ДЭЛХИЙ

Дэлхийн 17 улсаас мөнгө хулгайлсан Умард Солонгосын кибер халдлагуудыг НҮБ шалгаж байна

Цөмийн зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд Умард Солонгосын дэглэм гадаадын 17 орны банк, санхүүгийн байгууллагууд руу нийт 35 удаагийн кибер халдлага үйлдсэнийг НҮБ-ын мэргэжилтнүүд шалгаж байна.

Пёньяны эрх баригчид ийм арга замаар нийт хоёр тэрбум доллар олсон гэж саяхан гарсан судалгааны дүгнэлтэд өгүүлжээ. Хамгийн их хохирол амссан улс нь Өмнөд Солонгос болж, 10 удаагийн халдлагад өртсөн байна.

Дараа нь гурван халдлагатай Энэтхэг, тус бүр хоёр халдлагатай Бангладеш, Чили улсууд удаалжээ. Коста Рика, Гамби, Гватемал, Кувэйт, Либери, Малайз, Мальта, Нигери, Польш, Словени, Өмнөд Африк, Тунис, Вьетнам улсууд нэг нэг удаа Умард Солонгосын кибер халдлагад өртсөн байна.

Дээрх халдлагууд НҮБ-ын зарласан эдийн засгийн хоригийг зөрчиж байгаа тул мэргэжилтнүүд мөрдөн шалгаж эхэлжээ.

Умардын хакерууд банкны системд халдахдаа улс хоорондын гүйлгээний "SWIFT” системийг ашигласан байна. Мөн крипто арилжааны төвүүд рүү болон крипто валют эзэмшигч хувь хүмүүс рүү чиглэсэн халдлага үйлдэж байжээ.

Гурав дахь арга нь бусдын компьютерт вирус халдааж, тухайн компьютерын хүчин чадлыг ашиглан крипто валют олборлох үйл ажиллагааг нууцаар гүйцэтгэж байсныг тогтоосон байна.

Үүнээс гадна зарим улс орны ATM сүлжээнд нэвтэрч, хуурамч гүйлгээгээр бэлэн мөнгө гаргуулаад өөрийн хүмүүсээр авхуулсан хэрэг илэрсэн гэнэ.

Өмнөд Солонгосын хамгийн том крипто арилжааны төвүүдийн нэг "Bithumb” - руу Умард Солонгосын хакерууд хамгийн багадаа дөрвөн удаа халдаж их хэмжээний мөнгө хулгайлж байжээ.

Эхний хоёр халдлага нь 2017 оны хоёр, долдугаар саруудад гарахад нийт долоон сая долларын хохирол учруулсан бол 2018 оны зургаадугаар сард халдахдаа $31 сая, 2019 оны гуравдугаар сард халдахдаа $20 саяыг хулгайлж байсныг тогтоосон гэнэ.

Умардын хакерууд “cryptojacking” гэгддэг аргаар интернэтэд холбогдсон хүмүүсийн компьютерт вирус халдааж, тооцоолох хүчин чадлыг нь крипто валют олборлоход хулгайгаагаар ашиглаж байсныг НҮБ-ын мэргэжилтнүүд илрүүлжээ.

"Monero” нэртэй крипто валютыг ийм аргаар олборлож, олсон бүх дижитал валютаа Пёньян дахь Ким Ил Суны нэрэмжит их сургуулийн серверт илгээж байсныг тогтоосон байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button