УЛС ТӨР

Хууль батлагдсанаар банкнууд өөр салбарын бизнес хийх боломжгүй болно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.

Одоо Г.Амартүвшин нарын өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буй.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах асуултыг асуулаа:

“МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан ажил орж ирж байгаад баярлаж байна. Банк олон нийтийн хувьцаатай болно, жинхэнэ ард түмний банк болно гэхчлэн. Бид үүнийг хийж чадахгүй бол хэдэн банкныхаа дарамтаас гарч чадахгүй. Тэд хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хууль бус бизнес хийж, сүүлдээ ард түмний хэдэн уурхай руу ордог боллоо. Банкнуудын хууль бус бизнес хийдэг байдлыг энэ хуулиар яаж зогсоох вэ гэж асууя”.

Асуултад УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

“Яг энэ зарчимтай бид ажлын хэсэг дээр ч нийлээд байгаа. Банкны засаглалыг сайжруулж, ил тод болгох хэрэгтэй. Хуульд хийж болох үйл ажиллагааг нь маш тодорхой болгож, зааж өгсөн. Хуулиас гадуурх үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон. Мөн заалт зөрчсөн бол оногдуулах санкцыг нь илүү хатуу болгосон. Ингэснээр зөвхөн банкны үйл ажиллагаа явуулна, өөр бизнесийн салбар луу орж болохгүй зохицуулалт хийгдэж байгаа” гэж хариулав.

Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

“Энэ бол 2050 мөрийн хөтөлбөрт ч, зарим намуудын мөрийн хөтөлбөрт ч суусан ажил. Өмнө нь 2008, 2012 онуудад хийх гээд чадаагүй. Хуулийн төсөл энэ хүртэл явсан нь сайшаалтай хэрэг болж буй. Банк олж буй ашгаараа өөр бизнес хийгээд буй асуудал байгаа нь үнэн, уг нь бол хуулиар хориотой шүү дээ. Хамгийн гол нь хууль батлагдсанаар банкнуудын үйл ажиллагаа ил тод, тунгалаг болно. Дотоод ардчилал нэмэгдэнэ, нээлттэй компани болно. Энэ бүх зүйлийн эхлэл болно гэж итгэж байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button