ДЭЛХИЙ

Хуавэй компани Андроидыг орлох гар утасны шинэ үйлдлийн системээ танилцуулжээ

АНУ-ын эдийн засгийн хоригт нэрвэгдээд байгаа Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компани Андроид системийг орлох шинэ үйлдлийн системээ өчигдөр албан ёсоор танилцуулжээ.

Тавдугаар сард Вашингтоны засаг захиргаанаас тавьсан хоригийн дагуу Google компани Андроид үйлдлийн системээ цаашид Хуавэй компанийн гар утаснуудад ашиглуулахгүй болж байгаагаа зарласан.

Дараа нь зургаадугаар сард Дональд Трамп, Ши Жиньпин нар Осакад болсон Их 20-ын чуулганы үеэр уулзаад уг хоригийг түр хойшлуулсан билээ.

Өчигдөр өмнөд Хятадын Донгуан хотод болсон Huawei Developer Conference чуулганы үеэр тус компани HarmonyOS буюу хятадаар Hongmeng нэртэй үйлдлийн системийг танилцуулжээ.

“HarmonyOS нь Андроид, iOS системүүдээс тэс өөр бүтэц, ажиллагаатай систем” гэж Хуавэй компанийн гүйцэтгэх захирал Ричард Юү мэдэгдсэн байна.

Эхний ээлжинд тус компани шинэ үйлдлийн системээ ухаалаг TV, яригч, бугуйн цаг зэрэг төхөөрөмжүүдэд ашиглах юм байна.

Харин гар утсанд хэзээ нэвтрүүлэх нь АНУ-ын шийдвэрээс хамаарах ажээ. Өөрөөр хэлбэл бүрэн хориглох хүртэл нь Хуавэй компани гар утсандаа Андроид систем хэрэглэхийг илүүд үзэх бөгөөд хамгийн муу тохиолдолд HarmonyOS-оор солих төлөвлөгөөтэй байгаа юм байна.

HarmonyOS нь нээлттэй систем байх бөгөөд хэн дуртай нь уг системийг өөрийн ухаалаг төхөөрөмжид ашиглах боломжтой байх гэнэ.

Гэхдээ Хуавэй компани өөрийн HarmonyOS системд зориулсан эко систем, аппликэйшний арвин сантай болох хүнд асуудалтай тулгарч байна.

Өмнө нь Blackberry компани үүнийг хийж чадаагүйгээс үндсэндээ дампуурсан. Самсунг компани мөн Tizen нэртэй өөрийн үйлдлийн системийг хөгжүүлсэн ч телевиз, бугуйн цаг зэрэг гар утаснаас бусад ухаалаг төхөөрөмжүүдэд ашиглахаас хэтрэхгүй байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button