ҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ Т.Хонгорзул: “Хадлан” дээлийг бусад улс, үндэстэн хуулбарлаж эхэлсэн

Монгол дээлийг куртканы материал руу хөрвүүлж, цахилгааны оронд монгол товч, шилбэ хадаж, юүдэн нэмсэн “Хадлан” бренд өдгөө зөвхөн Монголд бус дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж эхэллээ. ОХУ, Хятад, Өвөрмонгол, Тува гэх мэт газруудаас захиалга авч, экспортолж эхэлсэн энэ брендийг үүсгэн байгуулагч Т.Хонгорзултай уулзаж, тэдний үйлдвэрээр зочиллоо.

Хадлан дээлийг “Flames” брендээс тусгай бүтээгдэхүүн болгож гаргаж иржээ. Өвлийн хувцас, дулаан технологиор мэргэшсэн эднийх гуравхан жилийн өмнө Хадлан дээлийн анхны загвараа гаргасан ч өнөөдрийн энэ амжилтад хэрхэн хүрсэн талаар бид хүүрнэлдэв.

Үйлдвэр захиалгын хэсэгтэйгээ нэгэн дор байрлах аж. “Flames”-ийн Хадлан дээлээр гоёсон хэрэглэгчдийн зургаар ханаа чимэглэсэн хэсэгт брендийн үүсгэн байгуулагч Т.Хонгорзул биднийг угтан авав. Ширээн дээр Асашорюү Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр нарт зориулсан логонууд үзэгдэнэ. Энэ бренд зарим захиалагчиддаа тусгай лого бэлдэж, захиалсан бүтээгдэхүүн болгон дээр нь логог нь хадаж өгдөг аж. Зөвхөн лого биш, захиалагч бүрийн нэрийг бүтээгдэхүүн дээр нь ширж өгдөг юм байна.

Хажууханд Аса аваргын 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт орж, сэтгүүлч Г.Алтантүрүүтэй хээр, өвлийн шөнө хоноглохдоо дотор нь орж унтсан мишок байна. -40-50 хэмийн хүйтэнд дааруулдаггүй энэ мишокыг тэр нэвтрүүлгээс харчихаад авахаар ирсэн захиалагчид одоо “Аваргын мишок” гэж нэрлэдэг болсон гэнэ. Цаашилбал, хамгийн сүүлийн үеийн материалаар хийгдсэн бороо ус нэвтрүүлдэггүй, мотоциклд зориулсан цүнхнүүд, аялалын явцад хогоо хийж явах хогны цүнх зэрэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бүх төрлийн аяллын хувцас хэрэглэлүүд байв.  

Цааш орвол үйлдвэрлэлийн хэсэгт оёдолчид, эсгүүрчид ид ажиллаж байна. Эднийд ирсэн зарим мэргэжлийн гэх тодотголтой оёдолчид ганц, хоёрхон өдөр ажиллачихаад буцдаг тухай тэрбээр хэлж байв. “Брендийн шаардлага ажилчдыг бий болгодог, нэг хэсэг ажлын хувцасны оёдолчин ихээр бэлдсэн тул тэд брендийн шаардлагад нийцэхгүй гардаг” гэлээ.

Мөн АНУ-ын компанийн Nike, Adidas, Columbia брендүүдийн хувцас, цүнхээ хийхэд ашигладаг материалуудыг Солонгосоос захин авдаг, хамгийн чанартай гэснийг л авч байж бренд хэмээн нүүр бардам хэлэх боломжтой гэдгийг хэлж байлаа.  

-ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ АГУУЛСАН, НАНО ТӨРЛИЙН МАТЕРИАЛУУДААР ХИЙДЭГ-

-Танай брендийн “Хадлан” загварын уламжлал шинэчлэлийг хослуулсан байдал олны анхаарлыг их татах шиг боллоо.

-Хүмүүс ихэвчлэн манай брендийн “Хадлан” загварыг их сайн мэддэг. Үүнээс өөр олон төрлийн бүтээгдэхүүнүүд бий. Бизнес модель нь өөрөө их өвөрмөц учраас зар сурталчилгаа хийгээд байдаггүй. “Хадлан” брендийг эхлүүлэхэд, сурталчилахад тусалсан хүн бол Мөнхчулууны Зоригт. Бид хоёрын хамтарсан бүтээл гэж хэлж болно. Зоригоо ах манай үйлчлүүлэгч байж байгаад надад анхны санааг өгч, “Монголд тохирох технологийг олж дулаан хувцас үйлдвэрлэж байгаа юм чинь ийм загвартай дээл хийгээч” гэж санал тавьсны дагуу би судалж эхэлсэн. Өмнө нь Европ загварын хувцас л хийж байснаас дээл хийж үзэх тухай огт төсөөлж байсангүй. Ингээд “Яагаад хүмүүс дээл хэрэглэхээ больчихов оо” гэдэг асуултыг хамгийн эхэнд өөрөөсөө асуусан. Монгол дээлээ энгийн үедээ ч өмсөж хэвшье гэдэг уриалга гаргаад байдаг ч яагаад ажил хэрэг болохгүй байна вэ, бүгдэд нь дээл өмсье гэсэн сэтгэл байвч яагаад бид дээлээ өмсөхгүй байна вэ гэдэг асуултынхаа хариуг бодож бодож олсон. Энэ бол бидний хэрэглээнээс хоцрогдсон байдал. Шинэ цагийн дээлний уламжлалыг алдагдуулахгүйгээр, харагдах талаасаа ч сайхан байхыг бодолцож нэлээд олон янзаар туршиж үзсэний эцэст яг одоогийн бидний өмсөж хэрэглэж буй Хадлан загварын дээл бий болсон. Загвар анх гарснаасаа хойш бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад улам сайжирсаар байгаа.

-Уламжлалт дээлний давуу талууд гайхалтай шүү дээ. Үүнийг илүү сайжруулж гаргана гэхээр юун дээр нь илүү ажиллав? Ажиллах явцад уламжлалт дээлний сул талыг олж харав уу?

-Хэрэглээний хувьд хамгийн эхлээд түүхий эд материал дээр төвлөрч судалгаа хийсэн. Монголын нөхцөлд яг ямар материал хэрэглэвэл зохих вэ, жилийн дөрвөн улиралтай манай улсын ¾ нь ихэвчлэн сэрүүн байдаг зэргийг бодолцсон. “Flames” бренд угаас дулаан технологийг бий болгох зорилттой тул үүнийгээ ч Хадлан дээл дээрээ алдахгүй барих ёстой болсон. Манай дээл гурван хэсгээс бүрддэг бөгөөд гурвуулаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг агуулсан, нано төрлийн материалууд.

Дутагдалтай талын хувьд хамгийн эхэнд дээлийн эвхэгддэггүй шинж чанар. Яаж ч хураасан нэг л эв хавгүй байсан тул үүнийг аяны хөнжил шиг, өөрөө өөрийгөө хурааж, бүсэлж багладаг байх ёстой гэж бодсон. Манайх өмнө нь ч аяллын төрлийн бүтээгдэхүүнүүд хийдэг байсан тул аялал, аян замд тохирох байдлыг дээлэндээ шингээж өгсөн. Мөн дулаан алдагдлууд дээр нь ажиллаж эхэлсэн. Монгол дээл хаагуураа дулаанаа алддаг вэ?

Хадлан бренд харахад л дээл юм шиг боловч, оёдол эсгүүр Европ хувцас руу нэлээд шингэсэн. Монгол хэв маяг гэдгээр ерөнхий хэв загвар дүрс, товч шилбээ хадгалах гэж хичээсэн. Загварын гэх дээлүүдтэй харьцуулахад өөрийн гэсэн өнгө аястай. Тухайлбал, ханцуйндаа манжетка оруулсан зэргээрээ хүний эрүүл мэнд, дулаан байдал, тав тухыг хангахад бүх сэтгэлээ зориулсан. Тиймдээ ч Хадлан дээл өнөөдөр маш олон хэрэглэгчтэй, хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байна. Хадлан дээлийн талаар олон нийтийн сүлжээн дэх сэтгэгдлүүдэд нэг ч сөрөг зүйл байдаггүй, ер нь манай Flames брендийн хувцаст хэрэглэгчид их ам сайтай байдаг.

ЗАХИАЛГЫН ТӨВ ДЭЭР НЭГ ХЭРЭГЛЭГЧ ИРЭЭД ЗАХИАЛГА ӨГӨХӨД 1-2 ЦАГИЙН ХУГАЦАА ЗАРЦУУЛДАГ

-Flames бренд зөвхөн Хадлан дээл оёдоггүй гэж та өмнө хэлсэн. Өөр ямар бүтээгдэхүүнүүд гаргадаг вэ? Өөрсдийн үндсэн загвараар зөвхөн урладаг уу, эсвэл хэрэглэгчээс шууд захиалга авдаг уу?

-Хадлан нэрийн дээл, өвлийн хувцас хэрэглэл дунд хүрэм, комбинзон, Монголдоо анхдагч болж буй аяллын зориулалтын цүнх, хувцасны бренд, мишок гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн бий. Энэ бүхнийг хамгийн сайн байлгахын тулд бид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт материал, хэрэглэлүүд авч хэрэглэхсэн гэж хичээдэг. Тоноглолуудыг Японы нэлээд алдартай “Маикики”-тэй гэрээтэй ажиллаж авдаг. Монгол бренд гэдэг нэрийг унагахгүй юмсан, Монголчууд чаддаг юм шүү гэдгийг харуулах гэж бүхий л зүйлээ өндөр түвшинд, чанартай, сэтгэлтэй хийхийг хүсдэг. Араас хөгжиж буй Монгол брендүүд ч бид замыг нь нээж өгөх, жишиг болох, хэрэглэгчийг нь бэлдэж өгөхийг хүсдэг. Монголчууд Монгол брендээ хэрэглэдэг болж буйд манай брендийн нөлөө тодорхой хэмжээнд байгаа болов уу гэж боддог.

Хэрэглэгчдийг ирэхэд манайд бэлэн загвар төдийлөн байдаггүй. Тэднийг ирэхэд биечлэн уулзаж, өөрийнх нь биеийн хэмжээг авч, материалуудаа танилцуулж, сонгуулж, загварчилгааны тал дээр хэрэглэгчтэйгээ ярилцаж зарим деталийг өөрчилж өгөх боломжтой. Тухайн хэрэглэгчийн хүсэлтийг үндсэн загвар дээр суулгаж өгөх боломжтой.

-Тэгэхээр хэрэглэгчийн судалгаан дээр мөн их ажиллах хэрэгтэй болдог байх нь ээ?

-Тийм. Наад зах нь захиалга өгөхөөр ирж буй хүний солгой дадалтай юу, баруун дадалтай юу гэдгийг ажиглаад халаасныхаа хаана байрлах эсэхийг шийднэ. Тухайлбал, манай гол хэрэглэгчдийн нэг Аса аварга солгой. Тиймээс аваргын хувцас хэрэглэлийг дандаа солгой хүний дадалд тааруулж загварчилгаагаа гаргадаг. Хэрэглэгчтэйгээ маш сайн ярилцдаг. Захиалгын төв дээр нэг хэрэглэгч ирээд захиалга өгөхөд 1-2 цагийн хугацаа зарцуулдаг. Материал, үйлдвэрлэлийн процесс гээд бүгдийг ярилцсаны эцэст хамтын бүтээл төрдөг гэж хэлж болно. Тиймээс ч хэрэглэгчийн сэтгэл ханамж үргэлж таатай байдаг болов уу.

-Та түүхий эд материалуудаа чанартай байлгахыг их хүсдэг талаараа хэд хэдэн удаа дурдлаа. Сая нэг хэрэглэгч  ч танаас “Хадлан” дээлийн дотор тал сентфон уу гэж асуулаа. Үйлдвэрлэлийн нууцад хамаарахгүй бол та материалуудынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Энэ тал дээр манай багийнхан байнгын маш их судалгаа хийдэг. Дэлхий дахинд одоо ямар шинэ материал ашиглаж байна вэ, аль технологи нь манай уур амьсгалд тохирох вэ, манай хэрэглэгчдийн хэрэглээнд аль нь илүү зохицох вэ гэдгийг судална. Зарим нь таны хэлсэнчлэн үйлдвэрлэлийн нууц тул дэлгэрэнгүй ярих боломжгүй байна, уучлаарай.

Тэдгээр материалуудаасаа бид сонголт хийгээд 3M нэртэй АНУ-ын компаниас авдаг. Энэ компани байнга бидний хүсдэг хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологи бүхий материалуудыг оруулж ирдэг. Манай материалууд хүний биеийн дулааныг 70 хувиар барьдаг, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг, бодисын солилцоог хашаад, цусны эргэлтийг ч мөн хашиж, өөрөө дулаан үйлдвэрлэж байдаг. Дан ганц дэвшилтэт технологи бүхий материалуудаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна үүнийг Монголчууд хэрхэн цэвэрлэж арчлах вэ гэдэгт бид мөн анхаарлаа хандуулдаг. Бүтээгдэхүүний борлуулалтын дараах зааварчилгааг үйлчлүүлэгчдээ маш сайн өгнө. Угаалгын чанар, материалын шинж чанар, хадгалах горим, угаалга арчилгааны дараах хаталтын процесс гэх мэт.

АНХ ГЭРИЙНХЭЭ НЭГ ӨРӨӨГ ҮЙЛДВЭР БОЛГОЖ, ТАВАН ОЁДЛЫН МАШИН ЗЭЭЛЭЭР АВЧ ЭХЛҮҮЛЖ БАЙВ

-Үйлдвэрлэлийн процесс бусад оёдлын үйлдвэрүүдтэй адил мэдээж хэмжээ, эсгэх, оёх зэргээр үргэлжлэх болов уу. Гэвч үүнээс гадна зөвхөн танай үйлдвэрлэлийн онцлог байдаг байх?

-Манай дараалал бусад оёдлын үйлдвэрүүдтэй харьцуулбал өөр. Хэрэглэгч манай дээр ирээд захиалга өгснөөс хойш бүх зүйл бүтээгддэг. Цаг хугацааны хувьд ч бидэнд урт хугацаа хэрэгтэй болдог. Бүх юм таны нэрээр овоглогдож явна, эсгүүр, загварчилгаа, оёдлын шатанд, индүүн дээр, эргээд гарч ирэхдээ үргэлж таны нэрээр овоглогдож бүтээгдэхүүн бэлэн болдог. Нүдэнд харагддаггүй үнэ цэнэ гэж байдаг шүү дээ.

Үндэсний үйлдвэрлэгчид захиалгаа өгч буйн давуу талууд гэж мөн бий. Бид бүтээгдэхүүнээ зарчихсан л бол боллоо гээд орхидоггүй, зарагдсанаас хойшх арчилгааны талаар маш сайн ойлголт өгдөг талаар өмнө дурдсан. Мөн засвар үйлчилгээг эхний ээлжинд үнэгүй хийж өгдөг. Бид оргүй хоосноос бүтээсэн учир дараа нь түүнийгээ ямар ч хэлбэрт оруулах боломжтой. Тухайлбал, хүүхдүүд маш хурдан өсдөг учир энэ жил захиалсан хувцасаа ирэх жил яаж ч загварчлуулаад томруулаад өмсөж болдог. Эрчүүд, эмэгтэйчүүдийн хувьд ч размерийн өөрчлөлт ороход засвар үйлчилгээ хийлгэх бүрэн боломжтой.

-Үйлдвэрлэл эхэлж буй хүмүүс тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн эхлэл хөрөнгийг их сонирхож, хэрхэн амжилтад хүрсэн түүхийг нь сонсох дуртай байдаг. Та бизнесээ хэрхэн эхэлж байв, ганцаараа байв уу?

-Би хувцас загварын салбарт ороод 13 дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж бүгдийг оргүй хоосноос эхлүүлсэн. Би энэ салбарын хүн биш, мэргэжлийн дизайнер, мэргэжлийн оёдолчин эсвэл технологич биш. Тиймээс бүгдийг эхнээс нь өөрийн биеэр мэдэрч, туулж, туршлага хуримтлуулсаар өнөөдрийг хүрсэн. Маш хэцүү байсан ч өнөөдөр бодоход бахархалтай санагддаг. Надад багш байгаагүй, өөрөө өөрийгөө л дасгалжуулж, сургаж явж байлаа.

Би хамгийн анх гэрийнхээ нэг өрөөг оёдлын үйлдвэр болгож, зээл авч өр тавиад л, хэнээс ч тусламж авахгүй таван оёдлын машин аваад эхэлж байлаа. Авсан таван оёдлын машинаа хараад зогсож байх үед би үнэхээр зүүг нь яаж сүвлэдэгийг ч мэддэгүй байв. Одоо бодоход их л харанхуй эхэлж байж. Өнөөдрийн байгаа минь маш их хөдөлмөрийн үр шим, гэхдээ аз ч бас намайг дайрсан гэж боддог.

Тэр үед ний нуугүй хэлэхэд Монгол бүтээгдэхүүн, Монгол бренд гэж байгаагүй. Тиймээс ч би “Монголд үйлдвэрлэв” гэдэг шошгогүйгээр эмэгтэй бэлэн хувцас гээд үйлдвэрлэж эхэлсэн. Хэрэглэгчид Монгол бүтээгдэхүүнд дасаагүй, хөрс суурийг нь бэлдээгүй байсан учир тэр. Монгол бренд гэхээр л хамгийн муу, хамгийн чанаргүй бөгөөд маш хямд байх ёстой гэх ойлголтууд байсан учир зарлахыг урьталгүй, эмэгтэй бэлэн хувцас гэж явсаар 10 гаруй жилийг үдсэн. Тэр үед “Next collection” нэртэй брендийг бий болгож, маш их хэрэглэгчийг өөртөө татаж, маш олон салбар дэлгүүрүүд ч нээгдэж байлаа.

БУРИАД, ТУВА, ОХУ, ӨВӨРМОНГОЛ, ХЯТАДУУД МАШ ӨНДӨР СЭТГЭЛ ХАНАМЖТАЙГААР ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Энэ бренд нь дундаж давхрагагынханд зориулагдсан буюу массын үйлдвэрлэл байсан. Гэтэл эдийн засгийн хямрал болж савалгаанд ортол массын үйлдвэрлэл цаашаа явахад хэцүү болж эхэлсэн. Хувцас хүний нэгдүгээр хэрэглээ биш болохоор тэр. Ингээд л зорилтот хэрэглэгчдэд хандсан бүтээгдэхүүн хийхээр боллоо.

Гэтэл эрэгтэй бэлэн хувцас, захиалга гэдэг мэргэжлийн салбартаа хүндэд тооцогддог. Гэхдээ 10 жилийн хугацаанд энэ ажлыг хийсэн туршлага байсан тул урагшаа зүтгэсэн. Нөгөөтэйгүүр, хүмүүс “чи чадна” гэх шахалт үзүүлж байсан, би ч хүний шахалтаар их юм хийдэг хүн /инээв. сурв/. Нэг даалгавар авчихвал түүнийхээ хойноос хичнээн сараар ч хамаагүй уйгагүй хөөцөлддөг. Анх Зоригоо ах санаагаа өгөөд, ийм дээл хийхийг санал болгоход нь “Үгүй ээ, би танд л ганц ийм дээл хийгээд өгье, сарын дараа аваарай” гэсэн. Гэтэл 15 хоног нь өнгөрчихөөд байхад би судалсаар л, бодсоор л байсан. Юунаас нь яаж эхлэхээ үнэхээр мэддэггүй. Монгол дээлний үүсэл, хөгжлийг их ч уншсан. Ингэж явахдаа дээл гэдэг цаг хугацаагаа дагаад өөрчлөгддөг юм байна, анх бид хөдсөн дээл өмсөж байж, дараа нь даавуун материал руу шилжиж, одоо харин би үүнийг өөрчлөх ёстой юм гэх итгэл үнэмшлийг олж авсан. Ингээд л зоригтойгоор гар дүрсэн.

-Анхныхаа загварыг гаргаад айж байв уу?

-Айсан. Манайхан их шүүмжлэлт өнцөгтэй хүмүүс учир, нөгөөтэйгүүр Монголчуудын сэтгэлд байдаг нандин өвөөр оролдож байгаа тул яах бол гэдэг айдас байсан. Гэтэл хүмүүс үнэхээр эерэгээр хүлээж авсан. Хамгийн анхны буюу нэг номерын дээлийг би Зоригоо ахад хийж өгсөн. Тэгэхдээ “Та хүмүүст битгий хэлээрэй, нэг өмсөж үзээд тест хийчихээд ир” гээд өгөөд явууллаа. Тухайн үед Зоригоо ах нөгөө Задгай цагаан нэртэй алдарт жижиг машинаа унадаг байв. Түүнийгээ аваад л уул руугаа гараад давхичихсан. Орой нь надруу утасдаад “За Хонгороо, би үүнийг чинь гэртээ ч тайлахгүй, халууцахгүй, гадаа гарсан ч даарахгүй юм байна” гэж хэлдэг юм. Ингээд л намайг ямар ч бэлтгэлгүй байхад Зоригоо ах дээлний талаар жиргэж эхэлсэн. Хүмүүст ч маш их таалагдаж захиалга шууд л олноор орж ирлээ. Би захиалга авах үгүйгээ ч мэддэггүй. Ингээд сайтар бодсоны эцэст онцгой 10 хүнд хийж өгөхөөр болсон. Гадаад явах гэж, яарч байгаа гэх мэт хойшлуулашгүй шалтгаантай 10 хүнд. Учир нь бүтээгдэхүүний хөгжлийн явц дуусаагүй, бүрэн гүйцэт тест хийж дуусаагүй гэдэг утгаараа захиалга авахгүй гэдэг шийдвэрээ гаргасан. Энэ 10 хүнээсээ сайн судалгаа авч байж хөгжүүлэлт хийж нэлээд аятайхан болсон.

-Одоо танайх бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа юу?

-Гаргаж байгаа. Монгол гэлтгүй гадны олон улс орноос сонирхсон. Буриад, Тува, ОХУ-аас, Өвөрмонгол, Хятадууд маш өндөр сэтгэл ханамжтайгаар хэрэглэж байна. Одоо ч захиалгууд орж ирсээр байгаа.

Үүний хажуугаар анхдагч санааг хуулбарласан, дуураймал бүтээгдэхүүнүүд ч бий болж байна. Үүнд би огт эмзэглэхгүй, бахдалтайгаар хүлээж авсан. Дэлхийн алдартай брендүүдийг хуулбарладаг байтал Монгол улсын Flames брендийн Хадлан дээлийг бусад улс үндэстэн хуулбарлан, дуурайж хийж байна гэдэг амжилт юм болов уу гэх эерэг талаас нь бодолцож байна. Монголд ч мөн манай анхны санааг том том брендүүд хөврүүлээд, санаа аваад явж байгаа нь харагдсан.

БРЕНД ГЭДЭГ БОЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ

-Та Хадлан дээлээр оюуны өмч эзэмшдэг үү?

-Эзэмшдэг. Flames брендийн шошготой бүх бүтээгдэхүүн оюуны өмчөөр хамгаалагддаг.

-13 жилийн өмнөхтэй харьцуулбал танай бренд, таны бүтээгдэхүүнүүд зах зээл дээр ямар байр суурь эзэлж байгаа гэж та хардаг вэ?

-Тийм, ийм юм үүсгэе гэж бодоогүй л, толгой өөд татахгүй ажилласан. Намайг энэ 13 жилд үнэхээр их хөдөлмөрлүүлсэн. Тууштай байсан, үнэнч байсан, маш их ажилласан, сэтгэл зүрхээ өгсөн, бүх цаг заваа зориулсныхаа үр шимийг одоо л амсаж эхэлж байна. Энэ хугацаанд брендийн талаар нэг зүйлийг маш сайн ойлгосон. Бренд гэж юу юм бэ? Энэ бол зөвхөн хүлээн зөвшөөрөгдөх юм гэдгийг ойлгосон, мэдэрсэн. Өнөөдөр Flames брендийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг болчихож. Чанартай юм өмсье, сайн юм хэрэглэе гэвэл Монголын Flames брендийг зорьдог болж гэдгийг бардам хэлмээр. Анх Flames брендээ дөнгөж үүсгэж эхэлж байхад хүмүүс “Уучлаарай, энэ логог тавиулахгүй байж болох уу” гэж асуудаг байсан. Харин одоо “Энэ логог нэмээд тавиулж болох уу, ардаа томыг тавиулж болох уу” гэдэг болж.

-Үндэсний үйлдвэрлэгч болж төлөвшихөд тань татварын дарамт их байв уу, байна уу?

-НӨАТ шударга биш санагддаг. Энэ мэт дарамтууд бий. Гэхдээ хувь хүний минь шинж гоншигонох дургүй. Байгаа боломжиндоо таараалууд өөрийгөө бүрэн дайчилвал, сэтгэл зүрхээ зориулж чадвал боломж үргэлж нээлттэй байдаг. Хүн хуурахгүй, мэхлэхгүй, үнэнчээр тэдний төлөө, бас сайхан зүйл хийе гэсэн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх чухал. Хувцас загвар гэдэг нэг талаар урлаг учир урлаглаг байдлыг эхэнд, эдийн засгаа хоёрдугаарт тавиад явбал улс оронд дэмжихгүй байсан ч хэрэглэгчид брендийг “суга татаад” гаргаад ирж чаддаг юм байна. Дарамт их бий, гэхдээ үүнийг боломж гэж хараад урагшлахыг хүсдэг.

-Танай үйлдвэр одоо ямар хүчин чадалтай, хэдэн ажилтантай вэ?

-Анх ганц хар даавуутай, түүгээрээ юу хийж болох вэ гэж бодоод л эхэлж байлаа. Харин одоо материалын нөөц бололцоо нэлээд их болсныг хараад сайхан санагддаг. Гэвч үйлдвэрлэлээ айхтар том болгоё гэсэн төлөвлөгөө надад байдаггүй. Хаашаа ч хөрвөх боломжтой, хүссэн бүтээгдэхүүнээ гаргаж чаддаг жижиг үйлдвэр байлгана гэж зорьж хүсч байгаа. Одоо 20 гаруй ажилтантайгаа сууж байна. Улирлын чанараас шалтгаалж өвлийн улиралд буюу захиалга өсөлттэй үед 40 ажилтантай ажилладаг.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close