НИЙГЭМ

Авто замын бүсчлэлээр иргэдээс дахин санал авна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн /08.01/ хуралдаанаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай”, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудад техникийн шийдэл хэрэгжүүлж, дулаан, цахилгаанаар халаах, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай, нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 60 хувьтай байна

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 арга хэмжээг төлөвлөснөөс 60 хувийн биелэлттэй явж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулгынхаа эхэнд хэллээ. Энэ нь 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.35 хувиар өссөн үзүүлэлт аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар бүрээр нь авч үзвэл цахилгаан дулааны эх үүсвэр болох Амгалан, II, III, IV ДЦС-ууд дунджаар 58.5 хувь, инженерийн хангамжийн байгууллагууд 64.5 хувь, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрууд 62.3 хувь, дүүргүүд 55 хувийн биелэлттэйгээр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаа юм байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/185 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис 450 сая төгрөгөөр 957 тн150 сая төгрөгөөр 500 тн давс худалдан авах цахим тендер зарласан байна.

Түүнчлэн УБЗАА-наас 2019-2020 оны өвөл инженерийн шугам сүлжээнд хүндрэл гарч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нутгийн захиргааны барилгын судалгааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас гаргуулан нийт 42 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ус дулаан дамжуулах төв, НЗЗ-ны I, II, III байрны инженерийн шугам сүлжээнд үзлэг хийсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүст хандан “Өвлийн улиралд автомашины тэвшин дээрээс ТҮК-ийн ажилтнууд хүрзээр давс цацаад явж байж таарахгүй. Тиймээс энэ чиглэлд зориулалтын машин механизмыг нь авч ажиллуулах нь зүйтэй. Энэ төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн  судалгааг гаргаж Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулж ажиллах хэрэгтэй” гэв.

С.Амарсайхан: Авто замыг A B C гурван бүсчлэлд хуваах ажил дээр иргэдээс дахин санал асуулга авах хэрэгтэй

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” тогтоолын төслийг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Энхтөр болон холбогдох албаныхан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өмнөх хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн түгжрэлийг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдруулах нь хотын удирдлагууд та бидний үндсэн чиг үүргийн нэг. Энэ бүсчлэлд хуваах ажил цаг үеийн шаардлагадаа нийцсэн, хүмүүсийн ухамсар, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ач холбогдол, хэрэгжүүлэхгүй бол ямар хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15 хүртэл хэд хэдэн хувилбараар санал асуулга явуул. Ингээгүйгээс болж та бүхний мэдээлсэн мэдээлэл замын түгжрэлийг шийдэх бус торгууль хураах ажил болж олон нийтэд харагдаад байна.

Бүсчлэлийн ажилд буруудах ажил нэг ч байхгүй. Иргэддээ зөв ойлгуулах тал дээр анхаарч ажилла. Наймдугаар сарын 15-ны дотор энэ асуудлыг шийдсэн байхаар яаралтай ажилдаа ор. Иргэдийн дунд хэвлэл мэдээллийн бүх салбараар санал асуулга явуул. Долоо хоногийн дараа ямар ажлууд зохион байгуулсан тухай эргээд танилцуулаарай.

Орон нутгийн дугаартай автомашины асуудал байна. Улаанбаатарт 17 мянган автомашин түр буюу байнга оршин сууж байна гэсэн судалгаа байна. Хот замынхаа ачааллыг дийлэхгүй байхад орон нутгийн автомашиныг явуулах юм уу үгүй юу гэдэг асуудлаа эхлээд харах ёстой байсан. Өөрсдөө түгжрэлээ дийлэхгүй, шийдэж чадахгүй байж орон нутгаас ирж байгаа явуулын автомашиныг хүлээн авахгүй байх, явуулахгүй эрх хотод бий. Энэ 17 мянган машиныг хотын хөдөлгөөнөөс авчихвал хөдөлгөөний эрчим хэрхэн буурахыг хүн болгон мэдэж байгаа” хэмээлээ.

 Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхлээд байна

Халаалтын зуух ашиглалт, нүүрс тээвэрлэлт, төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох, сэргээгдэх эрчим хүчээр хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх явцын танилцуулгыг Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны  тавдугаар 20-ны өдрийн А/147 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 100кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлгүй 265 халаалтын зуух ашиглаж буй байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан цахилгаан, төвлөрсөн дулаан хангамжид холбогдох, шүүлтүүр тавих, байгаль орчны үнэлгээ хийлгэх, сайжруулсан хатуу түлш хэрэглэхэд Захирагчийн ажлын албатай хамтран ажиллах, үүрэг өгсөн байна.

Мөн Баянгол , Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэн үйлдвэрлэл явуулж байсан 12 байршил, түүхий нүүрс нөөцөлсөн 20 байршлаас зөрчил илрүүлж ЦЕГ-ын нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үйл ажиллагааг нь зогсоож, хариуцлага тооцох тухай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Түүнчлэн ХУД-ийн 11-р хороо Ар Зайсангийн гудамжинд байрлах  “Номун виллаж” хотхоныг барьж ашиглалтад оруулсан “Эм Эс Пи Ди” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн халаалтын зууханд түүхий нүүрс шатааж хэрэглээний халуун ус бэлтгэж байсныг Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авахуулан “УБДС” ТӨХК-ний дулаан дамжуулах төвд холбох ажлыг эхлүүлэн, уг ажил дуусах шатандаа явж байгаа аж.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүйгээр дамжин тээвэрлэх түр зөвшөөрлийг хэд хэдэн байгууллагад олгосон. Өнгөрсөн долоодугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдаас өгсөн үүргийн хүрээнд нүүрс дамжин тээвэрлэх түр зөвшөөрлийг өнгөрсөн сарын 4-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож холбогдох газруудад албан бичиг хүргүүлжээ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төсөвт тусгагдсан 17 цэцэрлэгийн барилгын халаалтыг 1.4 тэрбум төгрөгөөр цахилгаан халаалтаар шинэчлэх ажлын хэсэгт Захирагчийн ажлын албаны Хотын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Цахилгаан хангаж хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Даваасүрэн нар орж ажиллан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хандан техникийн нөхцөл гаргуулан, ажлын даалгавар боловсруулан 21 цэцэрлэг, сургуулийг цахилгаан хангамжаар халаах тендер зарласан байна.

УБЗАА, Агаарын бохирдолтой тэмцэх газраас удирдамж гарган нийслэлийн хэмжээнд халаалтын зуухны газруудад тухайн жилийн 1-3 дугаар сарын хооронд халаалтын зуухны тооллого явуулдаг. Энэхүү тооллогод хамрагдаагүй зөвхөн зун уурын зуух ашиглаж, улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлж байгаа мах, ноос боловсруулах үйлдвэр, тоосго, бетон блок, хөөсөнцрийн, барилгын материалын үйлдвэр зэрэг 40 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөгчдийн тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх уулзалт зохион байгуулжээ. Дээрх аж ахуйн нэгж, байгууллагууд уурын зуухны түүхий эд болох нунтаг нүүрсгүй улмаас үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна.

Монгол улсын Засгийн газрын Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоол, Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох 62 дугаар тогтоолыг хүрээнд гэр хорооллын амны сууцанд хийн халаагуур, плитка, ус халаагч зэрэг хийн тоног төхөөрөмж, 100 кВт-аас дээш хүчин чадалтай ус халаах зуух бүхий сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бие даасан барилга байгууламжийн халаалтыг техникийн нөхцөлд тохирсон хийн халаалтын бойлер суурилуулж зөөврийн хийгээр хангах  “Хийн шийдэл” төслийг СХД, БГД-ийн гэр хорооллын айл өрхөд  нэвтрүүлж байгаа юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button