ДЭЛХИЙ

Цагдаа нар Алексей Навальныйн дүүг түр саатуулжээ

Москва хотын цагдаа нар Алексей Навальныйн гэр, ажлын байр гэх мэт эзэмшилд нэвтэрч нэгжсэн байна. Тухайн үед гэрт нь түүний дүү Олег Навальный байсан бөгөөд түүнийг баривчилж 48 цаг саатуулсан аж.

Навальныйн авилгатай тэмцэх сангийн захирал Иван Жданов түүнийг хөл хорионы дэглэм зөрчсөн тул баривчилсан хэмээн бодож байгаагаа илэрхийлсэн юм. Албан тушаалтнуудын хэлснээр бол өнгөрсөн бямба гарагт (2021.01.23) өрнөсөн жагсаалд коронавирусийн халдвар авсан 19 хүн оролцсон гэнэ.

Олег Навалный өмнө нь нийтийн өмч өөртөө завшсан хэргээр ял сонсож 2018 онд суллагдсан байдаг. Шүүмжлэгч нар Олег Навальныйд ял оноосон хэргийг түүний ахад шахалт үзүүлэх зорилготой байсан хэмээн үздэг юм.

Мөн А.Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмышийн гэрт нэгжлэг явуулсан байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногоос хойш түр саатуулах байранд хорьсон бөгөөд нэгжлэгт туслуулахаар гэрт нь авчирсан аж.

Навальныйг дэмжигчид ирэх амралтын өдрүүдэд түүнийг суллахыг шаардсан жагсаал дахин хийхийг уриалсан байна. Тухайлбал Леонид Волков ирэх ням гарагт дахин жагсаал хийх талаар төлөвлөж байгаа гэсэн юм. Тэрбээр одоогийн байдлаар ОХУ-аас гадуур байгаа аж. Мөн А.Навальныйн өмгөөлөгч Любовь Соболь нэгдүгээр сарын 31 болон хоёрдугаар сарын 2-ны өдөр жагсаал хийхээр төлөвлөж байгаа хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button