Жорж Клуни Бруней улсын харгис хуулийг эсэргүүцэв


Бруней улс ижил хүйстэн хүмүүсийг чулуугаар цохиж хөнөөдөг хуультай болсон явдал хүний эрхийн байгууллагуудын дургүйцлийг хүлээгээд буй. Тэгвэл Холливудын жүжигчин Жорж Клуни уг хуулийг эсэргүүцэж байгаагаа ил тод илэрхийлжээ. Тэрбээр олон нийтийг Бруней улсын хувь эзэмшдэг тансаг зэрэглэлийн есөн зочид буудлаар битгий үйлчлүүлээрэй хэмээн уриалсан аж.
Энэ оны дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн тус улс ижил хүйстэн хүмүүсийг ташуураар орооолгож, эсвэл чулуугаар цохиж цаазлах хуулийг хэрэгжүүлэхээр баталсан. 2014 онд Бруней улс Исламын шашны Шариа хуулийг авч хэрэгжүүлэхээр болсон Зүүн Азийн анхны орон болсон билээ.

Жорж Клуни хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээрх хуулийг “хүний эрхийг хүчирхийлж буй явдал” гэж тайлбарлажээ.
“Хэвлэлээр маш их дайралт, шүүмжлэлд өртөж байгаа энэ улсыг харахад бид буцаад авторитари дэглэм рүү ухарч байгаа мэт сэтгэгдэл төрж байна” гэж алдарт жүжигчин энтертайнмент мэдээний сайтад бичсэн байна.
“Бруней хаант засагтай орон болчихоод байхад үнэндээ ямар нэг бойкот зарлаад сүүдэр төдий л үр дүн үзүүлэх нь мэдээж. Гэхдээ бид хүний эрх зөрчигдөж байхад зүгээр хараад суух гэж үү?”
Тэрбээр Их Британи, АНУ, Франц, Итали зэрэг орнуудад байршилтай Бруней улсын хувь эзэмшдэг тансаг зэрэглэлийн Дорчестер зочид буудлуудыг бойкот хийхийг уриалжээ.

Борнео арал дээр оршдог Бруней улс нь Султан Хассанал Болкиагаар удирдуулдаг бөгөөд нефть, газрын хийн олборлолтоос сүүлийн үед ихээхэн ашиг олж буй. Тус улсын удирдагч Султан Хассанал дэлхийн олон орнуудад байршилтай дээрх тансаг зочид буудлуудад шууд хувь эзэмшдэг юм байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.