Нийгэм

Барилгаас унасан тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдвэл эмчилгээний төлбөр өгөхгүй гэж сүрдүүлжээ

"Рапид архитектур констракшн”-ын 100 айл орчимд барьж буй таван давхар барилгаас мужаанаар ажиллаж байсан н.Хүрэлсүх унаж, бэртсэн осол гарчээ. Уг осол тавдугаар сарын 19-ний өдөр болсон байна.

Хохирогчийн хагалгаа амжилттай болсон ч биеийн байдал хүнд байгаа. Уушгиндаа цус хурсан, элэг бяцарсан, нэг хөл нь мэдээгүй болсон, дотуур эрхтэнд ихээхэн гэмтэл үүссэн хэмээн хохирогчийн ээж Д.Долгор ярив.

Осол гараад нэлээд хэдэн өдөр өнгөрсөн ч ажиллаж байсан байгууллагаас нь түүний аавтай нэг удаа ирж уулзахдаа хэвлэлд ямар нэг мэдээлэл өгч болохгүй, хэрэв өгвөл хүүгийнх нь эмчилгээний зардлыг төлөхгүй гэжээ. Гэвч үүнээс хойших хугацаанд тус компаниас дахин төлөөлөл уулзаагүй, хуулийн байгууллагаас хэрэг үүсгээгүй аж. Тиймээс ар гэрийнхэн нь өнөөдөр өмгөөлөгч Ц.Монголын хамтаар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Ц.Монгол “Хуулийн дагуу барилга гүйцэтгэгч компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч таван давхар барилга барьж байгаа хэр нь хамгаалалтын тор ч татаагүй байгаа. Осол гараад 20-иод хоног өнгөрч байхад нэг ч удаа шинжээчийн дүгнэлт гаргаагүй, хохирогчоос мэдүүлэг аваагүй. Ном ёсоороо бол хохирогчоос мэдүүлэг авч, гэмтлийн зэргийг нь тогтоон, хэрэг үүсгэн шалгах ёстой. Гэтэл одоо болтол хэрэг үүсгээгүй” гэлээ.

Хохирогчийн ээжийн түүний хүү гурван настай, ой гарантай хоёр нялх хүүхэдтэй бөгөөд эхнэр нь хүүхдүүдээ хардаг гэв. Мөн Гэр бүлийнхээ хамт хөгшин эцэг, эхээ авч явж буй ганц хүн нь. Гэтэл одоо дахин хөдөлмөр эрхлэх чадваргүй боллоо. Иймд аюулгүй ажиллах орчныг бүрдүүлээгүй компанид үнэхээр гомдолтой байгаагаа илэрхийллээ.

Ж.ДӨЛГӨӨН

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close