Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэнд олгох асаргааны тэтгэмж нэмэгдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчид олгох асаргааны тэтгэмжийг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшнээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгажээ. Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, эмчилгээний зардал их байдаг учраас өрхийн орлого нь буурч байна. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшнийг үзэхэд нийт ээжүүдийн 45, аавуудын 51 хувь нь ажил эрхэлдэггүй байна. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойр амьжиргаатай гэсэн судалгаа байдаг ажээ.


Иймд байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлснээр өрхийн санхүүгийн ачааллыг багасгаж, асаргаанд байгаа иргэний эм тариа, асаргааны материалын зардалд тус болно гэж үзжээ.

С.ХОНГОРЗУЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close