Сурвалжлага, нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Орцныхоо үүдийг ОЙН ТӨГӨЛ болгосон 84 настай Т.Шархүү гуайн АЖЛЫН БАЙРААР ЗОЧИЛЛОО

Өдгөө 84 настай Т.Шархүү гуай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 14Б байрны СӨХ-ны дарга бөгөөд энэ ажлаа 17 дахь жилдээ хийж байна. Тэрээр хууль хяналтын байгууллагад 65 нас хүртлээ ажиллаж тэтгэвэртээ гарсан аж. 

Амьдарч байгаа байрныхаа СӨХ-ны асуудлыг хариуцдаг энэ настан сэтгэл л байвал ямар ч ажлыг хийж болдог хэмээн ярьж байлаа. 

Т.Шархүү гуайн талаар байрны оршин суугч цахим ертөнцөд нийтлэх болсноор олны анхаарлыг ихэд татсан юм. Т.Шархүү гуайг иргэд СӨХ-ын ажилтнуудад туршлага судлуулъя, манайд түр ажиллаач гэх мэт сэтгэгдэл хөвөрсөөр байсан юм. Ингээд Т.Шархүү гуайн ажлын арга барилын талаар хийсэн сурвалжилгаа хүргэе.



                Т.ШАРХҮҮ:СЭТГЭЛ Л БАЙВАЛ ЯМАР Ч АЖЛЫГ ХИЙЖ БОЛДОГ

Тэрбээр уг ажлыг анх байрны оршин суугчдын хурлаар сонгогдон хийх болсноор 17 жилийг ардаа үджээ. Тэрээр энэ тухай ярихдаа тухайн үед намайг тоож сонгосон байдаг юм хэмээн хуучилсан юм.

Түүний ажлын өрөөнд нь ороход л цэвэр цэмцгэр байдал биднийг угтлаа. Т.Шархүү гуай үүрийн таван цагт ажилдаа гарч, 17 цагийн орчимд ажлаасаа буудаг гэв. Түүний хэлж буйгаар “Над шиг тэтгэвэртээ гарсан хүмүүс чинь өдөр өнгөрөхгүй уйдаад байдаг гэдэг бол миний хувьд хийх ажил минь амждаггүй, цаг хурдан өнгөрчихдөг” хэмээж байсан юм.



-ХОГИЙН САВНААС ЭХЛҮҮЛЭЭД ОРЦНЫ ҮҮДНИЙ САНДЛЫГ ХҮРТЭЛ ӨӨРИЙН ГАРААРАА ХИЙДЭГ-

Цэвэр цэмцгэр орц, ногоон байгууламж хосолсон уг байрны гадаад үзэмжийг Т.Шархүү гуай өөрийн гараар гардан хийдэг ажээ. Тэрээр 17 жил ажиллахдаа орцны үйлчлэгчээс өөр ажилтан авч байгаагүй бөгөөд тайлан төлөвлөгөө, засвар, зэргийг өөрөө гар бие оролцон хийдэг гэв.


Тэрээр сэтгэл л байвал ямар ч ажлыг хийж болдог хэмээн ярьж байсан бөгөөд үнэхээр түүний хийж бүтээсэн ажлуудыг харахад илт байсан юм. Тухайлбал,

Орос гуравдугаар сургууль ойр болохоор өдрийн цагаар хүмүүс машины зогсоол хайж байрны явган хүний зам дээр дугуйгаа мордуулаад тавьчихдаг. Тийм учраас өнгөрсөн жил байрны шугам сүлжээнд засвар хийгээд гарсан хуучин турбаг тасдаж, цемент цутган будаж, янзлаад хашлага болгосон. Тэгэхгүй л бол хүн явах байтугай машин зөрөх зайгүй машин болчихсон хэмээсэн юм.

Орцны өнгө үзэмж гоё байгаасай гээд шатныхаа будгийг өөрийн гараар будаж, кант хүртэл хийсэн. Мөн орцны цэвэрлэгээ хийх явцад шатаар ус урсаж шатны арын хэсэг муухай болдог учраас арын хэсгийг ч мөн адил будаж цэгцэлсэн байлаа.

Орцны үүдэнд үнэтэй хогийн сав тавихаар хурдан эвдрэх юм уу алга болдог учир эмульсийн сав эсвэл компьютерын процессорын гадаргууг ашиглаж хогийн сав болгосон байв. Алга болоод байхаар нь бүүр боож багласнаас хойш алга болох нь багассан гэв.

Орц бүрийн үүдэнд байх сандлыг том модыг дундуур нь хувааж хийсэн байв. Түүний хэлснээр хүүхдүүд түшлэгтэй сандал тавь энэ хоцрогдсон гэж шүүмжилсэн. Гэхдээ тэр сандал нь 800 мянган төгрөг юм байна лээ. Найман орцонд ийм сандал авахаар зургаан сая хол давна. Гэлээ ч манай залуучууд түшлэгтэй сандалны түшлэгт дээр нь гарч суугаад хүн суудаг хэсэг нь гишгэж, шүлс цэрээ хаячихдаг юмаа. Энэ муу сандал маань будаад янзалчихаар муухай зүйлгүй бат бөх. Манай байр ингэж хийснээс хойш энэ хавийн ихэнх байрнууд ийм сандал хийсэн дээ хэмээн хуучилсан юм.