Сурвалжлага, нийтлэл

15 жил гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүй манай редакцид хандаж ярилцлага өглөө

 

Манай редакцид нэгэн бүсгүй хандлаа. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэлд 15 жилийн турш өртөж яваагаа бусдад дэлгэхийг хүссэн юм. Энэ орос бүсгүй 1994 онд Монгол Улсын иргэн болжээ. Тэрбээр өсвөр насандаа ээж дүү нартайгаа хүнд хэцүү амьдралыг туулж өнгөрүүлсэн бөгөөд 2005 онд Э гэх монгол залуутай гэр бүл болжээ.

Тэрээр 3-12 насны гурван охинтой.Түүний ярьсан яриаг бүрэн эхээр нь хүргэж байна. Зарим нэгэн ярилцлагад редакцийн зүгээс ямар нэг эмхэтгэл, засвар, редактор хийлгүйгээр шууд хүргэх шаардлага үүсдэг. Уншигчид үг олон давтсан байна, эмх замбараагүй бичиж гэх мэтээр шүүмжилдэг учир дээрх тайлбарыг хийсэн болно.

-ДӨРВӨН НАСТАЙ ДҮҮГЭЭ ХӨТЛӨӨД, ЭЭЖИЙГЭЭ ТӨРӨХӨӨС ГАРГАЖ АВСАН ТЭР ӨДРӨӨС БҮХ АМЬДРАЛ МИНИЙ НУРУУН ДЭЭР ИРСЭН-

-Ярианы эхэнд тантай танилцья?

-Би 1994 онд Монгол Улсын иргэн болсон. Найман настай байхад ээж маань дутуу төрж  хоёр литр цус алдаж хэвтэрт орсон. Тэгээд би дөрвөн настай дүүгээ хөтлөөд ээжийгээ төрөхөөс гаргаж авсан тэр өдрөөс бүх амьдрал миний нуруун дээр ирсэн. Монголд бид нарт хамаатан гэх хүн байхгүй. Аавынхаа тухай юу ч мэдэхгүй. Тэр үед хүмүүс “Хүчитшонхор” гээд хүнсний зах байдаг, тэнд хүмүүс ногоо түүж амьдардаг гэж сонсоод тийшээ очсон. Ногоо ялгаад цалинд нь ногоо авна, эсвэл бараа бууж байхад нь энд тэндгүй унасан ногоонуудыг түүж аваад гэр бүлээ тэжээдэг байсан. Сүүлдээ арай том болоод өөрөө ногоо зараад  ямар ч байсан хоёр дүүгээ сургуульд сургасан. Өөрөө сүүлд нь оёдолчноор төгссөн.

-Та нар хаана амьдарч байсан бэ?

-Манайх нэг өрөө байртай байсан ч байрныхаа мөнгийг төлж чадахгүй явсаар байгаад нэг хүнд маш хямдхан өгсөн. Тэгээд Баянхошуунд зуны амбаарт гурван жил амьдарсан. Дараа нь Сансарт нийтийн байранд амьдарч байсан. Тэгээд ээж нэгдүгээр хороололд нойлын өрөөнд жижүүр олон жил хийсэн учраас хөөцөлдөж байгаад 7 м кв өрөө хувьчилж өгсөн.

-Нөхөртэйгөө анх хэдийд танилцав. Хэдийд гэр бүл болов?

-Сургуульд суралцах үед байр маань маш жижигхэн учраас өөрийнхөө хүсэлтээр асрамжийн төвд очсон. Тэнд гурван жил болохдоо нөхөртэйгөө танилцсан. Намайг сургуулиа төгстөл дөрвөн жил хүлээсэн.  2001 онд танилцаад 2005 онд гэр бүл болсон. Анхны охин маань 2006 онд, хоёр дахь охин маань 2009 онд, бага охин маань 2015 онд төрсөн. Одоо 3-12 насны гурван охинтой.

-Одоогийн байдлаар таны амьдралд ямар асуудал үүсээд байна?

-Арваад хоногийн өмнө бид хоёр муудалцсан. Би өөрөө харшилтай болохоор эко будгаар хумсаа буддаг. Тэрийг нөхөр маань урдаас захиалж авч ирж өгдөг. Энэ удаад анх захиалахдаа би мөнгөө зургаадугаар сарын 20-нд өгье болох уу гэж тохирсон. Заримдаа тань шиг будаж суръя гэсэн хүмүүс хандаж сургалт орж ирдэг. Хоёр ч сургалт наана нь яригдаж байсан болохоор за би боломж гарвал наана нь ч мөнгийг нь өгч магадгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь лакаа аваад явах гэсэн мөнгөө өг,  муу  луйварчид намайг дандаа ингэдэг байхгүй юу тэгээд орилоод чарлаад жижиг өрөө руу аваад орчихсон. Удалгүй гарч ирснээ нүүр рүү нулимсан. Ингээд муудалцсан юм. Ер нь бол дандаа ингэдэг. Хүүхдээ тэврээд сууж байхад нулимаад  л, хараагаад л. Тэгэхэд манай ээж хүүхдүүдийг маань харж өгөх гээд хүрч ирсэн байсан. Ээж минь элэгний циррозтой, маш тайван байлгах ёстой хүн. Би амьдралаа залгуулахын тулд өвчтэй ээжийгээ хаа холоос өдөр бүр ирүүлж хүүхдүүддээ харуулдаг. Галзуу авгай, орос авгай гээд ээжийг минь байнга доромжилдог, өсөж яваа охидын минь нүдэн дээр ээжийг нь байнга доромжилдог. Миний том охин яг иймэрхүү маргааны дараа хичээлээ ойлгодоггүй. Нүдэнд та хоёр харагдаад, нөгөө хоёр яаж байгаа бол гэж боддог гэж хэлдэг. Сая сонгоны шалгалтдаа уначихсан. Миний охин март өөрийгөө бод гэхээр үгүй ээ ээжээ надад ямар ч үед бодогдоод байна гэж хэлдэг.

-Хэдийнээс ийм харилцаа бий болсон бэ?

-Анхныхаа хүүхдийг олоод 7 сартай жирэмсэн байхад нэг орой аймаар согтуу, ууртай ороод ирсэн. Чи намайг гутаалаа, чи миний нэр төрд халдлаа гээд эхэлсэн. Би тэр хүнтэй амьдрахаасаа өмнө сургуульд сураагүй, ээж дүү нартайгаа нойлын өрөөнд амьдардаг гэдгээ бүгдийг нь хэлсэн. Өнгөрүүлсэн амьдралаасаа би юу ч нуугаагүй, амьдардаг газраа ч үзүүлсэн байсан. Тэр үед бид нарын амьдралыг мэддэг нэг залуу л “нэгдүгээр хорооллын галзуу орос авгайн сургууль соёл төгсөөгүй захын охинтой суулаа” гэж хэлсэн гэсэн. Тэр өдрөөс хойш л энэ амьдрал эхэлсэн. Юм л бол хужаагийн шээснүүд, нойлын өрөөний аквариумын хүүхэн гээд 15 жил доромжлуулж байна.  Хөөнө, зодно, эд материалаараа хохирно, тухай бүрд би шүүхэд хандаж байсан. Гурван удаа хандсан, одоо чи намайг насаараа шүүхэд өгсөн гэж дарамталдаг.

-Салъя гэхээр...?

-Салсан. 2013 онд үнэхээр тэвчихээ байгаад зодуулаад шүүхээр ороод салсан. Би Ватиканы төлөөлөгчийн газрын харьяа олон улсын байгууллагад 12 жил оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гар урлалын багш хийсэн. Тэр ажлыг маань хүлээн зөвшөөрдөггүй. Мэдрэл муутай, солиотой хүүхдүүдтэй ажилласаар байгаад наад ээж чинь солиотой болчихсон гэж байнга хүүхдүүдийг надаар дамжуулж дарамталдаг. Ингээд тэсэхээ болиод ажлаа өгсөн. Ажилдаа маш хайртай байсан. Тэгээд лангуун дээрээ суулгасан. Гэтэл байнга мөнгөнөөс болж хардана, сэрдэнэ. Хоёр нялх хүүхэдтэй хүн чинь адаглаж л эмнэлэг орох хэрэг гарна. Тэгэхээр уурлаад ажлаа хийсэнгүй гээд төвөгтэй. Ер нь өөрийнх нь хэлснээр л байхгүй бол уурлана. Хаанахын хэнтэй ч хамаагүй хардана. Тэгээд тэсэхээ болиод салсан. Шүүхээр арван сар хөөцөлдөж байгаад салсан, шүүх хурал маш их сунжирсан. Намайг тэр хугацаанд хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байсан. Уулзвал ийшээ тийшээ авч явна, шилжүүлнэ гэх мэтээр айлгаж байсан. Охид маань “Ээж ээ та явчих, таныг зодно ш тээ” гээд уйлдаг. Бид хоёр үлдчихье та өөрийгөө бод гэж хэлүүлэх хамгийн аймаар. Тэгээд яалт ч үгүй явах шийдвэр гаргасан.  Ээж дээрээ очих гэхээр хаалга үүдийг нь эвдээд их дарамталдаг болохоор найзуудаараа байгаад үсчний сургалтад суусан. Тэгээд шүүхийн шийдвэрээр хоёр хүүхэд минь миний асрамжид байхаар болсон. Харин тэр хүн бол тэтгэмжээ мөн шүүхийн шийдвэрээр гарсан эд хөрөнгийн маргааны мөнгийг өгдөггүй.

-Шүүхийн шийдвэрээс хойш дахин хамтдаа амьдарч эхэлсэн гэсэн үг үү?

-Ер нь намайг маш олон удаа хөөсөн. Өвлийн хүйтэнд, нялх хүүхэдтэй байхдаа ч хөөгдөөд нийтийн байр хажуу өрөө түрээслээд л яваад байна. Тэр болгонд одоо би дахиж тэгэхгүй, хоёулаа буцаад нийлье гэж уран цэцэн үгээ урсгана. Нээрээ бас хоёр хүүхдээ  амьтны нүд үзүүрлэгдэж байхаар аавтай нь өсгөе гээд л очихоор дахиад л нөгөө зан нь гарч эхэлнэ. Шүүхээр салахын өмнө би дөрвөн ханатай гэрээ зарж тэр хүнийг зээлийг төлсөн. Хүүхдүүдийнхээ хадгаламжийг хүртэл хоослоод зээлийг нь төлсөн. Тэгээд шүүхээр тогтоосон мөнгө төгрөгөө өгөхгүй болохоор нь гэр аваад өгчих, би айлын хашаанд ч хамаагүй хүүхдүүдтэйгээ амьдаръя гэхэд одоо би тэгэхгүй ээ, хэчнээн шүүхээр салсан ч гэсэн чамд одоо гар хүрэхгүй хүүхдүүдээ бодоод хамт байя гээд  10 сарын дараа буцаад нийлсэн. Шинэ амьдрал эхэлье хоёулаа хүүхэдтэй болъё гээд бага охиноо төрүүлсэн. За тэгээд би нялх хүүхэдтэй ажилгүй гэртээ суулаа, нөгөө зан нь хөдөлсөн. Нялх хүүхэдтэй хүнд алхам тутамд л мөнгө хэрэг болно. Ажилгүй хүн чинь санхүүгийн хувьд тэр хүнээс хараат болчихдог. Ахуй амьдралдаа хэрэгтэй мөнгө гэхээр чи өөрөө ол, би чиний юмыг авчихсан юмуу гээд эхэлдэг. Аргагүйн эрхэнд хүүхдээ зургаан сартайд нь хөхнөөс нь гаргаад ажил хийж эхэлсэн. Дамбадаржаагаас өглөө хүүхдүүдээ нэгдүгээр хороололд ээждээ аваачиж өгөөд, СЭМҮТ рүү туслах багшийн ажлаа хийнэ. Орой хүүхдүүдээ очиж аваад эргээд Дамба явна. Яг ингэж амьдардаг байсан. Тухайн үед өөрөө машинтай ч нэг  ч удаа зөөж үзээгүй. Миний авдаг цалин унаандаа л таардаг. Би 15 жил амьдрахдаа энэ хүнээс нэг удаа үсчин оръё гэж ч мөнгө авч үзээгүй. Эрэгтэй хүмүүс ажил хийгээд цалингийнхаа тодорхой хувийг эхнэртээ өгдөг л гэсэн. Би тийм юм авч үзээгүй. Өөрөө л найман настайгаасаа хөдөлмөрлөөд амьдралаа аваад яваад сурчихсан болохоор хүнд дараа болохыг хүсдэггүй.

–Орон байр хаана амьдарч байсан юм?

-Бид хоёр Дамбадаржаад нэг байшин барьсан. Тэнд эхний хүүхэд  гарсан. Яг тэр үед нөхөр хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Хажуу талын хашааны айлын охинтой явж эхэлсэн. Эцэг эхэд нь хэллээ, тоогоогүй. Тэр эмэгтэйн хажууд би зургаан жил амьдаараа хатсан. Хэцүү юм билээ, нөгөө айлдаа ороод алга болчихно. Энэ бол хүн үзэх амьдрал биш. Яалт ч үгүй би өөрөө амьдралдаа ааваа гэж дуудаж ч үзээгүй аавын хайр амсаж мэдрээгүй болохоор охидоо аавтай нь өсгөчих юмсан гээд бодоод явсан. Миний ээж их хатуу чанга шаардлагатай хүн, тиймдээ ч бид нар өдий хүртэл өөрсдийгөө аваад явах чадвартай буруу зөрүү зуршилгүй хүмүүс болцгоосон. Хоёрын хоёр нялх хүүхэдтэй хүн ажилгүй үедээ эм тариа памперс гээд бүх мөнгөө нөхрөөс гуйна. Чи хүүхдүүд эм уулгаж хорлолоо гэж мөнгө өгөхгүй байсаар байж хүндрүүлээд эмнэлэгт хэвтүүлнэ. Памперс сүү тарагны мөнгө гуйна. Ядаргаатай залхмаар хүүхэн гээд орилчихно. Тогоо тасдуулна. Өөрөө болохоор нөгөө хүүхэнтэйгээ шоудаад хэдэн өдрөөр алга болно, аваад гадагшаа явна тэгж байгаад өрөнд орно. Тэр хүүхнийхээ төлбөрийг нь төлж багшаар сургасан байсан. Чамайг бодвол боловсролтой хүүхэн гээд дандаа нэг хүнтэй харьцуулагдаж амьдарсан. Миний хүүхдүүд энэ бүхнийг хүн болсон цагаасаа хойш сонсож мэдэрч байгаа. Тийм учраас аль болох тэр хүнийг уурлуулахгүй юмсан, муухай үгнүүдийг нь амнаас нь гаргахгүй юмсан гээд тэснэ ш тээ. Орой ажил төрөл нь бүтэмжгүй орилоод ороод ирвэл би зүгээр л унтсан дүр үзүүлээд хэвтээд л байна. Тэгэхээр чимхэнэ хазна тэгж байгаад босгож байгаад хэрүүлээ хийнэ. Бүр өөрийгөө алчихъя гээд хүүхдүүдийнхээ өмнө хутга бариад айлгасан. Үүнээс болж том охин минь унаж татдаг болсон. Энэ бүхнийг таслан зогсоох гэж салах шийдвэр гаргадаг. Гэвч засрах байх, одоо юм бодох байх гээд очдог байсан.

-ОДОО БОЛ НОЙТОН АЛЧУУРУУР ОРООЛГОХ, АЛГААРАА БИТҮҮ ЦОХИХ, ХААЛГАНД ХАВЧУУЛАХ ГЭХ МЭТЭЭР ЗОДДОГ БОЛСОН-

-Одоо бол хууль ёсны эхнэр, нөхөр биш гэсэн үг үү?

-Шүүхийн шийдвэрээр салаад таван жил болж байна. Арван сарын дараа буцаж нийлээд бага охиноо гаргаад хоёр жилийн өмнө ахиад зодсон. Хүүхдэдээ хэрэгцээтэй мөнгө асуугаад зодуулсан. Өмнө нь зодож нүдээд цагдаад бүртгэлтэй болсон болохоор одоо алгаараа битүү цохих нойтон алчуураар ороолгох хаалгаар хавчих гэх мэтээр зоддог болсон. Яг тэр зодсон өдөр нь цагдаад өгөөгүй. Гадагшаа явах гэж байсан болохоор бас гай болоод яахав, муу нэр маань нэгээр нэмэгдэнэ гэж бодсон. Гэтэл ээж ирээд намайг харчихсан. Тэгээд орой нь ээжийг хараад хэрүүлээ хийгээд эхлэнгүүт ээж цагдаа дуудсан. Тэгэхэд долоо хоног хоригдсон. Тэр цагаас хойш гар хүрэхгүй зүгээр л үгээр иднэ, хэмлэнэ.  Заримдаа үүнийхээ оронд ганц цохиод аваасай гэж боддог. Цохиулах нь амар юм билээ. Гэхдээ энэ нь би хүчирхийлэлд дасчихсан байгаагийн шинж. Үүнийг хүүхдүүд минь харж өсөөд амьдрал дээр эвлэрвэл яана, ээж ингээд л байж байдаг гээд. Тийм биз дээ.

-Та ийм л учраас хэвлэлд хандахаар шийдсэн гэсэн?

-Ийм юмтай эмэгтэйчүүд битгий эвлэрээсэй. Энэ нийгэмд ил тод хүчирхийллээс гадна үл хайхрах, хэл амаар доромжилдог хүчирхийлэл зөндөө байна. Энд өсөж байгаа хүүхдүүдийн сэтгэлзүй ямар хүнд байдаг,  эргээд энэ хүүхдүүд яаж нийгэмших, хэн болж өсөх энэ бүгдийг бодохоор  би өөрийнхөө амьдралаар жишээ өгч дуу хоолой нь болох ёстойг ойлгосон. Мөн намайг сүүлийн үед байнга үхээд өгөөч, чи үхээд өгчих юмбол бид нар сайхан амьдрах гээд байна гэдэг болсон. Энэ үгийг нэг хоёр удаа сонсвол за яахвэ, солиорч байна гэж бодоод өнгөрнө. Байнга сонсоод ирэхээр өөр зүйл бодогдож эхэлдэг. Орой ажлаа тараад харихаар за ямар ааштай байгаа бол өнөөдөр орохоор яах бол, би тэр гэрт орсноороо хүүхдүүдээ зовоох болов уу гэж боддог. Яах гэж энэ янхан эхийгээ оруулсан юм, та нар яг эх шигээ гээд орилно. Юу гэж байгаа юм бэ? Эцэг хүн төрсөн охиддоо эх чинь янхан, эх чинь биеэ үнэлэгч, эх чинь хужаагийн шээс гэж байгаа нь чи ч гэсэн хужаагийн шээс гэж байгаатай ялгаагүй. Би гэрт орсноороо тэр хүүхдүүдийг зовоодог. Сүүлдээ хөл урагшаа алхдаггүй. Заримдаа ингэж амьдарч байхаар үнэхээр үхчих юмсан гэж санагддаг. Ийм бодол надад сүүлийн үед олонтаа төрөх болсон. Зүгээр яваад өгөхөөр эх чинь янхандаад явчихсан гэнэ. Тийм нэр зүүлгэхгүйн тулд үхчихсэн нь цэвэрхэн байхгүй юу. Тэгэхээр бас нөгөө амиа хорлосон авгайн хүүхэд гээд охид руу минь дайрах болов уу гэж боддог. Би одоо эд нарт хэрэггүй ч гэсэн хожим амьдарлаа зохиогоод явах үед нь хажууд нь хүүхдийг нь хараад ч гэсэн тус болчих юмсан гэж боддог. Дээрээс нь дөнгөж долоохон сарын настай гэж байгаа ээжийнхээ урд орж тэр хүнийг бас зовоогоод яахав гэж боддог. Ингээд би л тэсье, би л тэсье гэж явсаар байгаад сүүлийн гурван сар огцом турсан. Надад хоол идэх ямар ч сонирхол байдаггүй. Унахгүйн тулд л аяга шөл иддэг, дараа нь ходоод өвдөнө. Сав өвдөнө, бүх мөч байнга өвдөнө.

-Одоо та нар тэгээд хаана амьдарч байна вэ?

-Би өнөөдөр амьдралаа авч явахын тулд сард сая 600 мянган төгрөгийг зөвхөн төлдөг. Яаж байртай болсон бэ гэхээр ажил хийж хэдэн төгрөг хураасан. Тэгээд хувь лизингээр нэг өрөө байр авсан.  Дүү маань ОО-ын өрөөгөө барьцаалж 6 сая, ээж тэтгэврээ зээлж 3 сая, Хаан банкнаас бизнесийн зээл гэж 3 сая, Нэт капиталаас сая 500 мянган төгрөгийн зээл, өөрийн цуглуулсан мөнгөө нэмээд 16 сая төгрөг урьдчилгаанд өгөөд нэг өрөө байртай болсон. Хүмүүс намайг ойлгодог, миний бүх амьдралыг мэддэг болохоор тэтгэж өгсөн. Сард сая төгрөг төлнө. Дээр нь зээлүүдээ түрээсээ өгнө. Үүнээс илүү гаргаад би хүүхдүүдээ хооллоно, хувцаслана, эм тариаг нь авч өгнө, ээжийнхээ эм тариаг авна ингэж би өглөө 11 цагаас заримдаа шөнийн 01. 02 цаг хүртэл ажилладаг. Аз болоход надад үйлчлүүлэгчид олон байдаг. Өглөө утсаа асаахад л тань дээр цаг байна уу гээд эхэлдэг. Надад тусалдаг олон хүн бий, тэр хүмүүсийн ачаар би энэ гурван сард байртай болсон. Засвар хийгээд явж байхад нөхөр  чи наад байраа түрээсэлчих гэхээр нь за хөөж туухгүй юм байна дээ гэж бодоод түрээсэлчихсэн чинь ахиад хөөлөө. Тэгээд сая зээл авч оруулсан айлаа гаргаад өчигдөр хүүхдүүдтэйгээ орж одоо л нэг амар тайван болж байна.

-Одоо амар тайван байх баталгаа бий юу? Тантай явснаас тань хойш холбогдсон уу?

-Өчигдөр би утсаар яриад юмнуудаа авъя гэсэн чинь өө тэг тэг, чамтай хамт байх юм бол алуулах юм байна гэсэн.

-Юу гэсэн үг үү?

-Хамгийн сүүлд маргалдахдаа хаалгаа хаагаад лак өгдөггүй, намайг нулимаад ээжийг нь хөөсөн. Би чинь бас хүн ш тээ. Надад зүрх сэтгэл байна. Одоо миний утсан дээр дарамталдаг хэл амаар доромжилдог бүх мессэж байгаа. Сүүлийн хоёр сар намайг ингэж хэмлэж байгаа. Үндсэндээ байртай болсноос хойш гэх үү дээ. Тэр өдөр тэвчээр алдагдаад жижиг өрөөний хаалгыг ганжингаар цохисон, намайг сонсохгүй, ярилцахгүй болохоор нь. Яаж миний ээжийг хөөж чадаж байнаа. Гадагшаа нэг явахаараа сар гаруй явдаг. Европ Хятад руу байнга аялна. Тэгэхдээ бид дөрөвт сүүний 1000 төгрөг ч үлдээдэггүй. Энэ хооронд миний ээж бид нарт тус болдог. Тэгэхэд миний ээжийг хужаагийн шээс, орос авгай шээсээ аваад зайл гээд. Би дөнгөж босгосон амьдралаа залгуулмаар байдаг, хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлмээргүй байдаг. Тэгээд хаалгыг элдүүрээр 3-4 удаа цохисон чинь цагдаа дуудсан. Дуудахдаа энэ хүүхэн намайг хутга бариад аллаа, хоолойг чинь хэрчинэ гэж байна гээд 102 намайг авч явсан.

-Тэгээд...?

-Тэр цагдаа мөрөн дээрээ камертай явдаг юм билээ. Миний охиноос,ээжээс мэдүүлэг аваад явсан. Дараа нь ээж охин хоёр очиж байцаалт өгөөд сууж байхад нь гаднаас орж ирж орилоод хүүхдэд сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Миний охин аавыгаа хараад бүлтэлзээд л. Тэгээд байцаагч намайг дуудаад та яагаад хутга шийдэм бариад хүн алах гээд байдгийн, яагаад хонон өнжин гадуур тэнээд байдгийн гэж асуусан. Согтуу орж ирдэг, биеэ үнэлдэг хүнийг юу л гэж хэлж болохоор байна тэр бүхнээр хэлсэн. Би зөрүүлээд гомдлоо гаргасан. Би элдүүрээр хаалга цохисон нь үнэн, би өөрөө эх хүн, бас өөрийнхөө ээжийн хажууд тэгж хутга бариагүй. Гомдол дээрээ гүтгэсэн гээд бичсэн. Өнгөрсөн нэг дэх өдөр шүүх хурал зарласан чинь би өмгөөлөгч авна гээд хойшлуулчихсан.

-Цаашдаа ямар бодол байна?

-Би гурван хүүхдээ аваад амьдраад явж чадна. Хоёр том хүүхэд маань шүүхийн шийдвэрээр миний нэр дээр байдаг. Бага хүүхдээ дахиад шүүхээр ороод тэтгэвэр тэтгэмжийг нь тогтоогоод өөрийнхөө асрамжид аваад явна. Өмнө нь бол би нийтийн байр гээд янз янзын нь л газар амьдарч байсан болохоор хүүхдүүддээ орхиод ажилд явахад үнэхээр хэцүү байдаг. Одоо бол ажлынхаа дээд талд болохоор санаа зоволтгүй. Ээжийгээ дэргэдээ авна.

-Нөхөр ямар байр суурьтай байгаа бол?

-Тэр хүн хүүхдүүдээ авна гэдэг. Гэвч хүүхдүүдтэйгээ нэг ч удаа тоглодоггүй, дэлгүүрээр дагуулж явдаггүй. Би хоёр жилийн өмнө өвөл гурван хүүхэдтэйгээ тэр айлаас хөөгдсөн. Нэг ч удаа яаж байна гээд асуугаагүй. Би ажилгүй байсан. Өвлийн хүйтэнд ханиад хүрэх наад захын асуудал, нэг нь өвдөхөөр гурвуулаа өвдөнө. Тэгээд байр түрээслээд зурагт байхгүй учраас хүүхдүүддээ дандаа тоглоом авч өгдөг байсан. Зун болоод дахиад л нөгөө тэгэхгүй ингэхгүй одоо ёстой ойлгосон гээд, хүүхдүүд ч гэртээ харья, аавтайгаа хамт байя гээд  л. Би л дандаа буулт хийдэг болохоор бас л тэгсэн. Нөгөө талаас тэр үед миний эрүүл мэнд их асуудалтай өвдөөд байсан болохоор ингэж байгаад нэг л өглөө сэрэхгүй болчихвол миний хүүхдүүд хэрүүлтэй ч гэсэн аавынхаа дэргэд байвал гэж бодоод нийлсэн. Тэгээд очсон чинь нөгөө хүүхдүүддээ авч өгсөн тоглоомыг бүгдийг нь хаясан. Яагаад гэсэн чинь хужаагийн хог, гэр орон буулгаад байна гээд. Зүгээр л, энэ хүний хүссэнээр л байх ёстой.

-Тэр хүний хүсэл нь...?

-Маш цэвэрхэн, дэг жаягтай. Хүүхэдгүй юмшиг амьдрах ёстой. Гэтэл эд нар чинь жинхэнэ тоглодог хөгждөг дээрээ байгаа шүү дээ. Аав нь орж ирээд утсаа оролдоод хэвтчихдэг. Тэгээд жижиг өрөөндөө хүүхдүүддээ бүгдийг нь оруулна. Өөрөө тэнд бараа таваар бүх юмаа хураана. Тэгээд чимээгүй бай гээд хаалгыг нь хаачихна. Чимээгүй бай, чимээгүй бай. Ерөөсөө л энэ. Бид нар дөрөв дэх өдрийн тоглоомын өдөр, тав дахь өдрийг киноны өдөр болгоё гэж ярьсан. Охид нь тоглоё гэхээр яасан ядаргаатай юм би тоглохгүй гэнэ. Жаахан шуугилдангуут нь барьж байгаа юмаараа ороолгоно. Өмд, цамц, куртик юугаар ч хамаагүй тэр нь цахилгаантай, товчтой нь хамаагүй.

-Одоо та ямар нэг дарамтад өртөхгүйгээр амьдарч чадах болов уу?

-Одоо болох шүүх хурал дээр өмгөөлөгч авъя гэхээр надад үнэндээ илүү гарах мөнгө алга. Би арайхийж зээл лизинг хүүхдүүдийнхээ хоол хувцас өдөр тутмын зарлагыг аргалж байна. Гэхдээ өмгөөлөгчтэй ормоор байна. Хоёрдугаарт, хуулиараа хамгаалуулмаар байна. Би монгол улсын иргэн. Монгол улс иргэнээ өмгөөлж хамгаалдаг гэдгийг өмнөх шүүх хурал дээр харсан. Би энэ хүнээс тодорхой хэмжээгээр зайтай баймаар байна. Нэг тийм зай заачихсан хуулийн заалт байдаг юм билээ. Ядаж л намайг гудамжинд хүүхдүүдтэйгээ явж байхад авгай энэ тэр гэж орилдгийг нь болиулмаар байна. Хаана ч хамаагүй тэгж орилдог. Наад авгайгаа хар даа хужаагийн шээс, наад чинь луйварчин, хулгайч гээд л. Хүүхдүүд нь олон хүний дунд эвгүй биз дээ, тэгж болохгүй биз дээ. Эцэг нь шүү дээ. Би өөр хүний хүүхэд гаргаагүй шүү дээ. Ийм ийм үйлдлүүдэд өртөхгүй байх нөхцөлийг хуулиар шийдүүлмээр байна.

-МИНИЙ ОХИД ЭЭЖИЙГЭЭ УУЧЛААРАЙ, ҮҮНЭЭС ЦААШ ЭЭЖ НЬ ААВТАЙ НЬ БАЙХ ҮНЭХЭЭР БОЛОМЖГҮЙ-

-Нөхрийн тань аав ээж, хамаатан саднууд ямар байр суурьтай байгаа бол?

-Аав ээжгүй, ээжийнхээ тал дээр өссөн. Тэр хүмүүс хэзээ ч миний үгийг сонсож байгаагүй. Ямар нэг зүйл болоход харин бөөнөөрөө нийлж дайрдаг. Муудалцаад яваад ирэхээр миний эдэлж хэрэглэж байсан зүйлүүд нэг нь ч байдаггүй. Бүгдийг нь шатаачихсан гэдэг. Хэсэг хугацааны дараа эгч нар нь өмсөөд явж байдаг. Би өөрөө гар урлалын багшаар 12 жил ажилласан. Түлхүүрийн оосор цүнх түрийвч гээд юмхнаар юм хийдэг. Тэр хугацаандаа би цүнхний ном гаргах гээд эхээ бэлдчихсэн байхад шатаагаад л хаячихсан.

-Таны ах дүү хамаатан садан гэж бий юу?

-Ээжийн талын ахан дүүс бүгд хойно байдаг, сайн мэдэхгүй. Миний дээд талын хоёр ах Орост байдаг. 26 жилийн дараа ээж Оросын телевизэд захиа бичээд бид Улан-Удэд очиж уулзсан. Тэр хоёрын минь амьдрал бас хэцүү. Асрамжид өссөн, монголын эрлийз гэж маш их гадуурхагдаж том ах  маань зодуулсаар байгаад бие муутай болсон. Одоо группт байдаг. Тэгээд бас олон хүүхэдтэй. Ер нь бол хүрээд ир бид нар авъя гэдэг. Би тэд нарт дараа болоод яахвэ. Миний ах намайг 26 жилийн дараа уулзахад гарын сорвиор таньж байсан. Намайг жаахан байхад өөрсдөө пийшин дээр унагачихсан юм билээ. Хоёр дүү маань амьдралд хөлөө олсон. Гэр бүлийнхээ амьдралыг хоёр дүүдээ тэр болгон ярихыг хүсдэггүй. Залуу хүмүүс эгчийгээ өмөөрөөд юу ч хийж болно. Ээждээ ярих нь хаашаа юм гээд тэсэж тэвчсээр өдий хүрсэн.

-Мэдээж тэр хүн таныг сонсдоггүй, ойлгодоггүй. Та энэ яриагаар  дамжуулаад юуг хэлмээр байна?

-Намайг хайрлахгүй хүндлэхгүй байж болно. Хүнээс үлддэг ганц зүйл бол үр хүүхэд, тэд эргээд өөрөөр нь овоглоно. Би чадахаасаа чадахгүй хүртлээ алдаа дутагдал гаргасан байж болно. Гэхдээ 15 жилийн хугацаанд энэ гэр бүлийг бүрэн бүтэн байлгахыг хүссэн. Хүүхдүүдээ нэр бүтэн өсгөхийг л хүссэн. Туйлын ганц хүсэл л энэ. Тэрнээс биш би амьдралаа яаж ийгээд авч явж чадна. Хар багаасаа би амьдралаа авч явсан. Унадаг татдаг дүүгээ, ээжийгээ найман настайгаасаа хоёр идүүлэхгүй ч хоосон хонуулахгүй аваад ирж чадсан. Надад гурван хүүхдээ аваад явах асуудал биш. Гол нь хүний нэр бүтэн, элэг бүтэн байна гэдэг юугаар ч сольшгүй зүйл. Би хүүхдүүддээ хэчнээн тоглоом хувцсаар хангасан ч аавынх нь хайрыг юугаар ч орлуулж чадахгүй. Эмэгтэй хүүхдэд эцгийн хайр хамгийн чухал. Тэр хүүхдүүд эр хүнийг ааваараа төсөөлж өсөж байгаа, тэд эр хүн ийм байдаг гээд итгэчихвэл яахын. Амьдралд итгэх итгэлгүй, ирээдүйдээ амьдралаа зохиохгүй байвал яахын.

Тэгэхээр хүүхдүүдээ сонсооч, хайрлаач, би хамаагүй угаасаа намайг үеэ өнгөрөөсөн авгай гэж хэлдэг. Хөгшин авгай би чамайг сонирхохоо больсон л гэнэ. Би хоёр гараараа зургаан чих таглаж чадахгүй учраас үнэхээр хэцүү байдаг. Энэ гэр бүлд төрсөн нь миний хүүхдүүдийн буруу юмуу. Яагаад өөрсдийнхөө энэ муухай харьцаанаас болоод хүүхдүүдийг үүгээрээ дамжуулж дарамталж байх ёстой юм бэ? Ирээдүйд магадгүй би байсан ч байгаагүй ч Э минь гурван охиноо нэг удаа ч гэсэн сонсоод, нэг удаа ч гэсэн сэтгэлээсээ бүх ажлаа хойш нь тавиад утсаа унтраагаад бүтэн нэг өдөр зөвхөн гурван охинтойгоо өнжиж үзээсэй. Тэр гурвын юу бодож мөрөөддөгийг сонсоосой. Ямар хүн болохыг нь, ямар авьяастайг нь, өөрт нь ямар их хайртайг нь мэдээсэй. Аав хүн ийм байдаг гэсэн ганц сайхан дурсамжийг гурван охиндоо үлдээмээр байна. Өөр би юу хүсдэггүй. Хамаагүй тэтгэмж энэ тэр өгнө үү үгүй юу хамаагүй.

-Өөр та нэмж юу хэлмээр байна?

-Дүүргийнхээ цагдаагийн газар гомдлоо өгсөн. Би өмгөөлүүлмөөр байна. Ганцхан би биш миний ард гурван бага насны хүүхэд байна. Энэ хүүхдүүдийг эх чинь ийм тийм гэж орилдог. Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн цохиж зодсоноор илэрдэггүй. Далд хэлбэрүүд маш их байгаа. Хүүхдүүдээ тоохгүй сонсохгүй хайхрахгүй. Миний охин сонсголоороо төгөлдөр хуур тоглож сурсан. Тэгсэн төгөлдөр хуурыг нь зарчихсан. Яаж байгаа нь гэсэн чинь би мөнгөөрөө авсан, надад хэрэг болсон л гэсэн. Охин шууд төгөлдөр хуураа хаясан. Би хэчнээн ажилгүй орлогогүй байсан ч хүүхдүүдийнхээ сар болгон улсаас өгдөг мөнгийг цуглуулж байгаад цэцэрлэгт байхаас нь эхлээд балетаар зургаар ятгаар хичээллүүлж эхэлсэн. Жил болгон яаж ийж байгаад хөгжүүлдэг. Харин тэр хүн хэрэггүй, хүүхдүүдээ зүгээр л гэрийг нь цэвэрлэж сурга гэдэг. Нэг удаа нэг дамжаанд явуулж үзээгүй. Би үнэтэй авсан, наад горшок орхи гэсэн. Надад авч өгсөн гутлаа би мөнгөөрөө авсан гээд аваад өмсүүлэхгүй өвөлжүүлсэн. Ийм байж болох юм уу. Хуулийн зөвлөгөө авахад хамт амьдарч байхдаа босгосон бүх зүйл бол дундын өмч гэж би сонссон. Гэтэл тэр хүн юу гэдэг вэ гэхээр энэ байрыг би мөнгөөрөө босгосон чи зүгээр идээд хэвтэж байсан гэдэг. Чиний энэ амьдралд оруулсан хувь нэмэр юу ч байхгүй гуйлгачин гэдэг. Гэтэл шүүгч энэ хүн чамд аяга цай чанаж өгч байсан уу, хүүхдүүдээ сайн хардаг уу, гэр орныг нь цэвэрлэдэг үү, хүүхдүүдийг чинь төрүүлээд хөхүүлээд өсгөсөн үү энэ бүхэн чинь танай гэр бүлд оруулж байгаа хөрөнгө оруулалт юмаа гэсэн. Тэр хүн одоо болтол ойлгоогүй. Би горшоктойг горшокгүй амьдарна л даа. Зүгээр л энэ хүний хандлага ийм юм. Ганцхан би энэ хүнийг буруутгах гээд байгаа юм биш. Мэдээж энэ амьдрал хоёр хүний дундаас босно. Надад ч гэсэн алдаа дутагдал байгаа. Би үүнийг тэсэж тэвчихгүй аль эрт зогсоож болох байсан уу байсан, хүмүүсийг над шиг ийм алдаа битгий гаргаасай, битгий энэ хүчирхийлэлдээ автаад, дасан зохицоод эвлэрээд яваа. Хүүхдүүдийн сэтгэл зүй хажууд нь эмтэрдэг, хичээл дээрээ очоод анхаарал төвлөрдөггүй та хоёр нүдэнд харагддаг гэж ярьж байна. Сурлага хүмүүжилд нь муугаар нөлөөлж байна. Сайхан авьяас илэрч байхад тэрийг нь тоохгүй байсаар байгаад жирийн л нэг хүсэл мөрөөдөлгүй хүн болгож байна. Хажуугаар нь эцэг эх хамаатан садан нь сэтгэлзүйгээрээ хохирдог. Энэ бүгдийн дуу хоолой болохыг би хүссэн. Ганцхан миний хүүхдүүд биш ийм амьдрал зөндөө харж байсан. Эмэгтэй хүн тэвчдэг, тэсдэг, салаад явбал бид биеэ үнэлэгч муу нэртэй болдог. Тэвчээд байвал бас л муу нэртэй ч ядаж хүүхдүүдийн хажууд аав ээж нь байх юм даа.

-Магадгүй, таныг дахиад нэг боломж өгөөч гэвэл?

-Одоо бол үгүй. Яагаад би энд ирэх шийдвэрийг гаргасан бэ гэхээр энэ бүхэнд л цэг тавихыг хүссэн юм. Одоо хүүхдүүд маань юмны наадах цаадхыг ойлгож байна. Энэ хүртэл ээж нь тэвчлээ. Миний охидээжийгээ уучлаарай. Үүнээс цааш аавтай нь хамт байх үнэхээр боломжгүй. Би энэ хоёрыгоо жаахан том болтол намайг ойлгох хүртэл нь тэвчиж ирсэн. Дуу хоолойгоо ингэж хүргэе гэж удаан бодсон. Энэ хүнийг намайг арай ч ингэж гүтгэнэ гэж бодоогүй. Намайг алах гээд хоолойг минь хэрчих гээд байна гэж гүтгэж байгаа хүн. Би энэ бүгдийг тэвчиж явсаар миний эрүүл мэнд маш их муудсан. Дөрвөн мөч байнга бадайрна, зүрхний хэм алдагдалтай, өндгөвч их өвддөг. Би эмнэлэгт очихоос айдаг. Очоод янз бүрийн онош гарч ирвэл урдаа тавьсан зорилго саарна. Хавдрын шинжилгээ өг гэснээс хойш их айх болсон. Надад эрүүл мэнд сэтгэл санааны тусламж хэрэгтэй байна. Энэ бүхнийг биш ирээдүйг сайхнаар харж амьдармаар байна. Сүүлийн үед ингэж байхаар болиод өгдөг ч юмуу гэж хэд хэдэн удаа бодсон. Намайг яваад өгвөл миний юу туулж өнгөрүүлснийг хэн ч мэдэхгүй, хүүхдүүдийг минь буруутгах вий. Би юу ч болдог байсан энэ бүхнийг ярих ёстой гэж бодсон. Охид маань намайг ойлгох байх. Эцсийн шийдвэр ийм л байна.

 Д.НАРАН

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (22)

  1. Иймэрхүү хөгийн эрчүүд их болсон бна. Ажил хийхгүй авгайгаараа тэжээлгэнэ за тэгээд хэдэн төг олбол үхэхнээ миний мөнгө гээд салахаар салж чадахгүй шалчигнана .хүний муу арилдаггүй тэнгэрийн муухай арилдаг , муу хүнд үг бүү дуулга гэсэн үг байдгын эртхэн салсан дээр аавтай аавгүй хүүхэд өснө.

  2. энэ их тааруухан, учир зүйн холбоогүй мэдээлэл шиг санагдаж байна. Эсвэл би ойлгосонгүй юу? Ээж нь жижүүр хийдэг байсан, өөрөө зах дээр ажил хийж байж 2 дүүгээ сургуульд сургасан, тэгсэн мөртлөө сургуульд байхдаа байр жижигхэн , гэртээ багтахгүй болохоор асрамжийн газарт байсан , тэндээ энэ нөхөртэйгээ танилцаад хамт амьдарсан хэрнээ нөхөр нь амьдралыг нь гэнэт суусан хойноо ойлгосон юм шиг аашилдаг, хүмүүс өөрийг нь орос эмэгтэйн, захын охин гэж нөхөрт нь хэлсэн байхад нөхөр нь хужаагийн хүүхэд гэж загнадаг гээд л юу юу ч болоод байгаа юм бэ, уучлаарай

  3. Unekheeriin teneg zaluu bnaa. Emegtei bol mash ukhaantai busgui bna. Zarim mongol erchuud bas muikhar teneg shuu. Ene mangar zaluug shorond oruulakhaar ooriig n yaj amitan bolokhiig n kharakhiinsan. Emegtei khuniig deerelkhedeg ongoroo zan n baikh bolov uu? Malnaas doloon dor.

  4. ямар мундаг бүсгүй вэ охиддоо зориулдаг сэтгэл ёстой агуу бнаа юун доороос ч босч чаддаг ийм хүчтэй эмэгиэй яаж ийм шумуул шиг хорон хүнтэй ийм удаан амьдарсан бнаа нѳхрийн тухай бодсон ой гутчихлаа

  5. Мундаг эмэгтэй бна. Хүүхдүүд ээжтэйгээ хамт сэтгэл тайван, аз жаргалтай амьдраарай. Эрүүл мэндээ анхаараарай гэж хүсье Амьдралд бууж өгөлгүй өөртөө байгаа боломжоо ашиглаж өдий зэрэгтэй яваад нь бахархаж байна.

  6. Энэ арай болохгүй ээ харин эрхмүүдийн яриад байгаа хүүхдийн хүчирхийлэл гэдэг цөөн хүн амтай манай улс тэгээд эдийн засгийн байгаатайгаа эсрэг хамааралтай хоолгүй гэдэс өлсөж суухад хүүдээ худлаа инээж үнсэхгүй бол үл хайрхарах хүчирхийлэл гэнэ үү ёстой хуцваа

  7. Ene emegtei mash mundag daichin amidraliin toloo gesen setgel zurhtei hun bna aa orlogoosoo iluuchleed huuhduudee surgaj humuujuuldeg getel manai ber nohriinhoo olj irsen mongiig shoydaad 2 huuhdiinhee hajuud zaluu awchiraad honood l bj bdag amidral neeree shudarga bus ym aa

  8. Huchtei baigaarai. Biye uzuulj eruul baihgui bol huuhduuddee daramt uusgene shuu. Nadad bas chamtai adil amidral baigaa. Mash hetsuu. Gehde bi ooriigoo huuhdeeree ajlaaraa saatuulj amidardag.

USD

Close
Close