ДЭЛХИЙ

Шри Ланкийн дөрвөн хотод террорист халдлага болж, хөл хорио тогтоогоод байна

Шри Ланк улсын Баттикалоа, Коччикаде, Негомбо болон Коломбо зэрэг дөрвөн хотын найман газар террорист халдлага үйлдэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Шри Ланкийн хамгийн том хот болох Коломбод л гэхэд дөрвөн ч дэлбэрэлт болсон бөгөөд Христийн сүмүүд болон дээд зэрэглэлийн зочид буудлууд багтжээ.

Одоогийн байдлаар 400 гаруй хүн шархдаж, 207 хүн амиа алдсаны дотор 35 гадаадын иргэн байгаа талаар бүс нутгийн цагдаагийн газраас мэдэгджээ.

Найм дахь дэлбэрэлтийг амиа золиослогч хийсэн талаар гэрчүүд мэдүүлсэн бөгөөд газар дээрээ гурван хүн амиа алдсан байна. Мөн сэжигтэй гэх долоон хүнийг баривчилж байгаа талаар албаныхан мэдэгджээ. Коломбийн оршин суугч Усман Али “BBC”-д өгсөн ярилцлагадаа "Цусаа хандивлахаар очтол цусны донорын төвд асар их дараалал үүссэн байсан. Тэнд байсан хүмүүс яс үндэс, шашин шүтлэг арьс өнгө хамаарахгүйгээр дэлбэрэлтэд өртөгсдөд туслах ганцхан л зорилготой байсан" хэмээжээ.

Мөн энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан дэлхий даяар хүмүүс эмгэнэл илэрхийлж байна. Тухайлбал, Пап лам, Доналд Трамп, Тереса Мэй болон Европын холбооны ерөнхийлөгч, томоохон улс төрчид, алдартнууд сошиал хаягаараа дамжуулан эмгэнэлээ илэрхийлцгээж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа дамжуулав.

Харин Шри Ланкийн ерөнхийлөгч Майтрипала Сирисена иргэдээ тайван байж шалган мөрдөх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж туслахыг гуйлаа. Мөн тус террорист халдлага болсонтой холбогдуулж засгийн газар гэнэтийн уулзалт зарлаж сошиал медиа болон мессеж үйлчилгээг хаагаад байна. Мөн бүс нутгийн цагаар 18 цагаас Даваа гарагийн өглөөний 06 цаг хүртэл хөл хорио тогтоолоо. Ерөнхий сайд Ранил Викремесингхе “Энэ эмгэнэлт явдлын үеэр Шри Ланкчуудыгаа эв нэгдэлтэй хүчтэй байхыг уриалж байна” гэжээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button