УЛС ТӨР

ХУГАЦАА: У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Д.Энхбат нарыг бүртгэсэн эсэхээ СЕХ бямба гарагт зарлана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль болох хугацаа ойртсоор байна.

Үйл явц хуульд заагдсан хугацааны дагуу явж байгаа бөгөөд хамгийн эхний алхам болох – улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхмээ дотооддоо тодруулаад буй. Энэ нь тавдугаар сарын 2-ноор эцэслэгдэх учиртай.

Үүгээр МАН-аас У.Хүрэлсүх, М.Тулгат даргаар нь сонгогдсон АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргаар нь сонгогдсон АН-аас Н.Алтанхуяг, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшихээр болоод буй билээ.

НЭГ:

Харин дараагийн шат буюу намууд нэр дэвшигчдийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хугацаа тавдугаар сарын 5-наар эцэслэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл лхагва гараг хүртэл Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудыг хүлээнэ.

ХОЁР:

Харин нэр дэвшигчдийн материалыг хүлээж аваад, бүртгэх эсэхээ тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд шийдвэрлэх юм. Ингэснээр бямба гарагт дээрх нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор бүртгэсэн эсэхээ Сонгуулийн ерөнхий хороо зарлана гэсэн үг.

ГУРАВ:

Хэрэв Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэхгүй гэж шийдвэрлэсэн бол намд нь хоёр дахь боломж бий. Тодруулбал хоёр өдрийн дотор буюу тавдугаар сарын 10-наас өмнө хууль зүйн хувьд нэр дэвшигчээр бүртгэгдэх боломжтой дараагийн хүнээ тодруулж, дахин Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж болно. Энэ бол сүүлийн хугацаа.

ДӨРӨВ:

Ингээд тавдугаар сарын 24-нд Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн зарлана. Энэ өдрөөс хойш сурталчилгааны өдрүүд эхлэх бөгөөд санал хураалт зургадугаар сарын 9-нд болох юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button