Д.Цогтбаатар сайд Хойд Солонгос руу гар утсаар "ҮГ ДАЙЖ", дэлхийн анхаарлыг татав


Японы NHK мэдээллийн агентлаг өнгөрсөн ням гарагт Монгол улсын гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай холбоотой мэдээллийг дэлхий дахинд цацсан нь олон хүний анхаарлыг татав. Тэрбээр АНУ-д айлчлал хийж яваад дуусах өдрөө тус агентлагтай холбогдон, Хойд Солонгост“үг дайжээ”. Энэ явдал бямба гарагт болсон юм.
NHK Д.Цогтбаатарын гар утсаар дамжуулан хэлсэн үгсийг тасалж, хоёр хэсгийг нь мэдээний тайлбарлагчийн ярианы дундуур сонсгосон байна. Утгачилбал, тэр Монгол улсыг Хойд Солонгостой урд удаан хугацааны турш эв найртай түншлэлийн харилцаатай байж ирснийг онцолж, АНУ ба Япон улстай гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэйг нөхөрсөг сануулжээ.
Монгол Улсын зүгээс цаашид ч уг байр суурин дээрээ зогсч, зөвлөж, анхааруулсаар байх болно гэдгээ илэрхийлээд, мөн “шинэ тактикын зэвсэг” туршиж байгаа үйлдлийг нь “сөрөг” хэмээн шүүмжилсэн аж.
Монгол улсын хувьд БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоогоод өдгөө 71 жилийн нүүрийг үзэж байна. Түүхийн хуудсыг сөхвөл ЗХУ-ын дараа орох манай хоёр дахь гадаад харилцаа тогтоосон оронд тооцогддог. Дайны үед коммунист орны хувиар Хойд Солонгосын талд зогсч байсан өдөр хоногууд бидэнд бий. Харин сүүлийн арван жилд БНАСАУ буюу дэлхий дахинд Хойд Солонгос гэх нэрээр илүүтэй яригддаг энэ улс орон “сонирхолтой” тавцанд гарч ирсэн.

Ардчилсан тодотгол хүлээсэн ч явцуу коммунизмыг цогцлоосон гэгддэг шинэ удирдагч Ким Жон Уны тухай үнэн худал нь үл мэдэгдэх сенсаци гэнэт дэгдэх болж, тийшээ өнгийх хэвлэлийнхэн, хүний эрхийн байгууллагынхан эрс олширсон. Хойд Солонгос анхаарлын төвд даруй шилжих болсон шалтгаан коммунист дэглэмээс гадна, улс орнуудад дайн өдөөж магадгүй уур амьсгалыг бүрдүүлж, цөмийн зэвсгүүдийг удаа дараа туршиж эхэлсэн явдал нь билээ. Удалгүй хэн ч анзаардаггүй байсан жижигхэн оронд АНУ, ОХУ тэргүүтэй том улсууд анхаарал тавих болж, өнгөрөгч жилд Дональд Трамп болон Ким Жон Ун нар уулзаж дэлхийн түүхэнд бичигдэх жинтэй үйл явдал болсныг онцлууштай.
Харин энэ хооронд Монгол хаана байсан бэ? 71 жилийн турш хоёр орны элчин сайдууд хууль ёсны дагуу үүргээ намуухан гүйцэтгэж, гадаад харилцаа нь тогтуун үргэлжилж байсан гэж дүгнэхэд болохгүй гэх газаргүй байна. Харин өнгөрсөн жилээс нэгэнт л дэлхийн голлох сенсаци Ким Жон Ун буюу Хойд Солонгос болоод байгааг манайх овжин мэдэрч, "хөдөлж эхэлсэн" гэмээр харагддаг.
Ким, Трамп хоёрын уулзалт Улаанбаатарт болох гэнэ гэсэн дуулианыг угтаж манай улсын ерөнхийлөгч Х.Баттулга Ким Жон Уныг нутагтаа урьсан нь гадны хэвлэлүүдийг багагүй доргиосон. Харин нөхөрсөг зөвлөгөөгөө утсаар дайдаг Д.Цогтбаатар сайд 2018 оны 2-р сард Хойд Солонгос руу хоёр хоногийн айлчлал хийгээд ирсэн нь хоёр орны харилцаанд шинэ уур амьсгалыг оруулах нь тэр. Удалгүй тухайн жилийн 10-р сард Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо манайд айлчилсан билээ.
Улс орны гадаад бодлого хариуцаж явдаг хүний хувьд Д.Цогтбаатар ямартай ч Хойд Солонгосын хувьд далд итгэл үнэмшил тээж байна. Энэ нь NHK-д ил тод ярьсан шигээ шууд, нөхөрсөг утгатай байж болохоос гадна Япон улстай хийсэн хэлэлцээрийнх нь “тохиролцоо, үр дүн” ч байхыг үгүйсгэхгүй. 2018 оны 2-р сард Д.Цогтбаатар Япон улсын гадаад хэргийн сайд Таро Конотой уулзалт хийсний дараа NHK агентлаг дараах мэдээллийг цацаж байсныг та бүхэнд хүргэе, сонирхуулъя.
“Цөмийн пуужингийн туршилтаа хөгжүүлж байгаа БНАСАУ-ын эсрэг Монгол Улс яаралтай эдийн засгийн хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг Японы Гадаад хэргийн сайд Таро Коно хэллээ. Тэрбээр Монгол улсын Гадаад хэргийн сайд Дамдины Цогтбаатартай Токио хотод пүрэв гарагт уулзсан. Уг уулзалт дээр Гадаад хэргийн сайд Таро Коно олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл байж, Хойд Солонгостой холбоотой асуудал дээр хамтран чармайлт гаргах нь чухлыг хэлж байлаа”

М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.