ҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ Б.Амарбаясгалан: Байгалийн тогтцыг ГОЁЛ ЧИМЭГ болгон давтагдашгүй загвар урладаг

Сүүлийн үед залуусын дунд байгалийн болоод аль болох өвөрмөц шийдэлтэй гоёлыг өдөр тутамдаа хэрэглэх хандлага давамгайлж байна. Гэвч өнөө л хэвэнд цутгаж хийсэн нийтлэг гоёлууд элбэг. Иймд бид ҮЙЛДВЭРЛЭГЧ булангаараа цэвэр байгалийн тогтцоор давтагдашгүй загвар бүхий ээмэг, зүүлт, бөгж зэрэг гоёлууд урлаж буй AMURE брэндийг санаачлагч Б. Амарбаясгалантай уулзаж ярилцлаа.

-ГЭРЭЭ ЭКО ОРЧИНТОЙ БОЛГОЁ ГЭЖ ШИЙДСЭНЭЭР ЭНЭХҮҮ БИЗНЕСИЙН ГАРАА ЭХЭЛСЭН-

-Бидэнд өөрийнхөө тухай танилцуулна уу?

-Намайг Амарбаясгалан гэдэг. Дүрслэх урлагын дээд сургуулийг 1999 онд төгссөн, хувцасны дизайнер мэргэжилтэй.

-Анх энэхүү брэндийг нээх санаагаа хаанаас олж авсан бэ?

-Гэр бүлээрээ хотоос холдож байгальд амьдрахын тулд газар авсан. Тэгээд байшиндаа нөхөртэйгөө нийлж модон  “эко” орчин бүрдүүлсэн. Нөхөр маань модны үндсээр ширээ тавилга урлаж тохижуулсныг найзууд хараад “Гоё болсон байна, захиалж хийлгэе, бидэнд бас хийж өгөөч гэх” зэрэг санал тавьсан. Үүнээс хойш захиалгаар цөөн хэдэн бүтээл урлаж өгөөд энэ ажилдаа сонирхолтой болсон. Би өөрөө модны үндсээс үлдсэн материалаа ашиглан, гадаадын бичлэг аргачлалууд үзэж судлаад энэхүү зүүлт чимэглэлүүдийг урлаж эхэлсэн. Гадаадууд энэ төрлөөр их хийдэг. Түүнээс ерөнхий технологио сураад өөрийн санаа, загвар дизайнаа тусгасан ээмэг, бөгж, зүүлт хийж эхэлсэн. Бүтээлийн чанартай гар аргаар хийгддэг учраас би энэ ажилдаа их дуртай.

-Гэр бүлийн хүн тань модоор урладаг гэсэн. Ямар мэргэжилтэй хүн бэ?

-Манай нөхөр тэшүүрийн спортын тамирчин, дасгалжуулагч мэргэжилтэй хүн. Бид хоёр анх эко өвөрмөц орчинтойгоор гэрээ тохижуулья гэж төлөвлөсөн. Яваандаа сонирхлоороо хийж, тэр нь бизнес болсон. Анх ийм бизнес хийе гэж санаагүй, гэрээ л гоё тохижуулья гэж бодсон.

-Зүүлт бөгжнүүдийн өнгө маш тод өвөрмөц санагдлаа. Яаж ийм өнгөнүүд гаргаж авдаг вэ?

-Тусгай зориулалтын өнгө оруулдаг будагч шингэн байдаг. Түүнийг өөрийн мэдрэмжээр хольж хүссэн өнгөнүүдээ гарган авдаг. Зүүлт маань эпокси буюу шингэн давирхай болон модны үндсээр хийгддэг учир маш хөнгөхөн бөгөөд үзэмжтэй болдог.

-МОДОН ЭД ЗҮЙЛСИЙГ ЦУТГАЖ ХИЙХ БОЛОМЖГҮЙ УЧРААС ДАВТАГДАШГҮЙ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО-

-Яагаад бүтээгдэхүүнээ AMURE хэмээн нэрлэсэн бэ?

-Намайг Амарбаясгалан гэдэг. Би уран бүтээл хийх хугацаандаа өөрийнхөө нэрийг Аmurai гэдэг байсан учраас энэ нэрийг өгье гэж бодсон. Гэтэл бичихэд арай урт санагдаад Amure болговол цээжлэхэд ч хэлэхэд ч эвтэйхэн санагдсан тул өөрчилсөн. Одоохондоо патентын эрхээ авч амжаагүй, жижиг хувийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашдаа дэлгүүрээ нээнэ гэж боддог. Гадаад амьдардаг хүмүүс их сонирхож захиалга өгдөг.

-Ихэвчлэн ямар үйлчлүүлэгчид худалдан авалт хийдэг вэ?

-Янз бүр шүүдээ. Залуухан охид залууст зориулсан загваруудыг шинээр урлаж “Playtime” дээр очиж борлуулсан. Загвараасаа шалтгаалаад бүх насныхан худалдан авалт хийдэг. Найзуудын хүрээлэлдээ таниулж эхэлсэн боловч “өнгө нь тод бас том хэмжээтэй юмаа” гэж хэлж байсан. Харин зүүж үзсэнийхээ дараа өвөрмөц гоё гэсэн.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Монголд шингэн давирхай зардаг газрууд олон байдаг учраас тэднээс авч бүтээгдэхүүнээ хийдэг. Сав баглаа боодлын хувьд дэлгэмэл хэвлэсэн гадаргууг нь захиалж аваад наах нугалах ажлыг өөрөө хийдэг.

-Хүссэн өнгө загвараараа захиалга өглөө гэж бодоход хэд хоногт бэлэн болдог вэ?

-Өөрийн хүссэн өнгө болоод загвараа хэлж өгөөд захиалж болно. Гурав хоногт захиалга нь бэлэн болдог. Ээмэг, бөгж, хүзүүний зүүлт нийлээд 85 мянган төгрөг. Зүүлт бөгж хоёрыг захиалвал 60 мянган төгрөг гэх мэт үнэ ханштай.

-Хүмүүс ямар загвараас ихэвчлэн худалдан авдаг вэ?

-Онцлогоосоо шалтгаалаад өөр өөр сонирхолтой байдаг. Гүн ногоон, усан цэнхэр гэх мэт байгалийн өнгөтөйг ихэвчлэн авдаг. Залуучуудын хувьд цагаан, тунгалаг, тас хар, час улаан зэрэг хурц өнцөгтэй геометрийн дүрсээр хийсэн зүүлтнүүдийг сонирхож авдаг. Бүтээгдэхүүнийхээ загвар өнгийг би гаргаад нөхөр маань урлаж хийдэг.

-Ээмэг бөгж хийж борлуулдаг хүмүүсийн тоо өссөн шүүдээ. Таны бүтээгдэхүүний хувьд юугаараа онцлог вэ?

-Шингэн давирхайгаар цутгаж хийсэн бүтээгдэхүүнүүд гадуур их байдаг. Манай бүтээгдэхүүний хувьд гараар нэг бүрчлэн хэлбэр өнгө дүрсийг урладаг. Модон эд зүйлсийг цутгаж хийх боломжгүй учраас “давтагдашгүй” гэж ойлгож болно. Өнгөний хувьд би өөрөө дүрслэх урлагийн сургууль төгссөн учраас тодорхой хэмжээнд суурьтай, өнгө сонголтын хувьд ч содон байгаа байх.

-ӨНГӨ ЗАГВАРЫГ БИ ГАРГАЖ, НӨХӨР МААНЬ УРЛАДАГ-

-Дөнгөж бизнесээ эхлүүлж буй хүмүүсийн хувьд бүтээгдэхүүнээ таниулах тулгамдсан асуудал байдаг. Та үүнийг яаж шийдсэн бэ?

Сошиал сүлжээнд пэйж хуудас нээгээд бүтээгдэхүүнийхээ бодит зургуудыг хийж хүмүүсийн анхаарлыг татаж байна.

-Эдэлгээ хэр сайн даадаг вэ? Хэрэглэгчид маань юуг анхаарах ёстой вэ?

-Усанд хүргэж болохгүй. Гараа угаахдаа тайлж байхгүй бол модоор хийгдсэн бүтээгдэхүүн учраас дэвтчихвэл шингэн давирхай буюу гоёлоосоо салах магадлалтай. Дэвтээхгүй бол өөр асуудал гарахгүй. Хэдэн ч жил хэрэглэж болно, эдэлгээ сайн даадаг.

-Бизнесээ эхлүүлсэн хойш хэр ашиг, өгөөжөө өгч байна?

-Эхлээд удаагүй учраас одоохондоо тийм ч их ашиг олоогүй байна. Харин энэ ажилдаа дуртай учраас шинэ загварууд гаргах тал дээрээ анхаар ажиллана.

-Танайхан гэр бүлээрээ таныг дэмжиж ажилладаг уу?

-Тиймээ. Нөхөр маань урлах, хэлбэрийг нь гаргах зэрэг нарийн ажлуудыг хийдэг. Мэргэжлийн хүн биш боловч гарын дүйтэй. Заримдаа найзууд маань тэшүүрчин биш уран бүтээлчтэй суучихсан байна гээд л их гайхна.  Би өөрөө өнгө дүрсийг нь гаргана. Хааяа хүү маань хүргэлт хийхэд тусалдаг.

-Хүмүүс хэр их захиалж хийлгэдэг вэ?

-Пэйж хуудаснаас харж байгаад ийм өнгөтэй, тийм хэлбэртэй хийгээд өгөөч гээд их захиалдаг. Ингэснээр өөрсдийн сонирхож буй хэлбэр өнгөөрөө хийлгэдэг учраас дуртай байдаг. Хүзүүний зүүлт маань хэмжээгээ өөрсдөө тааруулаад зүүж болдог гэдгээрээ их онцлог. Харин бөгжний размер хүн бүгдийнх өөр тул ихэвчлэн захиалж хийгэдэг. Дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж зардаг. Гэвч захиалгаар давтагдашгүй гаргадаг учир хүмүүс өөрсдөө захиалга өгч, хурууныхаа размерт таарсан бөгжөө хийлгэх боломжтой.

-Анх аяганы суурь, таваг гэх мэт модон эдлэлүүд хийж байсан. Одоо ч мөн тиймэрхүү бүтээгдэхүүнүүд хийж борлуулдаг уу?

-Модоор урласан жааз, лааны суурь гэх мэт гэрийн жижиг чимэглэлүүд хийн бизнесээ өргөжүүлэх бодолтой байна. Одоогын байдлаар бөгж хүзүүний зүүлтнээс гадна кофены ширээ, модон таваг зэргийг урладаг.

-ЗУН ЦАГТ Л ТОХИРОМЖТОЙ ГЭЛЦДЭГ, ГЭХДЭЭ НООСОН БОЛОН ЗАХТАЙ ЦАМЦАН ДЭЭР МАШ ГОЁ ХАРАГДДАГ-

-Жижиг дунд бизнесийг дэмжих, таниулах зорилготой үзэсгэлэн худалдаануудад хэр идэвхитэй оролцдог вэ?

-Гэр бүлийн хүн маань ажлынхаа хажуугаар бүтээгдэхүүнээ хийдэг байсан учраас оролцож чаддаггүй байлаа. Яваандаа идэвхитэй оролцоод бизнесээ үйлдвэрлэл болгоно гэж бодож байна.

-Гэрийн нөхцөлд зорж хийдэг гэж сонссон?

-Тиймээ. Кофены ширээ, модон таваг бол гараар урладаг учраас олон тоогоор хийгддэггүй. Байгалийн тогтцоороо давтагдашгүй байдаг учраас их ашиг олох гэж улайрдаггүй.

-Та надад их органик бүтээгдэхүүн хийдэг, байгальтай ойр байх дуртай хүн шиг санагдлаа. Бүтээгдэхүүнээ хийх явцад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Би байгальтай аль болох ойрхон байх дуртай. Тийм ч учраас гэрээ органик байдлаар тохижуулж эхэлсэн. Бүтээлүүдээ урлаж байх явцдаа тайвшралыг мэдэрдэг.

-Та хувцас загварын чиглэлээр сурч байсан. Мэргэжлээрээ хэр удаан ажилласан бэ?

-Театрын хувцасны загвар гаргадаг байсан. Мэргэжлээрээ төгсөөд удаан ажиллаагүй. Тухайн үед хамт сургууль төгссөн олон мундаг залуус бий. Гэвч тэр үед цөөхөн театртай байсан тул бидэнд орон зай байгаагүй. Ихэнх нь дүрлэх урлаг тал руугаа дөхөхөөр хаяг реклам, зураглаач хийгээд явсан.

-Таны бүтээгдэхүүнүүдийг арт гэж хэлж болохоор юм, Давуу тал нь юу вэ?

-Урлаг гэсэн үг л дээ. Өөрөө би энэ ажилдаа их дуртай болчихсон. Гэрээ өөрийнхөө хийсэн бүтээлүүдээр дүүргэхийг хичээдэг. Хашаандаа ч мөн жимс ногоо тариад амьдрах их сонирхолтой санагдсан.

-Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл бий юу?

-Үйлчлүүлэгчиддээ хандаж хэлэхэд өөрийн хүссэн өнгө загвараар хүссэн гоёлоо хийлгэх боломжтой. Дахин давтагдахгүй зөвхөн танд зориулан байгалийн тогтцоор урлана. Зарим хүмүүс бүтээгдэхүүнийг маань зуны цагт л тохиромжтой юм гэлцдэг. Гэвч өвөл ноосон цамцан дээр юмуу захтай цамцнууд дээр ч мөн их зохицдог гэдгийг хэлмээр байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

AMURE брэндийн пэйж хуудсаар зочлох бол ЭНД дарна уу

Холбогдох утас: 9916 7315

Хаяг: УИД-ийн зүүн талд Мөнгөн Завьяагийн баруун хойд талд 23-р сургууль явах зам дагуу Ulaanbaatar hot pot-ийн дэргэд Little heaven in UB

Хаяг: Хуучнаар центрпойнт, Голомт банкны Бизнес төвийн зүүн талын 29-р байр Green Stock

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close