ДЭЛХИЙ

ТАНИН МЭДЭХҮЙ: Эх байгаль техник технологид ШИЙДЭЛ болох нь

Хүн төрөлхтөн үргэлж байгаль, ан амьтныг ажиглаж, тэднээс суралцсаар ирсэн билээ. Леонардо-ДаВинчи, хэдийгээр тэр “нисдэг машин” зохиож чадаагүй ч шувуудын анатомийг анхлан судалж, хэрхэн нисэж буйг нь ажигладаг байв.  Хожим нь түүний дэвтрийг үзэхэд шувуудаас ажигласан зүйлсээ тэмдэглэн зурсан зургууд нь янз бүрийн “нисдэг машин”-ны загварууд болж зурагдан үлджээ. Тэгвэл 21-р зуунд Леонардо-ДаВинчигийн адилаар байгалиас санаа авч, дизайны шийдэл гаргадаг салбарыг “Биомимэтикс” гэж нэрийдэх болсон аж.

Тэгвэл одоо “Биомимэтикс”-ын хэд хэдэн гайхалтай жишээг авч үзэцгээе.

Бөгтөр халимны сэлүүр ба салхины сэнс

36 тонн жинтэй амьтан сэлж чадах бүү хэл далайн гүнээс харайн гарч ирдэг гэвэл та итгэх үү. Тэгвэл Бөгтөр халим үүнийг өдөр тутам хийдэг, харин нууц нь сэлүүрт нь бий. Бөгтөр халимын сэлүүр товгор хэсгүүдтэй байдаг.

Үүнээс сэдэл авч “WhalePower tubercle technology” компани товгор хээ бүхий салхинаас эрчим хүч нөөцөлдөг сэнс хийсэн бөгөөд жирийн сэнснээс их энерги нөөцөлдөг, илүү чимээ багатай шийдэл болж чаджээ.

Японы галт тэрэг ба чадварлаг загасчлагч

Япон улс дэлхийд хурдан галт тэргээрээ алдартай. Харин галт тэрэгний дизайнд нэг асуудал бий нь урт туннелиэс гарч ирэх болгондоо маш чанга дуу гаргадаг явдал юм. Галт тэрэгний толгой туннелиэр урагшлах явцдаа урд хэсэгтээ өндөр даралт бүхий агаар хуримтлуулдаг. Ийн тунелиэс галт тэрэгний толгой цухуйх мөч мөчид мөнөөх агаар хүчтэй ялгарч, ийн чанга дуу гаргадаг аж.

Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр инженерүүд Нохой шогшир шувууны хошуунаас санаа авчээ. Нохой шогшир шувуу нь агаараас ус хуу шумбахдаа харьцангуй бага хэмжээний ус цацруулдаг байна. Ийн түүний хошууны хэлбэрийг хуулбарлан галт тэрэгнийхаа толгойн дизайныг өөрчлөхөд урьдынхаасаа 15% бага цахилгаан зарцуулдаг, 10% хурдан шийдэл бий болсон юм.

Шумуулын хошуу болон тарианы зүү

Шумуулын хатгалтыг бид төдийлэн мэдрээд байдаггүй билээ. Энэ нь чухамдаа шумуулын хошууны бүтэцтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хошуу долоон ширхэг хөдөлдөг хэсгээс бүрддэг, өвөрмөц бүтэцтэй. Долоон хэсгийн хоёрыг нь шумуул хошуугаа арьсанд бэхлэхэд ашигладаг ба өөр хоёр хэсэг нь арьс руу удаанаар шигдэн орж “сорох хэсэг” орох нүх үүсгэдэг аж. Тэгвэл 2011 онд эрдэмтэд үүнээс санаа аван гурван хөдөлдөг хэсэгтэй зүү бүтээсэн ба хатгах үед мэдрэгдэх өвдөлт нь ердийн зүүнээс хавьгүй бага гэнэ.

Аварга загасны арьс

Халимны арьсан дээр том том мөөгөнцөр ургадаг бол аварга загасны арьс огт тэгдэггүй аж. Үүний учир нь аварга загасны арьсан дахь бичил бүтэц юмсанж. Аварга загасны арьсыг электрон микроскопоор харвал сонирхолтой хээ үзэгддэг ба уг хээг дуурайлган хаалганы бариул гэх мэт хүний гар их хүрдэг зүйлс дээр сийлэхэд зарим бактерийн тоог 94 хувиар бууруулсан байна.

Усан дотор наалддаг цавуу

Их сонин сонсогдож байгаа болов уу. Хясаанууд далайд амьдардаг хэр нь ээ чулууд болон усан онгоцны ёроолд наалддаг. Энэ нь тэдний ялгаруулдаг тусгай уурагтай холбоотой болохыг судлаачид илрүүлжээ. Хамгийн гайхалтай нь хясааны ялгаруулдаг цавуу нь наалдаж байгаа зүйлээсээ тасарсан ч буцаад наалддаг чанартай юм байна. Энэ чанар нь цавууны найрлаган дахь нэгэн амин хүчлийн үйлчлэл юм. Уг амин хүчил нь төмөртэй маш хүчтэй холбогддог бөгөөд, холбоо тасарсан ч буцаад холбогддог аж.  Тэгвэл Дани улсын эрдэмтэд энэ бүтцийг хуулбарлахаар судалгааны ажил хийж байгаа юм.


Өнөөдөр бид хэдхэн “Биомимэтэкси”-гийн жишээг авч үзлээ. Хүмүүс бидэнд санаа авч болох түм буман амьтад байгаль дэлхийд оршин буй учраас ирээдүйд ямар гайхамшигтай дизайны шийдэл олдохыг таашгүй билээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button