Урд хөрш Австралийн нүүрсэнд хориг тавьж, ОХУ, Индонезийн нүүрсийг нэвтрүүлж байна


Нүүрсний зах зээлийн хамгийн том импортлогч орон Хятад улс Австралийн нүүрсэнд хориг тавьснаар хоёр улсын хоорондох харилцаа муудаж, Австрали долларын ханш унасаар байна.
Тодруулбал, Хятадын Далян хотын хойд боомтын гааль Австралийн нүүрсний импортод хориг тавьсан бөгөөд нийт импортын нүүрсний хэмжээ 12 сая тонн байхаар дээд хэмжээг тогтоожээ. Уг тодорхой бус хориг нь хоёрдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд доод тал нь 40 хоног Австралийн нүүрсийг импортлохгүй гэх шийдвэрт хүрсэн аж.
2017 онд Канберра компани Хятадыг дотоод хэрэгт нь оролцдог гэж буруутгаснаас хойш Хятад Австрали хоёрын харилцаа муудаж байгаа. Сарын өмнө Huawei компаний 5G технологийг нэвтрүүлэхээс татгалзсаны дараагаар Хятадын алдартай бизнес эрхлэгчийн визний хугацааг сунгахгүй хэмээсэн. Үүнээс үүдэн хоёр улсын харилцаа улам бүр хурцдаж байна. Нүүрс нь Австралийн хамгийн том экспортийн бүтээгдэхүүн бөгөөд Хятадын хоригоос болж Австрали долларын ханш нэг хувь буюу 0.7086 доллараар буураад байгаа юм.
Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэнг Шуангаас тус хориг нь хоёр талын сөргөлдөөнөөс болсон эсэхийг тодруулахад “Гаалиас, импортын нүүрсэн дэх чанар болон аюулгүй байдлыг шалгаж байгаа. Учир нь БНХАУ-д нүүрс импортлогчдын ашиг сонирхлоос илүүтэй импортын нүүрс нь байгаль орчинд ээлтэй эсэхэд шалгалт хийж байна” гэж хариулжээ.
Австралийн нийт нүүрсний экспортын 1,8 хувь Даляны гаалиар дамжиж Хятадруу импортлогддог. Хэдийгээр гол боомт биш ч тус хориг нь хоёр улсын хоорондын худалдааны харилцаа муудаж байгааг харуулж буй юм. Мөн энэ бүхэн цаашлаад илүү өргөн хүрээг хамрах аюултай гэж Австралийн Үндэсний банкны зах зээлийн ахлах эдийн засагч Иван Колхоун хэлжээ.
Даляны гааль, Баюучуан, Панжин, Дандонг, Бэйлианг гэсэн боомтуудад хяналт тавьдаг бөгөөд тус боомтуудаар Австралийн нүүрсийг гаалиар нэвтрүүлэхгүй юм. Харин Орос болон Индонезийн импортын нүүрсэнд тус хориг хамаарахгүй байгаа аж.
Австралийн худалдааны сайд Саймон Бирмингхам Бээжинд байрлах Элчин сайд руу холбогдож, хэвлэл мэдээллээр явж буй энэ мэдээллүүд баталгаатай эсэх талаар тодруулж албан мэдээлэл өгөхийг шаардсан. Түүнчлэн “Бид хамтран ажиллахаа зогсоохгүй. Хятад бол бидний үнэ цэнтэй түнш мөн. Бид чөлөөт худалдааны гэрээгээ хүндлэн үргэлжлүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. 2018 оны сүүлийн улиралд 2017 оны сүүлийн улиралтай харьцуулахад Хятад улсын Австралиас авах нүүрсний импорт өссөн” хэмээн онцолжээ. Мөн Сенатын хуралдаан дээр “Дипломат байдал хурцадсан гэсэн ойлголтруу шуурч орохгүй байхыг хүсч байна. Бид ямар нэгэн дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн жил Даляны боомтуудаар нийт 14 сая тонн нүүрс импортлосон бөгөөд тал нь Австралийнх байжээ. Бээжингийн зүгээс дотоодын үнийг дэмжихийн тулд нүүрсний импортыг ерөнхийд нь хязгаарлахаар оролдож байгаа.Даляны боомт нь 2018 онд Хятадын нийт нүүрсний импортын долоон хувийг дангаараа бүрдүүлсэн байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.