Үйлдвэрлэгч

Л.БАТДЭМБЭРЭЛ: Манайхаас авсан тэлээгээ 10 ЖИЛИЙН ДАРАА засуулахаар ирсэн хүн бий

Тэлээ бүсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэн, арьсан эдлэлд дуртай хүмүүс цөөнгүй бий. Гэтэл хүнд бэлэглэхэд тохиромжтой үндэсний хэв маяг шингээсэн цэвэр арьсан бүс олох амаргүй байдаг. Харин бид энэ удаагийн ҮЙЛДВЭРЛЭГЧ буландаа 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Монгол хээ, цэвэр арьсыг цогцлоон урладаг КАЖУГ брэндийн санаачлагч Л.Батдэмбэрэлтэй уулзаж ярилцлаа.

-ХУДАЛДАН АВАГЧДЫН 60 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ, 40 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ-

-Анх арьсан эдлэлээр бүтээгдэхүүн хийж борлуулах санааг хаанаас олж авсан бэ?

-Би урьд нь Солонгост ажиллаж байгаад ирсэн. Яг энэ чиглэлээр тэндээ 13 жил тасралтгүй нэг арьсан бүтээгдэхүүний үйлдвэрт ажилласан. Бүсийг тодорхой хэмжээнд тоног төхөөрөмж ашиглаж хийдэг. Тэнд ажилллахдаа тоног төхөөрөмжийг нь хэрэглэж сураад яваандаа худалдаж авч ирээд үйлдвэрээ эхлүүлсэн. Анх 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Арьсан бүтээгдэхүүн гадаад худалдааны чиглэлээр байгуулагдаад 12 жил өнгөрсөн байна.

-Тухайн үед хэр их хөрөнгө шаардлагатай болсон бэ?

-Ажил хийж байх хугацаандаа Монголд очоод бүсний үйлдвэр байгуулна гэсэн санаа авсан. Цалингаараа шаардагдах тоног төхөөрөмжүүдээ эхний ээлжинд худалдаж авсан. Монголд ирээд бэлэн тоног төхөөрөмжтэй болчихсон учраас тодорхой хэмжээний арьс, эргэлтийн хөрөнгөө гаргаад л үйлдвэр маань эхэлсэн.

-Анх нээгдэж буй үйлдвэр учраас хүмүүст таниулахад хэцүү байсан байх. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ?

-Анхдагч гэдэг утгаараа анхны юм болгон хэцүү байдаг. Үйлдвэрээ дөнгөж нээгээд бүтээгдэхүүнээ бэлэн болгож гаргасан мөртлөө хаана яаж зарахаа мэдэхгүй байсан. Бизнест бэрхшээл их тохиолдоно. Тэр бүрийг цаг хугацааны хувьд тууштай байснаар даван туулсан.

-Хэдэн ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Манайх үндсэн зургаан ажилчин, ид ачааллын үеэр нэмэгддэг дөрөв гээд нийт 10 ажилчинтай. Ид ачааллын үе маань цагаан сар, баяр наадмын үеэр тохиодог. Яг энэ төрлөөр мэргэшсэн хүмүүс маш ховор. Манай оёдолчин бол мэргэжлийн мастер оёдолчин хүн. Бусдыг нь үйлдвэр дээрээ сургаад, зааж өгөөд, дадлагажуулж авсан ажилчид юм.

-Ихэвчлэн ямар хүмүүс худалдан авалт хийдэг вэ? Танайх эрэгтэй бүс голдуу хийдэг гэж ажиглагдлаа.

-Ерөнхийдөө эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүс тэлээг хэрэглэж зүүдэг. Гэхдээ манай үйлдвэрийн хувьд гаргаж буй бүтээгдэхүүний өнгө загвар хэмжээний хувьд эрэгтэй давамгайлсан. Бүтээгдэхүүний 60 хувь нь эрэгтэй 40 хувь нь эмэгтэй гэсн үг. Хүмүүс бүс тэлээ, арьсан түрийвч их худалдаж авдаг.

-ХЭЭ УГАЗНААС ЭХЛЭЭД ӨӨРСДИЙН ҮНЭТ ЗҮЙЛС ДЭЭР ТУЛГУУРЛАН МОНГОЛ МАЯГААР ХИЙДЭГ УЧРААС МАНАЙХ ЯЛГАРДАГ-

-Дан ганц бүс гэлтгүй цүнх, түрийвч, түлхүүрний оосор гэх мэт олон төрлийн арьсан эдлэл харгадаж байна. Яг хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй вэ?

-Арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эхлэхээр дагалдах хэрэгслүүд нь ороод явчихдаг. Хүмүүс ирээд нэг бүс авлаа гэхэд өөр бүтээгдэхүүнтэй хослуулах их дуртай. Үйлдвэрийн маань гом цөм нь бүх төрлийн арьсан бүс тэлээ. Ганцхан өмднийх бус дээлний бүс, костьюмны бүс, боди бүс зэрэг нийт 10 нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Үйлдвэрийн 80 хувь нь бүс тэлээ, үлдсэн 20 хувь нь дадалдах хэрэгсэл орно. Арьсан бүтээгдэхүүн өөрөө насжилт удаан, эдэлгээ сайтай.

-Түүхий эдээ ханаас оруулж ирдэг вэ?

-Түүхий эдийн хувьд Монголд боловсруулсан арьсаа ч авдаг, гаднаас ч худалдаж авдаг. Ерөнхийдөө манай арьс Энэтхэг, Итали, Монгол гэсэн гурван газраас орж ирдэг.

-Та арьсан эдлэлээр бүтээгдэхүүн хийж борлуулаад нэлээдгүй хугацааг өнгөрөөлөө. Хэр ашигтай ажилладаг вэ?

-Эхлээд хүнд танигдахын тулд балансаа бариад л ажилладаг байсан. Одоо төр засаг ч гайгүй болж, хүмүүс ч үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болжээ. Тэр утгаараа үйлдвэр маань одоо л жигдэрч ашигаа өгч байна. Сүүлийн хоёр жилд “Жайка” гэдэг олон улсын байгууллагын зээл төсөлд хамрагдсан.

-Өдөр тутамдаа бүс хэрэглэдэг, арьсан эдлэлд дуртай хүмүүс нэлээдгүй байна. Та Монголын зах зээлийг юу гэж харж байна? Энэ салбарын хувьд хэр өрсөндөөнтэй вэ?

 -Намайг анх 2007 онд үйлдвэрээ нээхэд бүс хийдэг газрууд зөндөө л байсан. Одоо ч байдаг. Гэхдээ бүс бол гараар хийх, зориулалтын тоног төхөөрөмжөөр хийх хоёрт их ялгаа бий. Миний хувьд Солонгост байх хугацаандаа сурсан зүйлээ Монголын нөхцөлд тааруулаад Монгол хөрсөн дээр буулгаж байна гэсэн үг л дээ. Солонгост том брэндийн бүс хийж байсан ч Монголд түүнийг хийх боломжгүй. Гэвч хээ угалзаас авхуулаад өөрсдийн үнэт зүйл дээр тулгуурлан Монгол маягаар хийдэг гэдэг утгаараа манай бүтээгдэхүүн ялгардаг.

-ӨӨРӨӨ ҮЙЛДВЭРЛЭЖ БАС ҮЗЭСГЭЛЭН ДЭЭР ӨӨРӨӨ ЗОГСОЖ, ХҮМҮҮСЭЭС САНАА ОНОО ШҮҮМЖЛЭЛЭЭ АВДАГ БАЙСАН-

-Танайх үйлдвэрийн аргаар хийдэг учраас хурдан хугацаанд олноор хийх боломжтой. Нэг бүс хийх хугацааны хувьд?

-Тоног төхөөрөмжөөр хийж байгаа учир арьс оёж наах зүйл байхгүй. Манай бүс тэлээний онцлог нь 100 хувь цэвэр арьсан, 3 мм-ийн зузаантай, цэвэр ширээр нь зураад хийдэг. Захиалгын бүс хийхэд цаг хугацааны хувьд их удна. Үйлвэрийн аргаар гурван бүс гарах хугацаанд нэг бүс хийнэ гэсэн үг. Иймд үнийн хувьд өөр байдаг. Бид захиалга орж ирсэн бол нэг бүс байсан ч хамаагүй хийдэг. Солонгост бол ширхэгийн захиалга авдаггүй.

-Ихэнх бүснүүд хэв дизайны хувьд их сонирхолтой өвөрмөц санагдлаа. Үүнд анхаарч ажилладаг хэдэн хүн байна вэ?

-Ямар төрлийн хээ загвараар хийхийг зохиомжилдог эрэгтэй загвар зохион бүтээгч бий. Түүнчлэн дэлхийн чиг хандлага болоод Монгол хүнд ямар бүс тохиромжтой байдаг гэдгийг судалдаг нэг хүн бий. Энгийн сэрээ арал тольтой бүснүүд бол гдуур зөндөө бий. Монгол загвар хээ, үндэсний онцлогт тааруулсан загвар гаргахад тодорхой хэмжээний ур ухаан шаардана.

-Олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Үнийн хувьд ямар вэ?

Европын орнуудаар явж үзэхэд арьсан бүтээгдэхүүнүүд маш үнэтэй. Азид ч мөн цэвэр арьсан бүтээгдэхүүн өртөг ихтэй байдаг. Харин Монголд түүхий эд нь бэлэн байдаг учраас харьцангуй хямд худалдаалдаг. Манай үйлдвэрийн хувьд технологийн тусламжтай олноор үйлдвэрлэж, худалдан авагчиддаа тохируулан үнээ тогтоодог. Хэтэрхий өндөр үнэ тогтоовол борлуулалтанд сөрөг нөлөөтэй. Тийм ч учраас манайх үнээ нэмэлгүй зургаан жил ажилласан.

-Та анх энэ бизнесийн санаагаа олоод хэрэгжүүлэхдээ хэдэн настай байсан бэ? Тухайн үед ямар бэрхшээлүүд тулгарч байсан?

-Анх 30 орчим настай байхдаа зориглоод энэ том арьсан бүтээгдэхүүний зах зээлд ороход өрсөлдөгч олон байсан. Өрсөлдөөн дунд шинэ содон бүтээгдэхүүн хийх хүнд даваа. Анх бүтээгдэхүүнээ таниулах зорилгоор их мөнгө зарцуулсан. Үзэсгэлэн болгонд таслахгүй явдаг байлаа. Өөрөө үйлдвэрлэж бас үзэсгэлэн дээр өөрөө зогсож, хүмүүсээс санаа оноо, шүүмжлэлээ авдаг байсан. Гадаадын үзэсгэлэнгүүдэд ч очсон. Хятадын үзэсгэлэн явахдаа л гэхэд Хятад хүмүүс ихэвчлэн ямар бүс хэрэглэдэг, материал болоод загвар нь ямар гээд их туршлага мэдээлэл хуримтлуулсан.

-ТЭЛЭЭНИЙХЭЭ ЧАНАРТ 100 ХУВЬ ИТГЭЛТЭЙ БАЙДАГ, ХАРИН ЖИЖИГ ДЕТАЛЬ ЭВДЭРВЭЛ ҮНЭГҮЙ ЗАСАЖ, ХАСАЖ ӨГДӨГ-

-Танай брэндийн нэр их содон санагдлаа. Кажуг хэмээх үгийн утга нь юу вэ?

-Кажуг гэдэг нь Солонгосоор гэр бүл, арьс шир гэсэн хоёр утгатай үг. Яагаад энэ үгийг сонгох болсон нь их бэлгэшээлтэй. Анх үйлдвэр маань гэр бүлийн бизнес байсан. Одоо ч гэр бүлээрээ ажиллуулдаг. Энхэр маань бүх техник технологийг ажиллууллаад ямар ч бүтээгдэхүүг хийж чадна. Хүү маань манай брэндийн лого, хайрцаг сав баглааны загварыг гаргадаг. Түүнчлэн арьсан эдлэл хийдэг үйлдвэр учраас энэхүү нэрийг сонгосон. Эхэндээ Монгол нэр өгөх гэж их бодсон. Гоё бүс, чамин бүс, Монгол хээтэй бүс гээд л /инээв/. Тэгээд бүртгүүлэх гэхээр нэр давхцаад болдоггүй юм байна. Дөрвөн удаа бүтэлгүйтээд дунд нь кажуг гэж оруулсан чинь болчихсон. Бид Солонгост өдөр бүр кажуг гэдэг үгийг хэрэглэдэг. Тэнд очиж ажил хийж байгаад ирсэн хүмүүст бол сайн мэддэг. Түүнчлэн энэхүү брэндийг гарч ирэхэд, олонд таниулахад нэр маань их чухал нөлөөтэй. Солиод удаагүй байхад л даруй борлуулалт сайн нэмэгдсэн.

-Монгол ширэн бүс хэрэглэхийн давуу тал нь юу вэ?

-Эрийн хийморь малгай бүс гэж Монголчууд ярьдаг. Олон жил өмсөж зүүсэн эдлэлдээ эр хүний хийморь шингэдэг. Эртнээс бүсээ дээш нь тавьж хүндэлж хямгадсаар ирсэн. Монгол хээтэй, Монгол дарханаар урлуулсан цэвэр ширэн бүсний дэргэд бол Хятадын муу материалтай бүс тийм сонин биш шүүдээ. Энэ бүснүүдээ урлахдаа би Монгол хүний хийморыг их бодож хийдэг.

-Нэг худалдан авалт хийсэн хүн дахин үйлчлүүлэх тохиолдол нэлээд байдаг байх. Байнгын үйлчлүүлэгчтэй болсон уу?

-Байлгүй яахав. Аавдаа бүс авлаа гэхэд хэд хоногийн дараа ээждээ эсвэл өөртөө авдаг ч юмуу. Арьсан бүс эдэлгээ удаантай учраас 3-5 жилийн дараа дахин үйлчлүүлж худалдан авалт хийх юмуу засуулдаг. Манай брэнд бүс тэлээнийхээ арьсанд нь бол 100 хувь чанарт нь итгэлтэй байдаг. Харин хэрэглэж байх хугацаанд жижиг деталь хэсгүүд эвдэрч гэмтвэл үнэгүй засаж өгдөг байгаа. Нэг удаа “Танай бүсийг 10 жил зүүлээ” гээд бүсээ засуулах гээд хүн орж ирсэн. Анх үйлдвэр маань байгуулагдаад удаагүй байхад бүтээгдэхүүн авсан гэнэ. Би их бэлгэшээгээд бүсийг нь засаж өгөөд шинэ бүс бэлэглэсэн. Тэр үед л их гоё санагдсан даа.  

-ТЭЛЭЭ БҮС, АРЬСАН ЭДЛЭЛД БАГЛАА БООДОЛ ХИЙЖ ЖИШИГ ТОГТООСОН-

-Таны ойрын зорилго юу вэ?

-Монголд энэ брэндийг гаргах, таниулах, цаашлаад дэлхийн зах зээлд орохыг хүсдэг. Эхний ээлжинд Монгол эр хүн бүхэн маань Хятадын цаасан, лидринэн хямдхан бүс биш Монгол ширэн бүсээ зүүдэг болоосой гэсэн зорилгоор ажиллаж байна.

-Энэ ажлын эхлүүлснээс хойш хамгийн олзуурхаж, бахархаж байгаа зүйл тань юу вэ?

-Монголд үндэсний хээ загвартай бүс тэлээ байхгүй байсан. Анх үйлдвэр байгуулж байхад хайрцаг боодолтой бүс гэж байдаггүй уутанд, цаасанд боож өгдөг байсныг бараг анх удаа хайрцаг сав боодлыг нь шийдэж өгсөн. Түүнчлэн Монгол эр хүний хийморь шингэсэн ийм хэрэгтэй бүтээгдэхүүн хийж буйдаа жаахан бахархаж явдаг.

-Танд ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл бий юу?

-Кажуг брэндийг сайн мэддэггүй зарим хүмүүс хуурамч бараанд их хууртдаг. Манай брэндийн нэрийг барьж хамгийн муу материалаар хийсэн хужаа бүсээ дууриамал хайрцаг саванд хийгээд Кажуг гээд хямдхан зарж байсан. Манайх патентийн эрхтэй. Бидний зүгээс тэмцсэний хүчинд дарагдсан ч гадуур ганц хоёроороо зарж магадгүй. Тиймээс нэг ч гэсэн хүн хуурамч бүтээгдэхүүн худалдаж авалгүй Улаанбаатарт байгаа албан ёсны 8 цэг байна. Түүнээс очиж худалдан авалт хийхийг хүсч байна. Түүнчлэн иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин чанартай цэвэр арьсан бүс тэлээгээ хэрэглэж үзээрэй гэж хэлье даа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

ХОЛБОГДОХ УТАС: 77113107

ПЭЙЖ ХУУДАС: КАЖУГ брэнд

С.ХОНГОРЗУЛ

Гэрэл зургийг: Д.ЦЭРЭНЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-19 16:02

Pdr Side Effects Rare For Amoxil [url=http://ilfrc.com]viagra generica[/url] Cialis 5 Mg Cost Walmart

Холбоотой мэдээ

Back to top button