ДЭЛХИЙ

ЗЭСИЙН ХАНШ ДЭЛХИЙД: Монгол "торойн" харагдана

-ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗЭСИЙН ХАНШ 11 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ ҮНЭЛЭГДЖЭЭ-

Лондонгийн Металын Бирж (London Metal Exchange) дээр энэ долоо хоногийн эхний арилжааны үнэлгээ хийгдэж, зэсийн үнэ тонн тутамд 6555 доллар хүрсэн нь өнгөрөгч саруудтай харьцуулахад чамлахааргүй өсөлт болов. Гэвч үүнийг түр зуурынх гэдэгт олон улсын судлаачид итгэлтэй байна. Тэр бүү хэл, цаашид зэс арилжах нь ашигтай эсэх тал дээр маргаан хэлэлцээр өрнөж эхлээд буй.

АНУ-ын хувьд зэсийн фьючерсийн үнэлгээгээ 0.453 кг тутамд  3 доллар хэвээр хадгалахын тулд сүүлийн саруудад идэвхитэй ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч Америкийн банк удалгүй зэс тонн тутамд 300 долларын алдагдалтай бодогдож эхлэх тухай тооцоо дэлгэж, сануулсаар.

Гар утасны цэнэглэгчээс дулааны станцын хоолой хүртэл бараг бүх цахилгаан хэрэгслүүдийг хийхэд оролцдог, үйлдвэрийн өндөр эрэлттэй зэс гэх металын ханш тогтмол өсөлттэй байхаа болиод хэд гурван жилийн нүүрийг үзэж байна. Хэдийгээр энэ долоо хоногт даруй 11 хувийн өсөлттэй үнэлэгдээд буй нь дэлхийн эдийн засгийн хувьд сайн мэдээ боловч, бахархалтайгаар зарлах нь нэгэнт утгагүй болсон.

Өнгөрсөн онд зэс 20 хувийн үнэлгээгээ бүрмөсөн алдаж, компаниуд сүүлийн жилүүдэд тохиогоогүй том эрсдэлтэй нүүр тулахад бэлдэж эхэлсэн билээ.

Дөрөвдүгээр сарын 8-10 өдрүүдэд “Дэлхийн Зэсийн Конференц” Чили улсын Сантиаго хотод зохион байгуулагдана. SESCO тэргүүтэй дэлхийд толгой цохих уул уурхайн магнатууд оролцох уг чуулганд зэсийн тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх нь дамжиггүй.CRU группын олон улсын судлаач Роберт Эдвардсын танилцуулж буйгаар, энэ оны чуулганд зэсийн олборлолтод шинэ технологийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, зэсийн ашигтай хэрэглээ гэх мэт сэдвүүд яригдах аж. Мөн, чуулганы хоёр дахь өдөр зэсийн ханшид үзүүлэх Хятад улсын нөлөөг тусгайлан хэлэлцэхээр болжээ.

-ЭНЭ ХООРОНД МОНГОЛ ТОРОЙН ХАРАГДАНА-

2018 оны гуравдугаар сарын 13-нд Ройтерс агентлагийн судлаач, сэтгүүлч Барбара Левис “Зэсийн ханш дэлбэрэхэд, уурхайчид Монголын уул толгод руу анд гарна” гэсэн гарчигтай нийтлэл бичиж байв. Таамаглах аргагүй, залуу ардчилалтай, ядуу эдийн засагтай, эрс тэс уур амьсгалтай гэх зэргээр манай орныг тодорхойлсныхоо дараа тэрбээр, “...томоохон олборлогчид өнөө цагт уурхайгаа нэлээд эрсдэл бүхий орнууд руу чиглүүлэх боллоо. Тэдний нэгт Монгол багтана” хэмээсэн нь бий. “...Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, дэлхийд томоохон нийлүүлэгчид тооцогдох Хятад улс руу түүхий эдээ гаргадаг зүүн Азийн жижигхэн орныг сайтар тооцоолсон мөрийтэй тоглоомын газар болгох нь чухал болоод байгаа аж...”

Дэлхийн түвшинд зэсийн ханш тогтмол унаж байгаа нөхцөлд томоохон магнатууд чухам яагаад Монгол руу хошуурах болсон нь сонирхол татмаар. Манай улсын газрын доорх зэсийн нийт нөөцийг 35 сая тонн гэж тооцоолсон байдаг. Энэ нь дэлхийд 12 дугаарт жагсах цочир үнэлгээ. 175 сая тонны нөөцтэйгөөрөө Чили улс нэгдүгээрт жагсах бол, араас нь Австрали 88 сая тонноор хошуучлана. Тэдний зэс дэлхийн зэсийн фьючерст шууд нөлөө үзүүлэхүйц тавцанд хэдийн гарснаараа биднийхээс ялгаатай.

Хаашаа ч хөлбөрөхөд бэлэн байгаа учраас манай орны бэлэн зэсийн нөөц тэдний анхаарлыг эрхгүй татах аж. Нэгэнт олон улсад зэсийн ханш унасаар байна. Энэ хооронд Монгол торойж харагдана.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button