ДЭЛХИЙ

Кеннедийн удмын бас нэг хүн золгүй тохиолдлоор нас барлаа

АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн төрсөн дүү Роберт Кеннедийн ач охин өчигдөр эмнэлэгт нас барсан тухай Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.

22 настай Саоирсе Кеннеди Хилл мансууруулах бодисын тун хэтрүүлж, эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураасан байна. Эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө тэр Массачусетсын Хианнис Порт дахь 91 настай эмээ Этел Кеннедийн гэрт байжээ.

Саоирсе бол Роберт болон Этел Кеннеди нарын 11 хүүхдийн тав дахь нь болох Куртни Кеннеди Хиллийн ганц хүүхэд байсан юм.

Саоирсе Кеннеди Хилл нь Бостоны Коллежийн оюутан, Ардчилсан Намын оюутны байгууллагын дэд ерөнхийлөгч байжээ. Хэдэн жилийн өмнөөс түүнийг сэтгэцийн өвчнөөр шаналж байсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Түүний өвөө Роберт Кеннеди нь Нью Йоркийн сенатор байсан бөгөөд 1968 онд Ардчилсан Намын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Калифорни мужаас шалгараад байхдаа бусдад буудуулж амиа алдсан юм.

Роберт Кеннедийн хоёр хүү Дэвид, Майкл нар 1984, 1997 онуудад 28, 39 настайдаа тус тус мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдаж байв.

Мөн Робертын ах Жон Кеннеди АНУ-ын ерөнхийлөгч байхдаа 1963 онд Далласт буудуулж амиа алдсан билээ. Жон Кеннедийн хүү бага Жон Кеннеди 1999 онд эхнэр, бэрийн хамт онгоцны ослоор амь үрэгдэж байжээ.

Роберт Кеннедийн дүү сенатор асан Эдвард Кеннеди 1969 онд автомашин жолоодож яваад осолдож, хамт явсан хүн нь амиа алдсанаар АНУ-ын ерөнхийлөгч болох мөрөөдөл нь талаар болж байв.

Ийнхүү Америкийн улс төрд нөлөө бүхий Кеннедийн удмынханд золгүй явдлууд үргэлжлэн тохиолдсоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button