ДЭЛХИЙ

Вашингтонд өрнөсөн ҮЙМЭЭНТ нэг өдрийн тойм

Урд шөнө АНУ-д одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч талынхан бослого, өдөөн хатгалга зохион байгуулж, Конгрессын ордон руу хүч түрэн нэвтэрсэн. Өнөөдөр АНУ-ын Конгресс хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн эцэслэн батлах байсан. Тэгтэл сонгуульд Трамп ялах ёстой байсан хэмээн одоог хүртэл боддог олон тооны иргэд бослого гаргасан. Үүний улмаас сонгуулийн хариуг батлах явц саатаж Конгрессын гишүүд түр хугацааны дараа дахин хуралдах болсон. Бослого явагдаж байх үед Дональд Трамп босогчдод хандан видео мэдэгдэл хийж “Одоо харих нь зөв” хэмээсэн юм.

Трамп Ерөнхий сайд Майк Пенсийг сонгуулийн үр дүн батлах явцад хөндлөнгөөс оролцож цуцлахад л болно гэсэн. Үүнийг Пенс эсэргүүцэж өөрт нь сонгуулийн хариуг цуцлах эрх мэдэл байхгүй хэмээсэн юм.

Тус өдөр Бүгд Найрамдах намын Конгрессын гишүүн Паул Госар чуулганы үеэр Аризона сонгуулийн хариуг эсэргүүцэж байгаа гэдгээ ёсоор илэрхийлсэн юм.

Паул Госар

Чуулганыг удирдан явуулж байсан Ерөнхий сайд Майк Пенс түүнээс сенатын танхимын гишүүн үүнтэй адил сонгуулийн хариуг эсэргүүцэж байгаа эсэхийг асуужээ. Учир нь Төлөөлөгчдийн танхимын гишүүн болон сенат нараас нэг нэг хүн эсэргүүцлээ илэрхийлж байж тус асуудлын талаар мэтгэлцэн, санал хураадаг байна. Түүнтэй цуг сенат Тед Круз эсэргүүцсэн бөгөөд Аризона мужийн сонгуулийн хариуг эсэргүүцэх тал дээр Конгресс 6-93 гэсэн саналын харьцаатай дэмжээгүй юм.

Зарим Бүгд Найрамдах намаас Конгрессд суудаг гишүүд ордны өмнө болсон бослогыг хараад чуулганы үеэр сонгуулийн хариуг эсэргүүцэх гэх байгаад бодоо өөрчилсөн аж. Тухайлбал сенатор Келли Лоффлер хэлэхдээ “Өнөө өглөө Вашингтонд хүрч ирэхдээ электорал саналуудыг эсэргүүцэх бодолтой байсан. Гэвч болсон хэрэг явдлын улмаас электоруудын саналыг эсэргүүцэх нь зүй бус хэрэг хэмээн би шийдлээ” гэсэн юм.

Келли Лоффлер

Лоффлер тус өдрөөс өмнө Трампын хамгийн том дэмжигч нарын нэг байсан. Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгчийн дэмжигч нар хандаж электорал коллежийн саналыг эсэргүүцэхээ амлаж байжээ.

АНУ-ын экс Ерөнхийлөгч нар болох Обама, Буш, Клинтон, Картер нар бүгд Трампыг дэмжигч нарыг буруушаасан юм. Тухайлбал Барак Обама “Хууль ёсны сонгуулийн хариуг үндэслэлгүй эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн буруугаас үүссэн өнөөдрийн ичгэвэртэй явдал түүхэнд бичигдэж үлдэх болно. Гэхдээ ийм зүйл болно гэдгийг таамаглаагүй гэвэл худлаа. Өнгөрсөн хоёр сарын турш Бүгд Найрамдах нам болон тэдний талд ажилладаг мэдээллийн агентлагууд дэмжигч нартаа энэ удаагийн сонгуульд Жо Байден илт ялсан бөгөөд нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөх ёслолоо хийнэ гэдгийг тайлбарлаж хэлэхээс татгалзлаа. Яг одоо Бүгд Найрамдах намын удирдагч нар сонголт хийх хэрэгтэй. Тэд энэ байдлаа үргэлжлүүлж гал дээр тос нэмсээр байх эсвэл үүнийг таслан зогсоох анхны алхмыг авч Америкийн төлөө сонголт хийж болно” гэсэн байна.

Бослогын үеэр АНУ-ын Үндэсний цэргүүд эмх журам сахиулах ажиллагаанд дайчлагдан оролцсон бөгөөд энэ үеэр дөрвөн хүн харамсалтайгаар амь насаа алдсан юм. Одоогийн байдлаар Конгресс чуулганаа үргэлжлүүлж байгаа аж.

Эх сурвалж: Politico

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button