ДЭЛХИЙ

ОХУ-д болсон дэлбэрэлтийн дараа цөмийн хяналтын станцууд ажиллагаагүй болсныг шалгаж байна

Наймдугаар сарын 8-ны өдөр Оросын цэргийн баазад гарсан дэлбэрэлтийн дараа тус улсад суурилуулсан цөмийн хяналтын дөрвөн станц үл мэдэгдэх шалтгаанаар ажиллахаа больсон тухай Цөмийн Зэвсгийн Туршилтыг Хориглох Гэрээний Байгууллага (CTBTO) мэдэгджээ.

CTBTO нь дэлхий даяар байрлуулсан 300 гаруй хяналтын станцын тусламжтайгаар цөмийн зэвсгийн туршилтыг бүртгэж байдаг, хараат бус байгууллага юм.

ОХУ, АНУ улсууд энэ байгууллагын гишүүн бөгөөд нутаг дэвсгэртээ хяналтын станцуудыг нь байрлуулсан байдаг.

Дэлбэрэлт болсноос хойш хоёр өдрийн турш ОХУ-д байрладаг Дубна, Киров нэртэй станцууд төвдөө мэдээлэл дамжуулахаа больсон байна. Журмын дагуу CTBTO байгууллага ОХУ-д байгаа операторуудтай холбогдож, ямар асуудал үүссэнийг шалгуулж байгаагаа мэдээлжээ.

Урьдчилсан байдлаар станцуудын харилцаа холбооны системд гэмтэл гарсныг тогтоосон байна. Станцуудын ажиллагаа одоо болтол сэргээгүй байгаа гэнэ.

Үүнээс гадна наймдугаар сарын 13-нд ОХУ дахь Билибино, Залесово нэртэй хоёр станц мөн ажиллагаагүй болжээ.

Эдгээр станцуудын гэмтлийн шалтгааны тогтоож, ажиллагааг нь сэргээхээр ОХУ-ын талтай ажиллаж байгаагаа CTBTO байгууллагын төлөөлөгч мэдээлсэн байна.

Тус байгууллагын станцууд нь агаар мандал дахь цацраг идэвхит бодисын хэмжээг хянаж байдаг бөгөөд цөмийн зэвсгийн туршилт болсон эсэхийг батлах гол төхөөрөмж ажээ.

Энэ сарын эхээр ОХУ-ын Архангельск мужийн туршилтын талбайд цөмийн хөдөлгүүртэй шинэ пуужинг турших үеэр осол гарсан гэж барууны мэргэжилтнүүд таамаглаж байгаа.

Цөмийн реакторыг хөдөлгүүр болгон ашигладаг энэ пуужин уламжлалт зэвсгээс илүү урт зам туулах чадвартай ажээ.

Цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан ослын талаар ОХУ-ын засгийн газар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа. Энэ ослын үеэр цацраг туяаны хэмжээ богино хугацаанд огцом нэмэгдсэн тухай туршилтын талбайн ойролцоох хотын удирдлагууд мэдээлсэн бол ОХУ-ын батлан хамгаалах яам хэвийн хэмжээнд байсан гэж мэдээлжээ.

Өчигдөр буюу Даваа гарагт Францын өмнөд бүсийн хотод тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Ямар ч цацраг идэвхит бодис агаарт тархаагүй, аюултай зүйл огт байхгүй. Бидэнд ноцтой өөрчлөлт ажиглагдаагүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэвийн зүйл” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button