ДЭЛХИЙНИЙГЭМ

Аварга том хирсний цоо шинэ зүйлийн олдвор олджээ

Ойролцоогоор 25 сая жилийн өмнө амьдарч байсан 4.9 орчим метр өндөртэй аварга хирс нь эх газрын хамгийн том хөхтөн амьтан гэгддэг. Харин тэдний хувьслын түүх болон Ази тив даяарх тархалт нь эрдэмтдийг гайхшруулсаар байна.

Палеонтологчид устаж үгүй болсон аварга хирсний Парацератериум линксяенсе хэмээх зургаа дахь зүйлийн чулуужсан олдворыг саяхан олжээ. Энэ олдвор нь амьтад хэрхэн Хятад, Монгол, Казахстан болон Пакистанаар нүүж ирснийг тодорхой болгож байгаа юм. Дэн Таогоор ахлуулсан сээр нуруутан амьтдын палеонтологи ба палеоантропологийн хүрээлэнгийг судлаачдын баг энэ долоо хоногт “Коммюникэйшн биологи” сэтгүүлд энэ талаарх 2015 оны олдворуудаа шинэ судалгаатайгаар нийтлүүлжээ.

Судлаачид гавлын яс, эрүү, шүд болон толгойн хүзүүтэй холбогдох хэсэг нь бүхлээрээ хадгалагдсан чулуужсан  олдвор ба мөн гурван нугламаас бүрдсэн өөр нэг олдворыг харуулжээ. Энэхүү эртний үлдэгдлүүд нь судалгааны багийнханд дижитал 3D загварыг бүтээх, мөн өмнө нь олдсон бусад олдвортой харьцуулах хангалттай дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадсан. Судлаачид шинэ олдворыг шинжлээд  урт, уян хатан хүзүүгээр нь бусад төрлөөс ялган шинэ төрөл зүйл гэж ангилсан байна.

Энэхүү Түвдийн өндөрлөгийн зүүн хойд хил дээр байрлах Хятадын Ганьсу мужаас олдсон ховор олдворууд нь 34-23 сая жилийн тэртээх сүүлчийн олигоценийн үед багтана. Аварга хирсүүд нь орчин үеийн хирснүүдээс хамаагүй том хэмжээтэй байсан бөгөөд тэдний өндөр нь 4.9 орчим метр, 40,000 фунт жинтэй бөгөөд эвэргүй байжээ. Дээрх нээлт нь эдгээр асар том амьтад устаж үгүй болсноос хойш тухайн бүс нутаг хэрхэн өөрчлөгдсөнийг мөн тодорхойлж өгч байгаа юм. Судлаачид "Түвдийн бүс нутаг нь Олигоцены үед 2000 метрээс доош байрласан хэсгүүдтэй байсан байх магадлалтай бөгөөд аварга хирсний удам угсаа нь магадгүй энэ нам дор байрласан бүс нутгуудаар дамжин Тетисийн далайн зүүн эрэг дагуу, чөлөөтэй тархсан байж болзошгүй” гэж судалгаандаа бичжээ.

Судлаачид эрт Олигоцены үед уг амьтан баруун зүгт Казахстан руу тархаж, тэдний удам нь Өмнөд Ази руу тэлж, дараа нь хойд зүг рүү буцан Түвдийн нутгийг гаталж, эцэст нь Линксийн сав газарт П.Линксяенсе бий болсон хэмээн тогтоожээ.

"Олигоцены газар зүйн нөхцөл байдал нь аварга хирсийг хойд зүг рүү Төв Ази руу буцаах боломжийг олгосон нь Түвдийн бүс нутгийг хувслаар тухайн үед өндөрлөгт гарч амжаагүй байсан гэсэн үг юм” гэж Дэн Тао хэлжээ.

                                                                        О.Энхжин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button