Нийгмийн

ХААН Банк олон улсын “Constantinus” шагналын алтан медаль хүртлээ

Менежментийн зөвлөх үйлчилгээ, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлсэн дэлхийн шилдэг төслүүдэд олгодог олон улсын  “Constantinus” шагналд Монгол Улсын баг алтан медаль хүртлээ. Олон улсын менежментийн зөвлөхүүдийн институтийн зөвлөлөөс (ICMCI) жил бүр шалгаруулдаг энэхүү шагнал нь мэдлэгт суурилсан үйлчилгээний “чанарын тэмдэг” болсон бөгөөд энэ жилийн хувьд Монгол Улсаас оролцсон баг алтан медаль хүртэж, 2021 оны хамгийн өндөр амжилт гаргасан улсаар тодорсон байна. Удаах буюу мөнгөн медалийг Ирланд, Канадын төслүүд хүртжээ.

Монголын менежментийн зөвлөхүүдийн институт болон ХААН Банкны Жижиг, дунд бизнесийг дэмжих төвөөс хамтран хэрэгжүүлсэн “Стратеги төлөвлөлтийн чадавхийг бий болгох нь: Шилдгийг “Сайн интернэшнл”-д” төслийн дүнд  тус компанийн ерөнхий гүйцэтгэл сайжирсан төдийгүй байгууллагын хэмжээнд менежментийн шинэ хэв маягийг төлөвшүүлж, зах зээлийн боломжийг бүрэн ашиглаж, өрсөлдөөнийг ялах чадвартай алсын хараат, ирээдүйд чиглэсэн компанийг бий болгосон хэмээн шагналын олон улсын шүүгчдийн хороо онцолжээ.

Төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон ХААН Банкны ЖДБГ-ын харьяа Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн менежер М.Билгүүн “Нийгэмд баялаг, үнэ цэнийг бүтээж буй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зөвхөн бага хүүтэй бизнесийн зээл олгох нь хангалтгүй. Бизнесээ мэргэжлийн түвшинд зөв удирдах, стратегиэ оновчтой тодорхойлох, санхүүгийн сахилга баттай байх зэрэг суурь чадваруудад бизнес эрхлэгч, менежерүүд суралцаж, ур чадвараа нэмэгдүүлэх нь чухал гэдгийг ХААН Банк олж харсан. Тиймээс ч бид сүүлийн 15 жилийн хугацаанд жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдынхаа бизнесийг дараачийн түвшинд гаргах, чадавхжуулах чиглэлээр шат дараатай ажлуудыг санаачлан, экосистемээр нь, бүрэн зургаар тууштай дэмжиж ирлээ. Тэр дундаа сүүлийн 4 жилийн хугацаанд энэ чиглэлд онцгой ач холбогдол өгч, ахисан түвшинд дэмжиж,  нийт ЖДБ эрхлэгчдийн 50 орчим хувьд хүрч ажиллаж байна. Банкны зүгээс өртгийн сүлжээ, нутгийн брэнд болон экспортлогчдыг дэмжих чиглэлээр бусад арилжааны банкуудаас түрүүлж харж, түрүүлж сэтгэж ажилласан.

“Constantinus” шагналын алтан медалийг хүртсэн “Стратеги төлөвлөлтийн чадавхийг бий болгох нь: Шилдгийг “Сайн интернэшнл”-д” төслийн тухайд ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төв менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн 30 экспертүүдтэй хамтарч, шинэ арга барил, консептоор ажиллалаа. Энэ төслийн хүрээнд “Сайн интернэшнл” ХХК мэргэжлийн зөвлөхүүдийн санал болгосон зөвлөмжүүдийг тасралтгүй хэрэгжүүлсэн нь үр өгөөжөө өгсөн. Үүний зэрэгцээ байгууллагын алсын хараа нь тасралтгүй хөгжих, суралцах, чадавхжих чиглэлээр хөрөнгө оруулалт хийх гэдгийг ойлгон, удирдлагын түвшинд зөвлөх үйлчилгээний үнэ цэн, мөн чанарыг сайтар ойлгосон явдал юм” гэж онцоллоо.

Ташрамд, улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг ХААН Банк бодлогоор дэмжин ажиллаж, зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулах, сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг билээ. Энэхүү зүтгэлийг үнэлэн, саяхан олон улсын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Global Finance” сэтгүүлээс ХААН Банкийг “ЖДБ-ийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”-аар нэрлэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button