Хятадад дэлбэрсэн химийн үйлдвэрээс хорт хавдар үүсгэгч бодис задарсан байж магадгүй

2019-03-22

Хятадын зүүн хэсэгт орших Жяньсу мужийн Янчень хот дахь химийн үйлдвэрт урьд шөнө дэлбэрэлт болж, ноцтой осол гарчээ. Дэлбэрэлтийн улмаас 46 хүн амиа алдаж, 90 хүн хүнд бэртсэн байна.

Гал сөнөөгчид галыг бага дээр нь унтраахаар шөнөжин ажилласан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Галын дуудлага ирсэн даруйд орон нутгийн олон зуун гал сөнөөгч, галын машиныг дайчилсан ч улмаар үйлдвэрт дэлбэрэлт болсон байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэхүү дэлбэрэлт нь бага зэргийн газар хөдлөлтийн дайны хүчтэй доргилт мэдрэгдсэн гэв.

Яг одоогийн байдлаар дэлбэрэлт болсон талбайд Байгаль орчны аюулгүй байдлын мэргэжилтнүүд мониторинг хийж, тусгай төхөөрөмжүүд суулган хүний биед хортой бодисны агаар дахь хэмжээг тодорхойлж байна. Учир нь галын урьдчилсан дүгнэлтээр химийн үйлдвэрийн дэлбэрэлтэд бензол буюу галд шатамхай бодис нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэгч бодисын тоонд багтдаг. Түүнчлэн дэлбэрэлт болсон уг химийн үйлдвэр нь өнгөрөгч онд Засгийн газрын хяналт шалгалтад тэнцээгүй байсан аж.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.