Нийгмийн

Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Жамъяандагва тэнгэрт хальжээ

Эмгэнэл

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Монголын балетын урлагийг үндэслэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, багш Балжиннямын Жамъяндагва 2021 оны 11-р сарын 11-ний өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Балжиннямын Жамъяндагва 1932 оны намар Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт төржээ. Тэрээр 1946-1954 оны офицерын сургууль, 1957-1962 онд ЗХУ (ОХУ)-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр Урлагийн Дээд сургуулийг найруулагч, балетмейстер мэргэжлээр суралцан төгссөн юм. Тэрбээр офицерын сургуульд сурч байхдаа сургуулийнхаа дэргэдэх бүжгийн дугуйланд суралцаж төрөлхийн авъяасаа нээж улмаар Ардын Цэргийн Дуу Бүжгийн чуулгад дагалдан бүжигчнээр орж ажиллан ур чадвараа хөгжүүлж, бүжиглэхийн зэрэгцээ бүжиг дэглэх хүнд хөдөлмөрийнхөө эхлэлийг тавьж хамт олныхоо дунд хүндлэгдэх болжээ.

Түүний амьдралын ихэнх хугацаа Монголын балетын урлагтай салшгүй холбоотой байсан бөгөөд 1962 онд сургууль төгсөж ирснээсээ хойш хагас зуу гаруй жил Улсын Дуурь Бүжгийн таетарын уран бүтээлтэй холбоотой байж олон арван тооны сонгодог болон үндэсний, орчин үеийн балетын жүжгүүдийг тавьсан юм.

“Шехеразада”, “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Эсмеральда”, “Дон Кихот”, “Ай Ёо Доктор”, “Спартак”, “Хунт нуур” зэрэг дэлхийн сонгодог балетын жүжгүүд, “Шарилжан дундах цэцэг”, “Хошуу наадам”, “Мөнхийн нөхөрлөл”, “Нуурын домог”, “Найз залуус”, “Анчин ба согоо”, “Хөгжмийн эгшиг”, “Уран хас”, “Мөнгөн залаа”, “Эрдэнэсийн уулс”, “Үйлийн гурван толгой”, “Малчдын дуулал”, “Бөртэ чоно”, “Энхийн тойрог” зэрэг үндэсний болон орчин үеийн балетын жүжгүүдийг тавьсан нь Монголын сонгодог урлагийн, балетын урлагийн урын санд мөнхөд орших хосгүй бүтээлүүд болон хадгалагдаж мөн бүтээн туурвигдсаар байгаа билээ.

Тэр бол балетмейстер уран бүтээлч төдийгүй чадварлаг зохион байгуулагч, найруулагч хүн. 1970-1990-д онд зохион байгуулагдаж байсан төр засгийн болон ой, олон улсын олон тооны арга хэмжээнд зориулсан концертуудыг найруулан зохион байгуулж байв. 1981 онд Москва хотноо зохион байгуулагдсан Олон Улсын балетын уралдаанд орчин үеийн бүжгийн дэглэлтээр тэргүүн байрыг түүнд олгосон нь Б.Жамъяндагваын авъяас чадварыг зөвхөн Монголд төдийгүй гадаад улс орнуудад хүндэтгэн хүлээн зөвшөөрч байсны нэг тод жишээ болно.

Монголын балетын урлагийн нэрт зүтгэлтэн, балетмейстер, найруулагч Б.Жамъяндагвын уран бүтээл, хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас өндөр үнэлж 1973 онд Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, 1976 онд “Алтан гадас” одон, 1991 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2003 онд “Монгол Улсын Ардын Жүжигчин” цол, 2008 онд Монгол улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор тус тус шагнажээ.

Тэрээр Монголын сонгодог балетын урлагийг үндэслэгч бөгөөд орчин цагийн үндэсний хэмээн тодотголтой бие даасан урлагийг би болгосон суу билэгт уран бүтээлч байсан юм.

Талийгаачийн гэгээн дүр, мөнхөлсөн бүтээл, эх орноо гэсэн халуун сэтгэл, хүнлэг энэрэнгүй, ажилч, хөдөлмөрч, төлөв даруу зан чанар нь Монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

ДБЭТ-ийн захиргаа, нийт хамт олон

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button