ДЭЛХИЙ

Ким Жон Уны ахыг “хөнөөсөн” эмэгтэй ирэх сард суллагдана

Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Уны эцэг нэгт ах болох Ким Жон-Намын амийг хөнөөсөн хэргээр буруутгагдаад байсан Вьетнам эмэгтэй тайлбар өгчээ. Тэрбээр санамсаргүй байдлаар хохирогчийн биед үхэлд хүргэхүйц гэмтэл учруулсан хэмээн ярьсан байна. Малайзын шүүх сэжигтэн Доан Ти Хуонгийг 2017 оны хоёрдугаар сараас хойш байцаан хорьж байгаа бөгөөд 3 жил 4 сарын хорих ял оноогоод байсан юм.

Түүний өмгөөлөгчийн хэлснээр хатагтай Хуонг тус улсын хуулийн дагуу тавдугаар сард суллагдах боломжтой аж. Хэрэв тэрбээр хүн амины хэрэг үйлдсэн хэмээн тогтоогдсон бол цаазаар авахуулах ял хүлээх байв. “Энэ тавдугаар сарын эхний долоо хоног гэхэд тэр гэртээ харих болно” хэмээн Доан Ти Хуонгийн өмгөөлөгч Хисяам Те По Тейк сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Шүүхийн зүгээс хатагтай Хуонгийн хүсэлтийг харгалзан үзэж, хүн амины хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг түр хүчингүй болгон дахин шүүх хурал зохион байгуулсан юм. Тэр шүүхийн танхимд, “Намайг хүн алахгүй гэдгийг бурхан мэднэ. Гэр бүл минь миний төлөө залбирч байгаа” гэж уйлан ярьж байсан.

Ким Жон-Нам 2017 онд Куала Лумпурын нисэх онгоцны буудал дээр химийн бодист хордож нас барсан юм. Засгийн газрын зүгээс түүний үхэлд хариуцлага хүлээх этгээд байхгүй гэсэн мэдэгдлийг өгч байсан.

2017 оны хоёрдугаар сарын 13-нд Ким Жон-Нам Куала Лумпурын нисэх буудал дээр Макау руу нисэх онгоц хүлээж байжээ. Тэр үед үл таних хоёр эмэгтэй түүн рүү дөхөж очиж буй нь CCTV –ийн мэдээний бичлэгт үлдсэн байдаг. Бичлэгээс тус хоёр эмэгтэйн нэг нь Ким Жон-Намын нүүрэн дээр гараа тавьж байгаа нь харагдана. Дараа нь камерын дурангаас холдож оддог.

Энэ явдлаас тун удалгүй Ким Жон-Нам үхэдхийн унаж эмнэлэгт хүргэгдсан ба, улмаар нас барсан юм. Эмнэлгийн зүгээс түүний үхлийн шалтгааныг VX гэх химийн бодист хордсон гэж тогтоожээ. Тийнхүү уг телевизийн бичлэг дээр үндэслэж мөнөөх хоёр эмэгтэйг хүн амины хэрэгт сэжиглэн, баривчилсан юм. Гэвч Дуан Ти Хуонг тэр үед өөрсдийгөө телевизийн реалити шоунд орж байна хэмээн бодсон гэдгээ хэлжээ. Тоглоомоор химийн хор шингээсэн алчуурыг хохирогчийн нүүрэнд хүргэсэн нь буруугаар эргэсэн гэсэн тайлбар өгч буй аж. Дээр дурьдсанаар Хойд Солонгосын засгийн газар энэ явдалтай холбоотой ямар нэг мэдэгдэл өгөхгүй хэвээр байгаа.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button