Нийгэм

Осол гарч гурван хүн амиа алдсан, уурхайн эзэд хариуцлага хүлээлгүй хил давж зугтжээ

Налайх дүүргийн “Эрдэнийн хөгжил” уурхайд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр үүсэн нурангийн улмаас гурван хүн нас барж нэг хүн хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэргийн талаар амиа алдсан ажилтнуудын гэр бүл болон өмгөөлөгч н.Монгол нар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Ц.Монгол:

Ажилтнуудыг орохгүй гэж байхад нь шаардсаар байгаад ор хэмээн амь насыг нь хохироосон. Хэрэгтнүүд хэргийн дараа зугтаад алга болсон. Хуулийн байгууллагынхан оройтож ажилласан бөгөөд 24 цагийн дотор харьяаллын асуудлыг шийдэж шийдвэрлэдэг боловч одоо болтол сураггүй байна.

Улсын ерөнхий прокурорт уг хэрэг 15 хоносон бөгөөд тавдугаар сарын 10-ны үед улсын мөрдөн байцаах албанд очсон. Иймээс хэргийн дагуу холбогдон асуухад өмгөөлөгч Ууганбаяр “Би шалгаж байна ” гэдгээс өөр зүйл хэлээгүй. Мөн хохирлын хэмжээг тогтоож, барагдуулж өгөхгүй байна.

Гол гэмт этгээдүүдийг олоогүй бөгөөд тэд хил даваад явсан. Энд үлдсэн зарим хүмүүсийн паспортыг хурааж авсан гэдэг л мэдээлэл өгсөн. Хуулийн байгууллагынхны хариуцлагагүй байдлаас болж энэ хэрэг хоёр сар гаруй хугацаанд шийдвэрлэгдээгүй байна.”

Эрдэнийн хөгжил хувьцаат компанийн ажилтан Ганбат:

Дөрөвдүгээр сарын 12-нд дуудаж ирүүлэн өөр хаалгаар оруулж, тоног төхөөрөмжийн лацыг авч ажиллуулсан. Бригадын дарга н.Оргил 18-нд нуралт үүсэж магадгүй учраас ажиллахгүй гэж тухайн өдөртөө амраасан.

Харин 20-нд өөр бригадын дарга ажилд авч, одоо ажиллах хэрэгтэй гэж хэлсэн бөгөөд бид орохгүй хэмээн эсэргүүцсэн боловч даргатай ярьж ажиллахыг шаардсан. Найман цаг өнгөрөөгөөд нуралт үүсэж гурван хүн дарагдсан байсан. Биднийг аврах гэж хичээж байх үед аврах ангийнхан ирж хамгийн сүүлийн хүнийг үүрийн гурван цагт гаргаж авсан.

Биднийг харьяаллыг шалгаж өгнө хэмээн хэдэн сар явсан боловч одоо хэргийн эзнийг ч олж чадахгүй хэнд хандахаа ч мэдэхгүй болцгоосон учир өмгөөлөгч авсан юм. Одоогийн байдлаар хэргийн талаар тодорхой зүйл бидэнд хэлж өгөөгүй байна. Үлдсэн ар гэрийнхэнд нь улсаас өгсөн тусламж дуусаж, үр хүүхэд хань ижилд нь хэцүү байна. Хурдхан энэ хэргийг шийдэж өгөөч хэмээн хүсэж байна.”

Нас барсан хүний эхнэр:


“Би 47той хүүхэдтэйгээ гэртээ байдаг нөхөр маань ар гэрээ авч явдаг байсан. Манайх айлын хашаанд амьдардаг бага хүүхэд маань гурван настай би өөрөө нурууны гэмтлээс болж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Хэргийн талаар маш тодорхой байхад яагаад ингэж олон газраар явуулж хэргийг шийдэж өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Нөхрийн маань цалингаас 10 хувийг авдаг байсан бөгөөд сураглаж үзэхэд нийгмийн даатгал төлөөгүй байсан” хэмээн ярилаа.

Уг компани нь 2002 онд анх зөвшөөрлөө авч, ажлаа эхлээд арваас илүү жил ажиллаж байгаа аж. Гэвч ажилтны хэлснээр үндсэн хэдхэн ажилтны нийгмийн даатгалыг төлүүлдэг байсан. Харин бусад ажилчдын нийгмийн даатгалыг төлдөггүй хирнээ шалтгаангүй 10 хувийг нь цалингаас суутгагддаг байсан хэмээв.  

Түүнчлэн өмгөөлөгч Ц.Монгол “Эрдэнийн хөгжил компанийн хөрөнгийг битүүмжлэх шаардлагатай байна. Хохирогчид анхаардаггүй гэмт этгээдүүдэд боломж олгодог ийм хандлага хууль байгууллагынханд ажиглагдаж байна. Хуульд шуурхай өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Эрүүгийн хэрэг үүсээд 14 хонож байхад хэрэгтнүүдийг татаагүй хөрөнгийг битүүмжлээгүй байна. 50 хонож байхад эрүүгийн хэрэг үүсээгүй байна” гэлээ.

С.ХОНГОРЗУЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

USD

Close
Close