ҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ Н.Сарангуа: Морьтой тос сайн гэдэг хэрнээ Монгол биш Солонгос тосыг авдаг

Энэ удаагийн “ҮЙЛДВЭРЛЭГЧ” буландаа бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж буй “Инару” брэндийг онцоллоо. Уг брэнд нь үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байгаа хэдий ч бүтээгдэхүүнээ экспортолж, гаднын жуулчдад ихээхэн танигдаж чадсан гэдгээрээ онцлог юм. 

ЗУРАГ: “Инару биомедикл”-ийн захирал Наранхүүгийн Сарангуа

-“Инару” брэндийг хэрхэн үүсгэн байгуулсан бэ? Чухам юу нөлөөлөв?

-Манайх үйл ажиллагаагаа 2016 оноос явуулж эхэлсэн. Харин брэндийн нээлтээ 2017 оны 11-р сард хийсэн. Уг брэндийг нээх болсон шалтгаанд  хоёр ч хүчин зүйл бий. Нэгдүгээрт, миний хувьд импортын бүтээгдэхүүн Монголдоо оруулж ирээд 10 жил болсон. Ажлын шаардлагаар гадны хүмүүстэй уулзалт хийж үндэсний үйлдвэрийн бүтэгдэхүүн бэлэглэх шаардлагатай болоход ноолууран бүтээгдэхүүнээс өөр зүйл байдаггүй. Тиймээс эх орныхоо онцлог чанарыг харуулсан зүйл хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Хоёрдугаарт, Би хоёр ойрхон төрсөн, тийм ч учраас бага насны хүүхэдтэй хүн чинь арьс гоо сайхан болон хүүхдийн хэрэглэх зүйлд их анхаарч байлаа. Гэтэл нэг өдөр BBC-ээр гарсан саван, шампунь, ОО гээд ахуйн цэвэрлэгээнд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн талаар нэвтрүүлэг гарав. Уг нэвтрүүлгийг үзсэнээр би бидний алхам тутамдаа хэрэглэдэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг ямар хор уршигтай, урагт хэрхэн муу нөлөөлдөг, хүүхдийн эрүүл мэндэд муу, харшил үүсгэдэг, хавдар үүсгэдэг гэдгийг сонсоод итгээгүй. Үүний дараа судалгаа хийж эхэлсэн. Гэвч судалгааны явцад бидний хэрэглэдэг ОО-нд гэхэд арьсанд хэрэглэж болохгүй бодис, хөөсрүүлэгч бодис, цайруулагч бодис, тогтворжуулагч бодис гэх зэрэг олон төрлийн химийн бодис агуулагдсан байдгийг олж мэдсэн. Өдөр тутамдаа хэрэглэдэг бүх бүтээгдэхүүнүүд синтетик химийн бодисоос бүрдэж байгаа. Синтетик химийн бодис гэдэг нь байгалийн аргаар гаргаж аваагүй химийн нэгдлүүдээр гаргаж авсан бүтээгдэхүүнүүд, хүний бидний биед огт шингэдэггүй гэдгийг мэдсэн. Ингэж л гэрийн хэрэглээндээ ч тэр цаашид хийх бүтээгдэхүүнээ органик бүтээгдэхүүн болгосон.

Түүнчлэн Английн “Формула ботаника” гэдэг сургуульд хоёр жил суралцаж органик бүтээгдэхүүн хэрхэн хийдэг талаар мэдлэгтэй болж ОУ-ын технологичийн сертефикат авсан.

Танай брэндийн нэр их содон санагдлаа, ямар утгатай үг вэ?

-Хүмүүс манай брэндийн нэрийг их гайхаж асуудаг. Гадаад нэр үү ч гэх нь бий. Гэхдээ уг үг нь “Алтан дээд гэрээ” сударт гардаг монгол үг. Инару нь эртний монгол бичгээр “Нар” буюу цөм гэсэн утгатай үг юм. Нар маань өөрөө амьдрал байдаг учраас хүн бүрд сайн сайхныг бэлгэдсэн утгатай билээ.  

-Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй вэ? Бүгд гоо сайхны бүтээгдэхүүн үү?

Одоогоор 26 бүтээгдэхүүнтэй ихэвчлэн гоо сайхан, арьс арчилгаа, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд. Удахгүй гэр ахуйн цэвэрлэгээний  бүтээгдэхүүнүүдээ илүү олон төрөлтэй, болгож гаргана.

-ГУРВАН ДОЛЛАРЫН ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АВНА ГЭДЭГ ХОВОР ТОХИОЛДОЛ УЧРААС “ИНАРУ”-Г ГАДНЫН ЖУУЛЧИД ИХЭЭХЭН ЗОРЬЖ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ-

-Үнийн хувьд хэдэн төгрөгийн хооронд вэ? Эко бүтээгдэхүүнүүд ихэвчлэн үнэтэй байдаг шүү дээ.

-Бүтээгдэхүүн маань 4500-28000 төгрөгийн хооронд бий. Хамгийн үнэтэй нь гэхэд адууны массажны тос 28 мянган төгрөг. Уг бүтээгдэхүүний хувьд 120 мл-ын савлагаатай долоо хоногт 1-2 удаа хэрэглэдэг болохоор хоёр сар орчим хэрэглэнэ. Ер нь манай бүтээгдэхүүнүүд харьцангуй удаан хэрэглэнэ. Манай хамгийн онцлох бүтээгдэхүүн болох гангатай цэвэрлэгч шингэнэ 25 мянган төгрөг. Гангатай цэвэрлэгчийг шингэлж хэрэглэх зориулалттай учраас хоёр литр орчим болдог, бараг л дөрвөн сарын хэрэглээ гэж болно.

Манай бүтээгдэхүүнүүд савлагаагүй зарагддаг. Байнгын хэрэглэгчид маань хямдралтай үнээр авдаг. Арьсны харшилтай хүмүүс ч хэрэглэж болдог. Тухайлбал “Манай нэг хэрэглэгчийн нөхөр нь чонын хөрвөстэй тул ямар ч бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй таардаггүй байж. Гэтэл манайхыг хэрэглэхээр л зүгээр байна” гээд авдаг. Хүмүүс өөрсдөө савтайгаа ирээд авбал 15-20 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой. Мөн өөрсдийн дуртай эфирийн тосоо нэмүүлж болно. Зарим хүмүүс лимоны үнэрт дуртай бол тэрийгээ. Зарим нь бактерийн эсрэг цайны модны тосыг, зарим нь зөвхөн арьсандаа хэрэглэе гэвэл жасмин цэцгийн үнэртэй шингээж авдаг.

-Ингэж нэмүүлэхэд мөнгө нэмж төлөх үү?

-Үндсэн үнэндээ багтдаг учраас нэмэлт үнэ орохгүй ээ. Бид аль болох хог хаягдалгүй байхыг хичээдэг. Түүнчлэн манай Монголын органик бүтээгдэхүүнүүд маш хямдхан. Тухайлбал, Бид Америкт очоод органик саванг гурван доллароор авах ямар ч боломж байхгүй. Гэтэл манайд энэ бол бүрэн боломжтой. Гадаадын иргэд органик бүтээгдэхүүний давуу талуудыг ойлгодог, орц найрлагыг мэддэг учраас манайхаар байнга ирж үйлчлүүлдэг.

Бид морьтой тос сайн гэдэг хирнээ Монгол биш Солонгос тосыг авдаг. Гэвч гадны шилдэг судлаач 100 хувь органик тосыг зөвхөн монголоос л авч болно бусад орныхтой зүйрлэшгүй хэмээн магтаж, манай бүтээгдэхүүнийг онцолсон байдаг.

-Бүтээгдэхүүний сав баглаа боодлоо ч гэсэн хаягдалгүй гаргахыг боддог гэсэн үг үү?

-Хаягдалгүй байлгахыг бодож бид бүтээгдэхүүнээ савлагаагүй зардаг. Мөн бүтээгдэхүүн бүрийн сав баглаа бүрд орц найрлагыг нь бичиж хэрэглэгчдэд мэдээлэл өгөхийг зорьдог. Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүнийг шилэн саванд хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Гэвч өндөр зарлагатай байдаг. Иймээс бид хуванцар саван дотроо хамгийн сайныг нь ашигладаг.  

-ДЭЛХИЙ ДАХИНАА МОНГОЛ АДУУНЫ ТОСЫГ САЙН ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН, БУСАД АДУУНЫ ТОСТОЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН 90 ХУВЬ НЬ УС АГУУЛСАН БАЙДАГ

-Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнүүд синтетик байдаг учраас органик бүтээгдэхүүн хийж байгаа хэмээсэн шүү дээ. Тэгвэл орц найрлагад орж буй бүтээгдэхүүнээ ихэвчлэн ямар түүхий эдээр хийж байна вэ?

-Монголд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд гадны бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй сайн. Бид монгол түүхий эдүүдээ голчилж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүхий эдийг хэрэглэн, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өртөг өндөр ч гэсэн бид түүхий эдүүдээ Франц, Испан, Герман зэрэг улсуудаас оруулж ирдэг. Жишээлбэл Францаас эфирийн тосоо оруулж ирдэг. Нэг тосыг 50кг ургамлаас хэдхэн миллограмыг гаргаж авдаг учраас маш өндөр үнэтэй байдаг. Бид ашгаа бодъё гэвэл үнэртүүлэгч ашиглаж болно. Гэвч бид органик гэх утгыг алдагдуулалгүй хүний сэтгэл санаа болон биед хор нөлөөгүй байдлыг голчилж байгаа.

-Үйлдвэрийн хувьд хэдэн ажилтантай вэ?

-Манайх нийт долоон ажилтантай буюу үйлдвэрлэл, маркетинг, оффис гэсэн газруудад ажиллаж байна.

-Танай экспортын бүтээгдэхүүний талаар?

-2018 оноос бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргаж эхэлсэн. Одоогоор Шанхай, Тайваньд албан ёсны хамтрагчидтай болоод бүтээгдэхүүнээ гаргаж байна.  Өнгөрсөн жил /2018 он/ 11 сард “Шанхай экспо”-д оролцсон. Хамгийн бахархууштай нь үзэсгэлэн эхлээд дөнгөж хоёр хонож байхад бүх бүтээгдэхүүн маань худалдаалагдаад дууссан. Түүнчлэн гадагшаа их хэмжээгээр гаргахад эрх зүйн орчин дутмаг учраас манай сайтаас онлайнаар захиалж бага хэмжээгээр аль ч улсаас захиалж авах боломжтой. 

-Өнгөрсөн тавдугаар сард “Мишээл экспо”-д болсон үзэсгэлэн дээр “Шилдэг экспортын багц бүтээгдэхүүн”-тэй хамт олон болсон энэ талаараа?

-Манайх адууны тосон багц бүтээгдэхүүн гаргасан уг бүтээгдэхүүн маань тус үзэсгэлэнгээс “Шилдэг экспортын багц бүтээгдэхүүн”-тэй хамт олон шагналыг авсан. Адууны тос маань арьсыг хамгаалах, чийгийг хадгалах бүрхүүл үүсгэж коллаген өгдөг. Манай нэрийн бүтээгдэхүүний хувьд адууны тостой нүүрний массаж, нүүрний саван, уруулын бальзам гээд багц маань манай онцлох бүтээгдэхүүн.  Адууны тос өөрөө их онцгой, арьсны гүнд хүртэл шингэдэг. Дэлхий дахинаа монгол адууны тосыг сайн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Шинжлэх ухаанаар яаж баталсан бэ гэвэл адууны тос нь тосны ханаагүй хүчлийг агуулдаг учраас арьсны гүн давхарга руу шингэж чаддаг. Одоо хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн 90 хувь нь ус агуулсан байдаг. Өртөг өндөр болно гэж үздэг учраас маш бага хувьтай адууны тос агуулдаг. Энэ нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартай.

Түүнчлэн жилийн ойн дээрээ /2018 онд/ Худалдаа аж үйлдвэрийн танхимээс  “ANTIFRENIUAN-2018”  гээд жилийн хамгийн том шалгаруулалтаас “Шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани”-аар шалгарсан. Цэвэр бүтээгдэхүүн гэж юуг хэлж байгаа вэ гэхлээр хог хаягдалгүй үйлдвэрлэлийг хэлдэг. Манай савангийн үйрмэгийг воок болгож ашиглаж болно. Нэг ч хаягдал үүсдэггүй. Хөрсөнд шингээд ямар ч бохирдол үлдээдэггүй гэсэн үг.

ГАНГАТАЙ ЦЭВЭРЛЭГЧ ШИНГЭН НЬ ХҮҮХДИЙН БИЕИЙН САВАН, ХИВС, АЯГА ТАВАГ УГААГЧ ГЭЭД БҮХНИЙГ ЦЭВЭРЛЭЖ БОЛНО

-Танай онцлох бүтээгдэхүүний тухайд?

-Гангатай цэвэрлэгч шингэн саван. Уг саван нь кастилийн саван бөгөөд монголдоо анхлан үйлдвэрлэсэн одоо ч цор ганц үйлдвэрлэгч. Энэ бүтээгдэхүүн маань европоос гаралтай. Оливийн тосон дээр суурилж хийдэг бүтээгдэхүүнээ монгол гангатай хослуулаад маш сайн антиоксидант бүтээгдэхүүн гаргасан. Энэ нь шингэн саван гэсэн үг. Бид хүүхдийн аягыг, тоглоомыг юугаар угаах вэ? Хүүхдийн хөөсөн цэвэрлэгч гээд өндөр үнэтэй юм авдаг. Гэтэл түүнд 300-400 төрлийн химийн хорт бодис байдаг ба бид гэртээ түүнийг хадгалж, түүгээр амьсгалж, өөрсдөдөө сөргөөр нөлөөлүүлж байдаг.

Бүтээгдэхүүнүүд натурал, органик, байгалийн гаралтай гээд олон төрөл байдаг. Натурал гэдэг маань химийн бодис ашиглана гэхдээ байгалийн аргаар гаргаж авсан байдаг. Харин органик бүтээгдэхүүн гэдэг нь цэвэр байгалийн гаралтай, химийн нэмэлтүүд ороогүй бүтээгдэхүүн юм. Тэгэхээр уг кастилийн саван нь органик бөгөөд химийн нэмэлт ороогүй хөөсрүүлэгч бодис, тогтворжуулагч бодис ороогүй цэвэр органик саван юм. Хамгийн том давуу тал нь нэг л бүтээгдэхүүнээр гэрийн бүх цэвэрлэгээг хийж болдог. Хүүхдийн биеийн саван, хивс, аяга таваг угаагч гээд бүхнийг цэвэрлэж болно.

-Шар тостой бүтээгдэхүүнүүд харагдсан. Ямар үйлчилгээтэй вэ?

-Манайх анх шар тос гаргадаггүй байсан манай нэг хэрэглэгч Япон руу яваад арьсандаа судалгаа шинжилгээ хийлгэхэд химийн бүтээгдэхүүний хордлогод орсон гэсэн оноштой гарсан байна. Элдвийн бүтээгдэхүүн битгий хэрэглэ гэж зөвлөсний дагуу манайхаас шар тос гаргаж өгөх хүсэлт тавиад бид гаргаж өгсөн. Тэрнээс хойш шар тос л нүүрэндээ түрхдэг өөр юм түрхдэггүй болсон. Монголынхоо бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй гэдгийг ойлгож, хэрэглэдэг болох хэрэгтэй. Өнөөдөр Америкт очсон хүн тансаг гэхээсээ илүү шар тосоо түрхээд явж байгаа хүн байгалийн тансгийг мэдрээд явж байна гэсэн үг. Үнэ цэнэ гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөхгүй гэж би боддог. Маш олон хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаад баяртай байна. Хамгийн их борлуулалттай нь бэлгийн багцын бүтээгдэхүүн март, шинэ жил, шинэхэн төрсөн эхчүүдэд бэлэглэдэг.

-Танай брэнд хэр ашигтай байна вэ?

-Үндэсний брэнд үйлдвэрлэл эхлүүлнэ гэдэг ажил ихтэй зардал ихтэй байдаг. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа ч манай бизнесийн орчин сайн хөгжөөгүй. Манайх бичил үйлдвэрлэл учраас ойрын 4-5 жилд ямар ч ашиг олдоггүй, хөрөнгө оруулалтаа нөхөж чаддаггүй хэдий ч нэг ч гэсэн хүнд органик байгалийн гаралтай бүтээгдэхүүний ашиг тусыг ойлгуулах, мэдрүүлэх, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ажиллаж байна. Бизнес болгож хийнэ гэдэг нь утгагүй.

-МОНГОЛЫН ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХАМТРАН НЭГДЭЛ БАЙГУУЛЖ, УИХ-Д ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСАН-

-Та бүхэнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал, төрөөс хүсэж байгаа зүйл юу байна вэ?

Хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчин. Европын холбооны улсын “Трам” төслөөс Монгол улсын органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд “Кластр” (нэгдэл) гэж танхим байгуулсан. Манай улсын бүх гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэгдээд кластр байгуулсан байгаа. Энд ажил хийгдээд бүх үйлдвэрлэгчдийн санал хүсэлт орсон хуулийн анхны төсөл гарсан байгаа. Үүнийг УИХ-аар орж батлуулах ажил байна. Энэ бол бидний хувьд нэн чухал зүйл.

Хууль дотор бүтээгдэхүүний сав баглаа боодол, аюулгүй байдал, үр дүн ямар байх ёстой зэргийг тусгаж өгсөн. Хамгийн чухал нь энэ хууль импортын бараа бүтээгдэхүүн дээр мөрдөгдөнө гэсэн үг. Манайд хуулийн орчин байхгүйн улмаас дуртай гоо сайхны бүтээгдэхүүнээ оруулж байна. Бүтээгдэхүүний орц найрлагад хортой бодис орсон байвал нэвтрүүлэхгүй, худалдаалахгүй байх арга хэмжээ авдаг болсноор хэрэглэгч найдвартай бүтээгдэхүүн хэрэглэж, ашиг хүртэх боломжтой болно. Үйлдвэрлэгчдэд ч гэсэн өндөр шаардлага тавигдахын зэрэгцээ бүгд нэг стандартад орж, өрсөлдөөний тэгш байдлыг бий болгох давуу талтай. Энэ хууль байж гэмээнээ экспортын асуудлуудаа нухацтайгаар ярих боломж үүснэ. Олон улсын стандартыг батлаагүй тохиолдолд гадагшаа гарахад хүндрэлтэй байгаа.

-Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Манай үйлдвэрлэгчдийн дунд нэгдэл маш чухал үүнийг төр сайн харж үзэж бидний хуулийг дэмжээсэй гэж хүсэж байна. Үүний дараагаар татварын систем асуудал байна. Жилийн орлого 50 саяд л хүрчихвэл ашигтай, ашиггүй нь хамаагүй НӨАТ тооцдог. Ашиггүй олон жил явж байгаа компаниуд байгаа. 50 сая гэдэг захын дэлгүүр ч хүрэхээр хэмжээ. Үүнийг үйлдвэрлэгч нараа дэмжээд тодорхой хэмжээнд өсгөж өгмөөр санагддаг. Иймэрхүү дэмжлэгийг төрөөс үзүүлбэл бидэнд бодит дэмжлэг болно шүү дээ. Бодлогын хэмжээнд дэмжих нь алс ирээдүйдээ хамгийн чухал үр дүнг авч ирнэ.

Фэйсбүүк хаяг: ENARUдарна уу

Холбогдох утас: 7000-0609

Хаяг: Хүнсний 50-р дэлгүүрийн замын эсрэг талд “ENARU” дэлгүүр

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close