ДЭЛХИЙ

“Moderna” компанийн вакцин коронавирусийн шинэ хувилбаруудад үйлчилнэ гэв

Өмнөд Африкт анх бүртгэгдсэн “501.V2” нэртэй коронавирусийн мутацилагдсан өөр хувилбар вакцинд тэсвэртэй байж магадгүй хэмээн эрдэмтэд эмээж байсан билээ. Эрдэмтэд тус хувилбарыг 60 хувиар илүү халдварлах чадвартай хэмээн үзэж байгаа юм. Азаар “Pfizer” компани тэдний “BioNTech”-тэй хамтарч гаргасан вакцин нь “501.V2” хувилбараас хамгаалах чадвартай гэдгийг мэдэгдсэн билээ. Тэд вакцинаа мэдээллийн РНХ ашиглаж гаргасан юм.

Тэгвэл мөн адил мэдээллийн РНХ ашиглаж бүтээсэн “Moderna” компанийн “mRNA-1273” вакцин Их Британи болон Өмнөд Африкт анх бүртгэгдсэн коронавирусийн хувилбаруудаас хамгаалж чаддаг гэв. Тус компанийн эрдэмтэд явуулсан лабораторийн шинжилгээний урьдчилсан хариунаас “mRNA-1273” вакцинаар үүсдэг эсрэг бие шинэ төрлүүдийг таньж, эсрэг үйл ажиллагаа үзүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тус судалгаагаар “Moderna” компанийн вакцины зохих тунг тариулсан найман хүний цуснаас авсан дээжийг ашигласан байна. Тэдний дархлааны эсүүд үүсгэсэн эсрэг бие нь вирус цусны эсэд нэвтрэхээс хамгаалж байжээ.

Гэхдээ вакцин тариулсан хүмүүст мөн адил үр дүн үзүүлдэг эсэхийг баталгаажуулахын тулд цаашид судалгаа хийх хэрэгтэй юм.

Коронавирусийн шинэ хувилбарууд улс орнуудад илүү хурдтай тархаж байгаа билээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол өнгөрсөн есдүгээр сард Их Британид анх илэрсэн “B.1.1.7” төрлийн халдварлах 70 хүртэл хувиар илүү байж магадгүй юм.

Яагаад коронавирус мутацид орж байна вэ? Учир нь тус вирусийн удамшлын мэдээлэл нь РНХ байдлаар оршдог. Хүний эсэд коронавирус халдварлаж ороод РНХ-ээ олшруулдаг. Уг РНХ-г олшруулах явц дунд алдаа гарснаар вирус мутацид ордог байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button