Мьянмарт хоригдож буй хоёр сэтгүүлч Пулитцерийн шагнал хүртлээ


Ройтерс агентлагийн хоёр сэтгүүлч Мьянмар улсын зартай шоронд хоригдож байхдаа сэтгүүлзүйн салбарын хамгийн хүндтэй шагналуудын нэгийг хүртсэн үйл явдал боллоо.
Даваа гарагт Нью-Йорк хот дахь Пулитцерийн Төв Ройтерсийн олон улсын сэтгүүлзүйн албаны редакцид энэхүү шагналыг гардуулж өгсөн байна. Тэгэхдээ улс төрийн нууц задруулсан хэргээр байцаагдан Янгоны Инсен шоронд хоригдож буй Ва Лон, Кьяв Сое Оо нарын нэрийг тодотгон уншиж зарлажээ.

Тус сэтгүүлчид Ройтерс агентлагийн томоохон эрэн сурвалжлах багийг ахлаж байсан юм. Тодруулбал, Мьянмарын өмнөд тосгонд Муслим цөөнхүүдийн эсрэг мөргөлдөөн үүсэх үед алагдсан 10 хүний үхлийн шалтгааныг тогтоохоор тэд ажиллаж байв. Эл явдал 2017 оноос эхэлсэн. Харин Мьянмарын засгийн газар сэтгүүлчдийн хардлагыг буруушааж, хүний эрхийг зөрчсөн үйлдэл хийгээгүй гэсэн байр суурин дээр зогссон юм. Цаашлаад, амь үрэгдэгсдийг цагдаа нарын эсрэг дайралт хийж байгаад өөрстөө хохирсон Рохингья үндэстнүүд байсан хэмээн тайлбарлаж байв.
Мьянмар дахь Рохингьячуудын асуудал үргэлж тэмцэл, мөргөлдөөн дагуулсаар ирсэн. Угтаа цөөнх болсон эдгээр үндэстнүүдийг засгийн газрын зүгээс хавчин дарангуйлах явдал газар авсан юм. Байнгын дарамтан дор амьдрахыг хүсээгүй 720 мянгаас илүү Рохингьячууд Бангладеш улс руу дүрвэн гарсан гэх тоо баримт байдаг.
2017 онд болсон тэрхүү явдлын үеэр цагдаагийн ажилчид Рахинэ намын талд урвасан юм. Ингээд засгийн газрын зүгээс тавих аюулгүй албаны хяналт алдагдаж эмх замбараагүй, хэрцгий нөхцөл байдал үүссэн. Гэм буруугүй хүмүүсийг хөнөөх, бага насны хүүхдүүдийг амьдаар нь шатаах гэх мэт аймшигтай дүр зураг өрнөж байсныг сэтгүүлчид баримт болгон буулгаж авч байжээ.
Ва Лон болон Кьяв Сое Оо нар Мьянмарын цагдаагийн оффицер санал тавьсны дагуу энэ хэрэг дээр 2017 оны сүүлээс ажиллаж эхэлсэн тухайгаа ярьсан юм. Цагдаа нар тэднийг ресторанд нууц уулзалтад урин, хэрэгт холбоотой хавтаст хэргүүдийг гардуулж өгсөн гэдэг. Харин дараа нь улс төрийн нууц хууль бус аргаар олж аван задруулсан гэж буруутгаад, баривчлах үйл ажиллагааг эхлүүлсэн аж.

Одоо, Мьянмарын дээд шүүх тэдний сүүлчийн давж заалдах шүүх хурлыг зохион байгуулж байна. Пулитцерийн шагнал гардуулах төлөөлөгч Дана Канеди энэ үеэр, “Цагдаа хүчнийхний бурангуй үйл ажиллагааг өндөр түвшинд илчилсэн, Рохингьячуудын үхлийн хэргийн үнэн мөнийг бүдэгрүүлэлгүй ил гаргаж чадсан хүмүүсийг энэ орны зоригтой шүүх шоронд хорьж байна” хэмээн хэлжээ.
Мөн өнгөрсөн жилд Ройтерс агентлагийн Мьянмар дахь төлөөлөгч, Антони Слодковски "Зөвхөн хохирогчдын мэдүүлэг дээр үндэслэж байгаа ч юм биш. Үйл явдал болсны дараа олон хүний бодит баримт, гэрчийн мэдүүлгүүд ил гарсан байдаг. Харгис бүдүүлэг үйлдлээрээ бахархаж байсан хүмүүс ч цагдаагийн ажилчдын дунд бий” гэж CNN-ийн сэтгүүлчид ярилцлага өгсөн юм.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.