Ярилцлага

Улаанцутгалангийн хавцал дээгүүр ОЛСТОЙ АЛХАЛТ хийх гэж буй циркчин М.Мягмарсайхантай ярилцлаа

Амьдралынхаа нэг хэсэг хугацаанд циркийн ертөнцөөс холдоод байсан, 1990-ээд оны хамгийн залуу Соёлын тэргүүний ажилтан М.Мягмарсайхантай онцлох үйл явдлын мөрөөр ярилцлаа. Тэрбээр наймдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн нутагт оршдог Улаанцутгалангийн хавцал дээгүүр буюу 25 метр өндөрт татсан 65 метр урт олс дээгүүр алхалт хийх гэж буй.

“1997 онд 18 настайдаа Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байхад надаас ярилцлага авсан сэтгүүлч яг ингэж дэвтрээ дэлгэж билээ” хэмээн яриагаа эхэлсэн М.Мягмарсайхантай ийн хөөрөлдөв.

-НАЙЗУУД МААНЬ "ЯГ ОДОО ХИЙ!” ГЭЖ УРАМ ӨГСӨН-

-Улаанцутгалан дээгүүр утас татаад алхана гэсэн мэдээг хүмүүс маш сонирхож хүлээж авч байна. Үүнээс яриагаа эхэлье, таны хувьд энэ ямар онцлогтой үзүүлбэр болох вэ?

-Би Швейцарьт ажиллаж, амьдарч байхдаа Гиннессийн амжилтыг 22 удаа тогтоосон Фреди Нок гэдэг найзтайгаа ийм үзүүлбэр хийдэг байсан. Түүнтэй хамтарч ажиллах гэрээ дууссаны дараа 2010 онд Монголдоо эргэн ирж, хоёр жилийн өмнөөс циркийн амьдралаас бүр хөндийрсөн юм. Энд циркээр нэг л явж өгөхгүй байхаар нь бусад Монголчуудын л адил Солонгос явж ажил хийсэн, хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулж, амьдралаа залгуулсан.

Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард Фреди маань утастаж, дахин хамтарч ажиллах гэрээний санал тавьсан юм. Очиж гурван сар ажиллаад, эргээд циркийн ертөнц рүү орж ирлээ. Ингээд сүүлийн хоёр жилд намайг аз жаргалтай болгодог зүйл ерөөс цирк юм байна гэдгийг ухаарсан хэрэг.

Үүний дараа саяхан гэр бүлээрээ Улаанцутгаланд анх удаа очиж үзээд, утас татахад бэлэн, ямар сайхан газар вэ гэдгийг нь олж харлаа. “Ерөөсөө үүн дээгүүр л алхъя” гэж бодсон. Дараа жил үзүүлбэр хийхээр төлөвлөөд байтал найзууд маань, “Юу гэж дараа жил болтол хойшлуулах юм бэ? Яг одоо хий!” гэж урам өгсөн. Ийнхүү одоо танилцуулга бэлдээд, спонсор байгууллага хайх шатандаа явж байна. Спонсор олдохгүй байсан ч би наймдугаар сарын 11-нд үүнийг хийнэ.

-Мэдээж өнгөрсөн жилүүд дэх туршлага тань бэлтгэл болж ирсэн байх. Яг Улаанцутгалангийн үзүүлбэртээ зориулж өөрийгөө шахаж, бэлтгэл хийв үү?

-Би 2005 оноос Skywalking буюу өндөрт татсан утсан дээгүүр алхах үзүүлбэр хийж ирсэн. Гэхдээ дунд нь нэг хэсэг тасарсан тухай дээр дурьдсан. Яг Улаанцутгалангийн үзүүлбэртээ зориулж хийж байгаа бэлтгэл байхгүй. Олон жилийн туршлагаас ямар үед яах ёстойгоо сайн мэдэж байгаа. Хамгийн чухал зүйл нь тэр юм.

-Наймдугаар сарын 11-нээс өмнө ядаж ганц удаа утсан дээр алхаж бэлтгэхгүй гэж үү?

-Монголд цирк дээрээ намхан утас татаад алхаж үзсэн. Гэхдээ намхан утсан дээр бэлдэж байгаад тэр өндөрт гарна гэдэг тэс өөр ойлголт юм. Зааланд хэчнээн бэлдлээ гээд Улаанцутгалангийн үзүүлбэрт сайн бэлтгэл болж чадахгүй гэж болно.

-БИ УНАХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙГАА УЧРААС Л ҮҮНИЙГ ХИЙЖ БАЙНА-

-Танд тиймээс олон жилийн турш суусан мэдрэмж, бас өөртөө итгэлтэй байдал байгаа юм байна. Хүмүүсийн хувьд уначихвал яана гэж хүлээж авах нь их шүү дээ?

-Ер нь хүмүүстэй уулзаж, юу хийх гэж буйгаа ярих бүрт “уначихвал яах вэ?” гэсэн асуулт тавьж байна. Би унахгүй гэдгээ мэдэж байгаа учраас л үүнийг хийх гэж байгаа шүү дээ. Аюулгүйн хамгаалалтын үүднээс алхах гол олсондоо 10, 10 метрийн зайтай утас унжуулж бэхэлдэг юм. Тэдгээр утаснуудыг доор байх хүмүүс хоёр тийш нь тодорхой  хүчээр татаж зогсоно. Ингэснээр алхах гол төмөр олсны савлах хөдөлгөөнийг сааруулж өгдөг. Нөгөөтэйгүүр тэнцвэрээ алдахаар боллоо гэхэд хамгийн ойр байгаа утаснаас барьж, буух юм.

-Монголын циркийн нэвтэрхий толь дээр таныг "Монголын хамгийн өндөрт үзүүлбэр хийсэн жүжигчин” гэж бичсэн байдаг. Энэ ямар үзүүлбэр байсан юм бэ?

-Ихэнхи заалны циркийн үзүүлбэрүүд 10-12 метрийн өндөрт хийгддэг. Тэр үед би 11 метрийн өндөрт үзүүлбэр хийсэн. Татсан утсан дээр тэнцвэрийн төмөртэйгөө сонирхолтой үзүүлбэр хийдэг, “үхлийн цагариг” нэртэй номер гаргасан санагдаж байна.

-ЖҮЖИГЧИН ХҮНИЙ ХУВЬД ЦАГИЙН АЖИЛД БАРИГДАХ ШИГ ХЭЦҮҮ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ-

-Та циркийн амьдралаасаа хэсэг хугацаанд хөндийрснийхөө дараа дахин Швейцарийг зорьж үзүүлбэр хийгээд ирсэн байна. “Намайг аз жаргалтай болгодог зүйл цирк юм байна гэдгийг ойлголоо” гэж хэллээ шүү дээ?

-Би Солонгост жолооч ч хийлээ, барилга дээр ч ажиллаа, айл нүүлгэвэл айл ч нүүлгэлээ. Орой цалингаа аваад харих баяртай, сайхан л мэдрэмж. Гэхдээ циркийн тэр дугуй тайз жүжигчин хүнд үнэхээр үгүйлэгддэг, аз жаргалтай болгодог юм байна гэж одоо бодож сууна.

Солонгост ирэн очин хоёр жил ажил хийж байхад тийм мэдрэмж төрдөггүй байсан. Дээр хэлсний дагуу Швейцарьт очиж дахин нэг циркийн амьдрал руугаа ороод л, энэ бүхнийг ухаарах шиг. Багын найзууд маань ч бас яг тайзны үзүүлбэрээс холдоод, багш, дасгалжуулагч болсон нь элбэг харагддаг. Жүжигчин хүний хувьд цагийн ажилд баригдах шиг хэцүү юм байдаггүй юм билээ.

-Мэдээж багадаа циркийн жүжигчин болохыг мөрөөддөг байсан байх?

-Яг ч тийм биш ээ /инээв. Сурв/. Манай ээж оруулж байсан юм. Би спортын гимнастикаар долоон настайгаасаа хойш хичээллэж, 12 настайдаа анх циркэд орж ирсэн. 1991 он шүү дээ, нийгмийн амьдрал хэцүү байсан цаг. Би өөрөө ч нэг их дуртай биш байсан байж болох юм. Ээж маань л миний амьдралын зам мөрийг чиглүүлж өгсөн.

-Цаг хугацааны хувьд та Монголд хэдэн жил циркийн жүжигчнээр ажиллаж байгаад Швейцарь явсан юм бол? Суурь туршлага, карьераа өсгөх боломжоо Швейцараас олж авсан болов уу гэж харж байна.

-Швейцарийн гэрээ 2002 онд хийгдсэн, түүний өмнө бас Францад тоглож байсан гэвэл 1992-1999 оны хооронд л циркэд байсан бололтой. Тэр үед Улсын цирк гэж байлаа шүү дээ. 

Асуулттай холбогдуулаад ярихад, Швейцарь явахаас өмнө миний суурь бүрэлдсэн. Тухайн үед Соёлын тэргүүний ажилтан цолыг хэн дуртай нь авдаггүй байлаа. Миний багш аваагүй байхад би авч байсан. Соёлын яамны сайд, “Дээш нь мэдэгдэх шаардлагагүйгээр би өөрийн эрх мэдлийн хүрээнд энэ хүүг шагнаж байна” хэмээн зарлаж байсан санагдана.

Монголд акробатын үзүүлбэр хийдэг байсан бол Швейцарьт ирээд өөр төрөл рүү орсныг онцолж хэлүүштэй. Швейцарь явахаас өмнө утсан дээр алхдаг үзүүлбэр хийж үзээгүй байсан.

-ТОДОРЧ ГАРЧ ИРЭХДЭЭ ГОЛ НЬ БИШ. БИ ӨӨРТӨӨ ДУРСАМЖТАЙ ҮЙЛ БҮТЭЭХИЙГ Л ЗОРЬСОН-

-Одоо таны цаашдын зорилгыг асуумаар байна?

-Улаанцутгалан дээгүүр амжилттай алхана. Энэ маань хүмүүст их таалагдвал цааш Хэрмэн цав, Чулуутын хавцал дээр алхана гэж төлөвлөж байгаа. Яг алин дээр нь утас татаад алхахаа хараахан шийдээгүй байна. Хоюулаа Монголын үзэсгэлэнт газар. Хаана нь утсаа татах вэ гэх мэтчилэн тооцох, судлах ажил бий. Энэ жилдээ хараахан амжихгүй байх.

-Товлосон газруудад үзүүлбэрээ амжилттай хийгээд эхэлбэл та нийгэмд нэлээд хүчтэй тодорч харагдах болов уу.

-Тэр талын зүйлийг мэдэхгүй байна. Тодорч гарч ирэхдээ миний гол зорилго биш. Хамгийн чухал нь би өөртөө дурсамжтай зүйл бүтээж байгаа юм. Видео студитэй хамтарч ажиллана, дроноор миний бичлэгийг хийж өгнө. Хожим хөгширлөө гэхэд үзээд сууна шүү дээ.

-Үзүүлбэрийг амжилттай хийж ард нь гарахад зөвхөн танаас гадна бусад хүмүүсийн оролцоо чухал байх. Дутагдаж байгаа хүн хүч байна уу?

-Бараг арав гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй энэ үзүүлбэр хийгдэнэ. Хоёр талд аюулгүйн техникч хянана, нөгөө унжуулсан утаснуудыг найман хүн татаж зогсч таарах байх. Ямар нэг аюултай нөхцөл бий болвол аюулгүйн техникч сануулж, би бүх зүйлээ хаяад доош бууна гэх мэт.

Спонсор байгууллага хайж байна. Хурд груп, Голомт банк, Мандал даатгал гэх мэт томоохон газруудад саналаа хүргүүлсэн. Ер нь байгууллагын менежерүүд хувь хүн талаасаа их сонирхож, эерэг хүлээж авч байна. Шийдвэр гаргах түвшинд очоод яадгийг сайн мэдэхгүй юм. Дэмжих газар байвал сайн л байна. Байхгүй байсан ч өр зээл тавиад хамаагүй би хийдгээрээ хийх л болно.

-МИНИЙ ЭХНЭР МИНИЙ НЭГ НОМЕРИЙН ДЭМЖИГЧ-

-Таныг энэ том үзүүлбэрийг хийхээр зориг шулуудахад хамгийн их тусалж дэмжсэн, урам өгсөн хүмүүсээ дурьдаач?

-Мэдээж хамгийн түрүүнд эхнэрээ дурьдана. Миний нэг номерийн хөгжөөн дэмжигч.

Бас Red Path гэдэг байгууллагаар ороход захирал нь намайг маш их дэмжсэн. “Манай компанийн үйл ажиллагаатай нийцэхгүй юм байна, гэхдээ аль боломжоороо дэмжье” гэж хүлээж авсан. Миний хамгийн эхний бяцхан хандивыг энэ компанийн захирал өөрөө хувийн зүгээс өгсөн. Тэр хүнд маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Мөн намайг дэмжиж буй багийнхандаа талархал илэрхийлмээр байна. А.Чүвсэнсэнгэ, Х.Ганболд найзууд маань аюулгүйн техникчээр ажиллах юм.

-Ярилцлагын төгсгөлд асуухад, олсон дээр гараад та өөрийнхөө сэтгэлзүйг яаж удирддаг вэ?

-Өөрийгөө маш их тайвшруулдаг. Фреди маань, “Take it easy, easy and slow, don’t be hurry” гэж үргэлж англиар хэлдэг байсан. Энэ үгнүүдийг өөртөө хэлж, тайвшруулдаг гэж болно.

-Өнгөрсөн хугацаанд үзүүлбэрийн үеэр олсноос унасан тохиолдол танд бий юу?

-Байхгүй. Байсан бол би одоо энд ингээд суухгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-08-06 19:36

Mundag yumaa

Number1
Number1
2019-08-06 21:27

Gaihaltai, uzmeer baina tsaashdaa iim turliin urlagiig Mongold oruulj ireh heregtei

StevSlarie
StevSlarie
2019-11-19 23:30

Access Rx Viagra buy generic accutane no prescription Kamagra Plus 20mg [url=http://nefoc.com]propecia a 10 dias[/url] Dapoxetina Duloxetina

Холбоотой мэдээ

Back to top button