ДЭЛХИЙ

ОХУ-ын Владивосток хотод байгалийн гамшиг болжээ

ОХУ-ын алс дорнод нутагт оршдог Владивосток хотод хүчтэй цасан шуурга болж цахилгааны утас, шонгийн моднууд хөлдөж унаснаар эрчим хүчний тасалдал үүсжээ.

Цасан шуурга тус хот оршдог Приморскийн бүсийг өнгөрсөн пүрэв гарагийн өдөр (2020.11.19) дайрч, бүс даяар онцгой байдал зарлаад байгаа юм. Хотод дэлгүүрүүд хаагдаж, шатахуун түгээх станц түлшний нөөцгүй болсон тул аврах багийн гишүүд болон зэвсэгт хүчнийхэн иргэдэд хүнс тарааж буй. Дор хаяж 150 мянган өрх цахилгаан, халаалтгүй болжээ.

Тасалдсан эрчим хүчийг инженерүүд засах гэж оролдож байгаа ч хүчтэй цасан шуурганы улмаас сааталд орсон аж.

Тус бүсийн Цаг уурын газрын дарга Борис Кубай хэлэхдээ “Хүчтэй түйрэн салхи гамшгийг улам дордуулж, хөлдсөн цахилгааны утас, шонгийн моднуудыг унагасан. Халуун агаар дагуулсан нэг шуурга, өөр хүйтэн агаар бүхий шуургатай мөргөлдөж нойтон цас орсон. Цахилгааны утсууд 1.2 см зузаантай мөсөнд дарагдсан нь сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй зүйл” хэмээжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Владивостокт болсон гамшгийн үр дагаврыг шийдвэрлэх тусгай хороо байгуулсан гэж мэдэгдсэн байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button