ДЭЛХИЙ

АНУ Тайваньд сөнөөгч онгоц нийлүүлнэ

Тайваньд F-16 сөнөөгч онгоцууд болон дагалдах тоног төхөөрөмж нийлүүлэх шийдвэр гаргаснаа Америкийн засаг захиргаа мягмар гарагт Конгресстоо албан ёсоор мэдэгджээ.

“АНУ-ын Төрийн департаментын гадаадын орнуудад цэргийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд “F-16C/D Block 70” загварын 66 сөнөөгч онгоц болон 8 тэрбум ам.долларын өртөг бүхий сэлбэг хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг Тайваньд нийлүүлэх саналыг бид өнөөдөр Конгресст албан ёсоор хүргүүллээ” гэж тус улсын Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, энэхүү шийдвэр нь “Тайваньтай хийж буй харилцааны тухай АНУ-ын хуульд нийцнэ гэж” тус улсын Засгийн газар үзэж байгаа аж. “АНУ-БНХАУ-ын хамтарсан гурван мэдэгдэлд тулгуурлан баримталдаг манай “нэг Хятад” бодлого өөрчлөгдөөгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Шинэ гэрээ нь “Тайванийн хоолой болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжинэ” гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна.

АНУ-ын хууль тогтоогчдод одоо цэргийн шинэ гэрээг хэлэлцэхэд, магадгүй хориг тавихад 30 хоног үлдэж байна. Гэвч Ази, Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын холбоотон болох Тайваньтай байгуулсан энэхүү гэрээг Конгресс батлах магадлалтай байна.

Хэрэв гэрээг хэрэгжүүлсэн тохиолдолд ашиг сонирхлоо хамгаалах үүднээс хариу арга хэмжээ авна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан анхааруулжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button