“Ялалтын баяр”-ын эргэн тойронд

Нацист Германчуудыг ялсан агуу “Ялалтын баяр”-ын 74 дэх жилийн ойн өдрийн бэлтгэл ажил ОХУ-ын Москва хотноо эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.

Тавдугаар сарын 9-ны өдөр болох “Ялалтын баяр”-т зориулж арван минутын турш 10 мянган салют буудуулахаар төлөвлөж 72 ширхэг салютын бууг Улаан талбайд байршуулжээ.Албаныхны хэлж буйгаар салютыг хэсэгчилсэн байдлаар нийт 30 удаа, 50 өөр төрлийн салют буудуулах аж.

Түүнчлэн жагсаалын баярын хамгийн сүрлэг хэсэг бол жагсаалын цуваа байдаг билээ. Энэ жилийн “Ялалтын баяр”-ын жагсаалд 13 мянган цэрэг, 130 гаруй зэвсэг техник Улаан талбай дээгүүр явж өнгөрөх бөгөөд агаарт 74 нисэх онгоц хөөргөхөөр төлөвлөсөн байна. Уламжлал ёсоор ялалтын бэлгэ тэмдэг болсон Зөвлөлтийн домогт Т-34 загварын танк машин техникийн жагсаалыг ахлаж явах юм. Үүний араас гурван өөр төрлөөр зэвсэглэж, тоноглосон байлдааны Тигр-М хуягт машин, цэргүүд тээвэрлэгч БТР-82А хуягт машин, Курганет, БМП-3 байлдааны машин болон Армата танк Улаан талбай дээгүүр явах юм.

Харин агаарын нисэх хүчний техникүүд болох Тор-М2, Бук-М2 буюу газар болон агаарыг эсэргүүцэгч, Панцирь-С агаарыг эсэргүүцэгч пуужин, С-400 пуужин хөөргөгч машинууд улаан талбайгаар явж өнгөрнө. Мөн шинэчилсэн Т-72В3 танкууд, БМД-4М байлдааны хуягт машин, БТР-МДМ тээвэрлэгч хуягт машин мөн Мста-С өөрөө явагч их буу, Искандер өөрөө явагч алсын зайн пуужин, олон пуужин харвагч Смерч, хуягт тээвэрлэгч Бумеранг болон хөдөлгөөнт алсын зайн пуужин Яарс явна.ОХУ-н цэргийн цагдаагийн газрын Тайфун-У, Тайфун-К хуягт машинууд оролцох бол үндэсний харуулын Тигр, Патрул болон Урал оролцоно. Дараа нь Улаан талбайгаар агаарын нисэх хүчин явах бөгөөд хамгийн эхэнд Ми-26, Ми-8, Ми-28Н, Ка-52 болон Ми-24 гэсэн нисдэг тэрэг явж өнгөрөх юм. Сүүлд нь ОХУ-ын агаарын нисэх хүчний бүх салбараас ирсэн онгоцууд 12 хэсэгт хуваагдаж Улаан талбай дээгүүр нисэхээр төлөвлөжээ.








Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.