ ТАЙГЫН ИХЭНХ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮСЭЛТЭЭР БИЙ БОЛСОН-


-Таны ажил ганц цайгаар зогссонгүй. Өнөөдөр Их тайга хүний эрүүл мэндэд нэн тустай маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

 - Хүмүүс “Сувдаа эгчээ бөөр өвдөөд байна жаахан тэхийн шээг олоод өгөөч, нойр хүрэхгүй байна танд тустай ургамал байна уу” гэх мэтээр ярина. Тэгээд эхлээд ургамлаа өгнө. Дараа нь бодож байгаад ерөөсөө зүрхэнд тустай юм хийчихье, нойронд сайн юу хийхэв гэх мэтээр өргөжиж ирсэн. Хэрэглэгч бидний хооронд хүссэн ч, хүсээгүй ч тийм хэрэгцээ шаардлага үүсэж энэ дагуу ажилласаар явтал нэг л мэдэхэд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болчихож. Манай онцлог бол массын үйлдвэрлэл гэхээсээ илүү хэрэглэгчдийнхээ хүсэлтэд тулгуурлан явагддаг. Үнэнийг хэлэхэд бие биеэ  хайрласан, монголчуудыгаа хайрласан, хүнсний дайнд ялагдчихгүй юмсан гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн итгэл сэтгэл дээр бий болсон ажил. Экспортын хүнсний бүтээгдхүүнийг хэт их шүтээд ирэх юмбол монголчууд удмын сангаараа хорлогдох аюул бий учраас хүнсний аюулгүй байдал гэдэг утгаараа олон төрлийн юм хийж байна.