ДЭЛХИЙ

Эверест уулны хог хаягдал тонн тонноор хэмжигдэх болжээ

Орон орны жуулчдын оргилд нь гарах дуртай Эверестийн уул хог хаягдал дундаа живэх болсон тухай Төвдийн байгаль хамгаалагчид удаа дараа мэдээлэх болсон. Тансаг хэрэглээт аялагчид уулын бэлд хоол хүнсний хуванцар хаягдлаас эхлээд тулдаг таяг, майхан саваа хүртэл тэр чигт нь орхиод бууж ирэх нь элбэг аж. Тийм ч учир “дэлхийн хамгийн өндөрт оршдог хогийн цэг”нэр зүүж гадны хэвлэлүүдээр цоллуулаад хэд гурван жилийн нүүрийг үзэж буй.

Францын AFP агентлагийн мэдээлж буйгаар Эверестийн уулыг цэвэрлэх системт ажил зохион байгуулагдаад өдгөө хоёр дахь долоо хоног дээрээ явж байгаа аж. Ингээд одоогийн байдлаар гурван тонн хог хаягдал түүж зайлуулаад байгаа юм байна. Энэ бол хоёр спорт машин юмуу нэг аварга том усны үхэртэй дүйцэхүйц жин гэдгийг CNN онцолжээ.

Эверестийн их цэвэрлэгээнд сайн дурынхан дайчлагджээ. Тэдний гаргасан тооцоогоор 45 хоногт 10 тонн хаягдал түүж цуглуулах боломжтой гэнэ. Мөнөөх гурван тонн хог хаягдлыг хуванцар хоол хүнсний савнууд, уулын аяллын хэрэгслүүд гэх мэтчилэн зүйлс бүрдүүлсэн гэх бөгөөд нисдэг тэрэг ашиглаж Эверестээс зайлуулсан байна. Уулнаас мөн дөрвөн хүний цогцос олдсон тухай албан ёсны эх сурвалж мэдээлэв.

-Хуванцар хог хаягдлаас ч илүү хэмжээгээр ууланд шигсэн хүний ялгадас-

“Бид одоогоор Эверестийн бэл хэсгийг амжилттай цэвэрлээд явж байна. Хоол, ус, майхан сав гээд уулчдад хэрэгтэй бүхэн энэ хавиар хөглөрч байсан” гэж Непалын аялал жуулчлалын албаны захирагч Данду Раж Гимире The Himalayan Times сэтгүүлд ярилцлага өгчээ.

Непалын засгийн газрын хувьд Эверест уулны хог хаягдлын талаарх асуудал сүүлийн жилүүдэд шүдний өвчин болсон. Жил ирэх тусам нэмэгдэж буй жуулчид ууланд авирахдаа үүргэвч дүүрэн ачаатай гардаг бөгөөд буцаад буухдаа ганзага хоосроод ирдэг аж. 2011 оноос хойш хэд хэдэн удаа цэвэрлэгээний ажил зохион байгуулж байсан ч энэ удаагийнх шиг тайлан тооцоотой, мэдэгдэхүйц үр дүнтэй болсон нь ховор гэдгийг гадны хэвлэлүүд онцолж байна. Тэд гагцхүү зайлшгүй тулгамдсан асуудлуудыг л богино хугацаанд шийдэхийг урьтал болгож байжээ. Тухайлбал хуванцар хог хаягдлаас ч илүү хэмжээгээр ууланд шигсэн хүний ялгадас.

Эверест дэх хүний ялгадсуудын нийт жин дангаараа хэдэн тонн хол гарах тухай олон жилийн өмнө Thinkinghumanity сайт мэдээлж байсан. Хамгийн гол нь өвлийн цагт мөстөж хөлдсөн байсан ялгадсууд урин дулаан цаг ирэхээр эргэн гэсч, нутгийн оршин суугчдын амьсгалах агаар, уух ундны усыг бохирдуулдаг аж. Ийм учраас Непалын засгийн газар уулны хог хаягдлуудтай тэмцэхийн оронд хүний ялгадсуудыг жил бүр түүж, цэвэрлэдэг байсан ажээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button