Нийгмийн

Дахиад нэр андуурчихгүй бол алга ташъя, Ерөнхийлөгч өө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өдгөө Их Британид явна. Тэнд улс орнуудын удирдагчид дэлхийн уур амьсгалын асуудлаар чуулж буй. Өмнө нь тэр АНУ-д НҮБ-ын хуралд оролцоод ирэхдээ Кофи Аннантай уулзсан гэж ярьснаар мянганы онигоондоо ороогдсон. Харин одоо эргэж ирээд, дахиад хэн нэгний нэрийг андуураад хэлчихгүй л бол алга таших, толгой дохих агуулгууд байж болох л юм.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс хойш манай улсын гадаад нүүр царай ихээхэн бүдгэрсэн гэж харагддаг. Тэр АСЕМ-ын уулзалт зохион байгуулж, орон орны удирдагчидтай хоёр үг сольж явсаар ямартай ч дэлхийд улсаа төлөөлж чадаж байсан гэлтэй. Х.Баттулгын хувьд БНХАУ руу айлчилсан нь асар зөв алхам болж, АНУ-д очоод Дональд Трампын гарыг “хөлбөрөлтгүй” атгасан нь мөн өндөр оноо авсан. Хойд хөрштэйгөө ч тэр дажгүй харилцаа үүсгэж байв.

Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсны дараа нэг сэрхийтэл харахад төрийн гурван өндөрлөг нь дэлхийн тавцанд улсаа төлөөлөх тал дээр дэндүү жулдчихсан байв. Тэдэнд Ц.Элбэгдорж шиг “Мар мар” гэх хазгай мурий англи хэл, Х.Баттулга шиг нэг тийм зангарараг алга л даа.

Ерөнхийдөө 2021 он хоёр хөршдөө боогдсон, дэндүү хэцүү цаг үе болж өнгөрч байна. Хойд хөршөөс шатахуунаар, урд хөршөөс хилийн боомтуудаар боож, бид эрхгүй сандарч, тэвдэж явна. Шийдсэн, гарц гаргалгаанд хүрсэн юм төдийлөн алга. Бүдүүн бааргаар хэлэхэд хойш, урагш хоёр тийшээ харж гайхсаар л сууна.

Энэ үед дорвитой хэлэлцээ хийчихэж чадахгүй байгаа нь төрийн гурван өндөрлөгийн л потенциал, гадаад ертөнцөд тоогдох нэр нүүрийн асуудал. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ядаж дэлхийн хэмжээнд эрхгүй тулгараад буй чухал асуудлуудын нэг болох уур амьсгалын өөрчлөлтийг ярьж яваа нь энэ харанхуй үед ихээхэн амжилт.

Хөгжингүй орнууд л өдгөө уур амьсгалын өөрчлөлт ярьдаг. Тэр дунд манай улс нэгдэж, тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлснээ сурталчилж яваа нь ёстой л бага ч гэсэн эерэг агуулга юм. Үнэхээр дахиад нэр андуурч, зөрүүлээд хэлчихгүй л бол У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгч болсноосоо хойш хийсэн эхний зөв алхам энэ боллоо гэлтэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button