ДЭЛХИЙ

Хойд Солонгосын дүрвэгсэд Ким Жон Унд итгэхгүй байна

Хойд Солонгосын эерэг хандлага төрүүлж буй өөрчлөлтүүд нь дэлхий нийтийг гайхшруулж байгаа ч  30 мянга гаруй дүрвэгсэд Ким Жон Ун-д итгэхгүй хэвээр байна. 

Ким, Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан Хойд Солонгосын дүрвэгсэд өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. “Тэд Ким Жон Уны талаар юу гэж бодоцгоож байна? Сүүлийн үед өрнөж буй улс төрийн шийдвэрүүд тэдний бодолд нөлөөлөв үү? Эдийн засаг, иргэдээ бодоод цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах эсэхэд тэд хариулжээ.

ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР

1997 онд Хойд Солонгосоос  дүрвэсэн Ли Хюн-Сео:  Бүх зүйл маш хөгийн, инээдтэй байна. Энд, Өмнөд Солонгост Ким Жон Ун болон түүний дүү алдартнууд шиг л нэр хүндтэй болсон. Гэтэл тэд  бол дарангуйлагчид. Хүмүүс тэднийг ард иргэддээ хэрхэн хандаж байсныг мартсан бололтой. Хамгийн том асуудал нь Ким хоёр Солонгосын хамгаалалттай хилийн цэргийн бүсэд айлчилснаас хойш хэн ч хүний эрх ярихаа больсон. Энэ бол утгагүй зүйл. Өнгөрсөн жил АНУ-ын ерөнхийлөгч Трамп бидэнтэй уулзах үеэр бүтэн 50 минутын турш голчлон Хойд Солонгосчуудын хүний эрхийн асуудлыг ярьж байсан. Дэлхий дээр зөвхөн тэр л хүний эрхийн асуудлыг сөхөж, анхаарлаа хандуулж байсан. Би ч түүнд нь талархаж байлаа. Гэтэл өнгөрсөн жил Сингапурт болсон Ким, Трамп нарын уулзалтын үеэр түүний амнаас ганц ч хүний эрх гэдэг үг олж сонсоогүй.

ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ТАТГАЛЗАХ ТУХАЙД

Их Британи дахь Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын орлогч дарга асан, 2016 онд дүрвэсэн Тэй Ён Хо: Сүүлийн хэдэн сар миний санаа зовж байгаа зүйл бол АНУ-ын шаардаж буй хөтөлбөрөөс цөмийн зэвсгийн талаарх асуудал бага багаар алга болж байгаа юм. Ерөнхийлөгч Трамп нь Ким Жон Ун-аас зөвхөн цөмийн өдөөн хатгалга хийх эсвэл цөмийн пуужин харвахыг болиулах талаар л ярилцаж байна. Хэрвээ Трамп цөмийн хөтөлбөрөөс нэг мөр татгалзахыг шаардахын оронд хэсэгчлэн хориг тавих юм бол Өмнөд Солонгос болон АНУ хэзээ ч Хойд Солонгосыг бүр мөсөн цөмийн хөтөлбөрөөс нь болиулж чадахгүй. Бид Ким Жон Унд итгэхгүй байна, Ким Жон Ун цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана ч гэж бодохгүй байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД

1999 онд Хойд Солонгосоос дүрвэсэн О Се Хюк: Хойд Солонгос эдийн засгаа хөгжүүлнэ гэж тунхалаж байгаа ч бүх зүйл улсын харъяалалд байдаг монопол системтэй учраас ийм эдийн засгийг хөгжүүлж чадахгүй. Хөдөлмөрийн зах зээлээ нээж, жуулчлалын хоригийг цуцалснаар эдийн засаг хөгжиж болдог гэдгийг ОХУ болон БНХАУ-аас харж болно. Монгол улсын хувьд ч мөн ялгаагүй. Реформ хийж зах зээлээ нээснээр хүмүүс сайн дураар ирж, очиж хөдөлмөр эрхэлж гэр бүлдээ мөнгө явуулж эхэлсэн. Хойд Солонгос ажилчдаа бусад улс руу илгээдэг ч 80 хувийг нь татаас болгон авдаг. Энэ татаас нь ч авлигаас болоод үр ашигтайгаар хувиарлагдаж чаддаггүй.

Миний мэдэж байгаагаар Хойд Солонгосчууд өөрсдийн бүх хэрэгтэй зүйлсээ “жанмадан” /зах/ -аас авдаг. Гэхдээ энэ зах зээлийг хамгаалах юу ч байхгүй. Нэг өдөр татвар татаас нэрийдлээр бүх зүйлийг нь хураагаад авч болно. Зэх зээл эрэлт нийлүүлэлт дээр тогтдог бол төрийн өмчийн үйлдвэрүүд нь эрэлтээс хамаарахгүйгээр үйлдвэрлэдэг. Тийм ч учраас би Ким Жон Уны эдийн засгийн бодлого, хөдөлмөрийн зах зээлээ нээж шинэчлэлийн арга хэмжээ авахаас нааш хэрэгжиж чадахгүй гэж бодож байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button