УЛС ТӨР

ТББХ: 81.2 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ

Өнөөдөр /2021.01.27/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад томилох тогтоолын төслийг хэлэлцлээ.

Эхэнд нь ЕТГ-аас Л.Оюун-Эрдэнийг Байнгын хорооны гишүүдэд танилцуулж, гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: УИХ Үндсэн хуулиа дээдлэх, үүнд уялдуулж бусад хуулиуддаа өөрчлөлт оруулах чиглэлд ажиллаж байна. Энэ тал дээр та ямар үзэл баримтлалтай ажиллах вэ?

Л.Оюун-Эрдэнэ:

Монгол Улсын Үндсэн хууль бүх хуульт засаглалын гол суурь. Бид хараат бус шүүхтэй байх ёстой, парламент хууль тогтоож Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Энэ тэнцвэрийг барьж ажиллана. Хууль дээгүүр хувь хүн биш хууль засагладаг төртэй байх ёстой. Ийм итгэл үнэмшилтэй ажиллана, баярлалаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Танхимын тэргүүн хийнэ гэхэд У.Хүрэлсүх шигээ намын дарга биш учраас элдэв том эрх мэдлүүд байхгүй, туршлагын хувьд дутуу ийм нөхцөлд Л.Оюун-Эрдэнэ ажиллана. Түүний томилсон сайд нар нь УИХ-ын танхимд орж ирэхээс зугтдаг болчхоод байгаа юм. Иймд давхар дээлтэй, УИХ-ын гишүүдээс сонгогдсон сайд нар илүү ачааны хүндийг үүрнэ гэж харж байна. Тэгэхээр нэгэнт огцорно гээд явчихсан сайд нараа УИХ-ын гишүүд дотроос томилох нь зөв байх.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 81.2 хувиар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг дэмжлээ.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаан уг тогтоолын төслийг хэлэлцсэнээр Ерөнхий сайдын томилгооны үйл явц эцэслэгдэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button