УЛС ТӨР

Засгийн газар АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгож, Ерөнхий сайдын захирамж гаргав.

КОВИД19-ын халдварт цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ.

Иймд Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хоёрдахь багцын хэрэгжилтийг дэмжих, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор АХБ-тай хамтран дээрхи төслийг боловсруулсан юм. Нийт 26.4 сая ам.долларыг 40 жилийн хугацаанд эргэн төлөхөөр нэн хөнгөлөлттэй нөхцлөөр буюу нэг хувийн хүүтэй, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр тохиролцож, АХБ-аас санхүүжилт авахаар ийнхүү шийдвэрлэлээ. Тус төсөл нь УИХ-ын чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хурлаар соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих юм.

Хийн хоолой байгуулахад шаардагдах эрхзүйн орчныг бүрдүүлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ ОХУ-аас БНХАУ-руу өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан ойлголцолд хүрсэн. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Газпром” НХН-ийн хооронд тусгай зориулалтын компани байгуулахаар талууд “Эрмэлзлийн санамж бичиг”, “Нууцлалын тухай хэлэлцээр”-ийг тус тус байгуулахаар ажиллаж байна. Эдгээр баримт бичгийн төсөлд холбогдох яамдын саналыг тусган Оросын талтай тохиролцохоор ажиллаж, дүнг Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгав. Санамж бичигт Тусгай зориулалтын компани байгуулж, хийн хоолой барих ТЭЗҮ-ийг боловсруулах, тусгай зориулалтын компанийн санхүүжилт, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр, санамж бичгийг зохицуулах хийгээд маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бусад зүйлийн талаар тусгасан байна.

Оюутнуудын цагаар хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, дагаж мөрдөх журмыг гаргав

Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн дагуу 100 ба түүнээс дээш ажилтантай  хувийн хэвшлийн байгууллагууд нийт ажилтныхаа 5 хувьтай тэнцэх орон тоог оюутнуудад зориулах үүрэгтэй. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад шаардлагатай дагалдах журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлан гаргалаа.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын 47.5 хувийг залуучууд эзэлж байна. Нийслэлд залуучуудын 39.2 хувь, орон нутагт 22.2 хувь нь л хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж.

Судалгаагаар 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Иймд холбогдох хуулийн заалт болон нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн дээрхи журмыг боловсруулан батлав.

Журамд оюутнуудыг цагаар хөдөлмөр эрхлэхэд баримтлах зарчим нь оюутны хүсэл, сонирхол, сонголт, хэрэгцээнд тулгуурласан байх, тухайн ажлын үнэлгээнд тохирсон цалин хөлстэй байх, оюутны эрүүл мэнд, аюулгүй байдал, бие хүний төлөвшил хичээл сургалтад сөргөөр нөлөөлөхгүй байхаар нарийвчилсан зохицуулалтуудыг тусгажээ. Ингэхдээ хичээлийн бус үед тогтоосон цагийн хязгаар дотор ажил хийх, судалгаа шинжилгээний ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох боломжтой байхаар зохицуулсан байна. Мөн ажил олгогч болон их дээд сургуулиудын эрх үүргийг зохицуулж, цагаар хөдөлмөр эрхлэх оюутнуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцаануудыг үүгээр зохицуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button